Нийгмийн сэтгэлзүй гэмтээд удаж байна…
Тэд хөгжил гэдгийг өндөр байшин, зам талбай бетон овоолох мэт ярьдаг. Гэвч хөгжил нь тухайн улсын хүн ам хэр их аз жаргалтай аж төрж байна вэ? Наад зах нь өдөр тутмын амьдралдаа амар тайван стрессгүй байж чадаж байна уу? Амьжиргаанаасаа давсан өөр лүүгээ чиглэсэн хөгжүүлэлт хөрөнгө оруулалт хийж чадаж байна уу? гэдгээс хамаардаг боловч иргэн бүр хүрэлцэхүйц орлоготой, бизнесийн орчин таатай бус, иргэн бүрийн амьжиргаа сайнгүй хэвээр л байна.
Улстөрчид өөрсдийн ярьж буй зүйлээ туйлын зөв, өөрсдийгөө туйлын мундаг гэж өргөмжлөхөөс цаашгүй хүмүүс байдаг нь нууцгүй. Энэ нь өөрийгөө шүтэн бишрэх агуу их дэмийрлийнх нь эхний хам шинж мөнөөс мөн юм.
Манай улстөрчдийн энэхүү эмгэг асуудал нь хөрөнгө чинээнээс нь хамаараад их, дунд, бага гэсэн хэв шинжээр цааш өрнөнө. Эрүүл сэтгэцтэй хүн хэт их олон хүн өөрийг нь магтахад гайхаж, ичиж эхэлдэг бол эрүүл бус болоод ирэхээрээ бүр илүү ихээр магтуулж за басхүү мөнгө зарж өөрсдийнхөө эмгэгийг хооллож эхэлдэг. Дотор муухайрч арзайтал өөрсдийгөө магтана шүү дээ. За ийм эмгэг хүндрээд эхлэхээрээ хажуудаа суулгаж магтуулна.
Ер нь бол тухайн хүн үнэхээр бодит байдал дээр үнэлэгдэхгүй байгаад учир бий.
Сэтгэцдээ авсан шарх, эсвэл хий хоосон өргөмжлөл хэрэгтэй байх, бага ахуйдаа тохиолдсон биелэгдээгүй хэрэгцээнээс болсон гэж хэлж ч болох юм. Мөн бие хүний эмгэгүүд удамшлын байх тал бий.
Бага насанд нь хүүхдийг хэт тоохгүй байх, бодит шаардлага тавьж үнэлж харьцахгүй байгаагаас ч болно. Энэ төрлийн эмгэг олдмол байх үндэс бага байдаг. Мөн энэ төрлийн сэтгэлзүйн эмгэг асуудлаа мэргэжлийн хүнд хандаж эмчлүүлэх хэрэгтэй.
Манай хэвлэл мэдээллийн зарим сайт энэ төрлийн эмгэгтэй хүмүүсийг өөгшүүлж бүр илүү хэмжээнд сурталчилж өргөмжлөх тал бий. Энэ нь тухайн хүмүүст таатай санагдах боловч эмгэг асуудал нь хүндэрсээр л байдаг.
Орчноо мэдрэх ямар ч боломжгүй учраас улстөрчид амьдралаас хол шийдэл гаргахын сацуу, хийж байгаа үйлдэл, үг яриагаараа ч олны дургүйцлийг хүргэж чаддаг. Тэд үүнийгээ мэддэггүй.