Зураг
Зураг
Индэр    
2021 оны 11 сарын 16
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Шинэ хоршоо хөдөлгөөн

Зураг

Манайхаас цөөн хонь, цөөхөн үхэртэй, тав дахин жижиг газар нутагтай Шинэ Зеланд улс 2020 онд 9.2 тэрбум долларын (USD) махыг (400,000 тонн хонины, 471.718 тонн үхрийн) 111 оронд экспортолжээ. Ковидын үеэр байгалийн, сайн чанартай малын махны хэрэгцээ нэмэгдсэн учир махны экспорт нь өмнөх жилээс 7 хувиар өсөж, түүхэн дээд амжилт тогтоожээ.

Тэгвэл Монгол Улсын нийт экспорт 2020 онд 7.7 тэрбум доллар болсны 80 хувь нь нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн түүхий эд байна. Манай экспортын зөвхөн 92.6 сая долларыг 38.8 мянган тонн махаа худалдаж олжээ.  

Шинэ Зеланд 1 кг махаа дунджаар 10.5 доллароор, Монгол 2.4 доллароор зарсан байна. 
 

Монголын мах нь ийм хямд, мал аж ахуйн салбарын бүтээмж ийм дорой буйн шалтгаан нь малаа маллах, эрүүл байлгах, тэжээх, бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх явц тус бүрийн өгөөжтэй холбоотой. Ийм том газар нутгаар тархсан, ганц малчин төвтэй мал аж ахуйн үйлдвэрлэлийн эргэлт өсөх чадамжгүй гэдгийг 30-аад жилийн дараа бид харж байна.

Ганц нэгээрээ биш, зөвхөн хоршиж л аж ахуй өсөж хөгжих цар, чадамж бүрдэнэ гэдэг зарчмыг өдийг хүртэл бид ажил хэрэг болгож чадсангүй. Малчдыг хоршин ажиллуулах гэж төр засаг түмэн удаа оролдсон ч үр дүн нь үнэхээр чамлалттай. Учир юунд байгаа, түүнийг яаж шийдвэл зохистой вэ?

Хоршиж чадаагүй хоршоод

Монголд анхны хоршоо 100 жилийн өмнө, 1921 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Богд хааны зарлигаар “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэй байгуулагджээ. Хөрөнгө, хөдөлмөр, хүслээрээ нэгдсэн энэ хөдөлгөөн олон хүнийг ажилтай болгож, нийгмийн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд тухайн үедээ ихээхэн хувь нэмэр оруулжээ.

1958 оны гуравдугаар сард МАХН-ын 13 дугаар их хурал хуралдаж, нэгдэлжих хөдөлгөөнийг өрнүүлэв. 1959 онд иргэдийн амины малыг хураан авч нийгэмчлэн, дундын өмч болгон бүртгэж, 389 нэгдэл байгуулагдан малыг жигд хуваарилан хариуцуулав. “Нийгмийн өмчийг бий болгож, малчин ардууд нэг нь нөгөөгөө мөлжих явдлыг устгасан” гэж тухайн үеийн эрх баригчид онцолж байжээ.

1990 оны ардчилсан хувьсгалын дараа нэгдлийн бүх малыг малчдад нь хувьчлав. 30 жилийн дараа малын тоо 2.5 дахин өсөж, 66 саяд хүрэв. Үүний дотор хонин сүрэг 2, ямаа 5.3 дахин өсчээ.

2020 онд Монгол Улсад 4468 хоршоо бүртгэлтэй, нийт 234,633 гишүүнтэй, хувь нийлүүлсэн 49.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, тэдний 3670 нь орон нутагт, 798 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гэжээ (ҮСХ-ны мэдээ). Тэдний гуравны нэг нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, 30 хувь нь хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ажилладаг гэх. Гэхдээ дийлэнх хоршоод нь үйл ажиллагаа явуулдаггүй, цаасан дээр л бүртгэлтэй аж.

Монголчууд, малчид хоршиж чадсангүй. Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн бүтээмж бага, эдийн засгийн эргэлтэд сулхан оролцоотой, малчны хөдөлмөрийн үр шим бага, залуус нь хот суурин газар бараадсаар, хөдөөд хөгшчүүл нь үлдсээр байна. Монголчуудын хамгийн гол хүнс болох махны хувьд л гэхэд 90 хувь нь үйлдвэрийн бус аргаар, эрүүл ахуйн эргэлзээтэй замаар, олон гар дамжин иргэдэд хүрч байна.

Шинэ хоршоо, шинэ хөдөө

Малчид бодитоор хорших, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэх боломж түүхэндээ анх удаа, 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс нээгдлээ. Энэ өдөр УИХ-аар батлагдсан “Хоршооны тухай хуулиар” хоршоод бусдаас хөрөнгө оруулалт татах, өмч хөрөнгө эзэмших, захиран зарцуулах, зээл авах, ашиг хуваарилах зэрэг харилцааг зохицуулав. Хоршоо хуулиар хориглоогүй бүх үйл ажиллагааг эрхэлж болно.

Өмнө нь хөрөнгийг гишүүдийнхээ нэр дээр хуваан бичилт хийж ирсэн тул хоршоонд өөрт нь хөрөнгөгүй байв. Тэгвэл шинэ хуулиар хоршооны хөрөнгө нь тодорхой болж, хөрөнгөө барьцаалан зээл авах юм. Мөн болзошгүй эрсдэлээс хамгаалах санг байгуулдаг болно.

Хуулийн дагуу авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолоор (40 дүгээр) Сум хөгжүүлэх санг Хоршооны хөгжлийг дэмжих сан болгох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд жил бүр санхүүжилт олгох, хоршооны шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулах, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгож, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, дэлгэрүүлэх, загвар хоршоодыг байгуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх ажлыг Засгийн газарт даалгажээ.

Хоршоо нь мөн гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд зуучлан борлуулсан орлогоосоо НӨАТ төлөхгүй болов. Тэгснээр хоршоод түүхий эд, бараагаа зууч дамжлагагүй биржээр арилжаалж гадаад, дотоодын хэрэглэгчдэд нийлүүлэх нөхцөл бүрдэх юм.

Хоршсоноор малын гаралтай түүхий эдийг төвлөрүүлж, анхан шатны тордолт хийх, тээвэрлэх, борлуулах, мал нядлах, хадгалах, сүү цуглуулах, боловсруулах, биржээр борлуулах, гишүүдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ илүү өгөөжтэй нийлүүлэх боломж бүрдэнэ. Малчид тариаланчид арьс, шир, ноос, ноолуур, сүү гэх мэт түүхий эдийн урамшууллаа хоршоогоороо дамжуулан авна.

Хоршооны дундын сан байгуулж, гишүүдэд бага хүүтэй хэрэгцээний зээл олгох, өвс тэжээл бэлтгэх, худалдан авах, мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах боломж бүрдэнэ.

Газар тариалан эрхлэгчдийн хувьд үр бордоо худалдан авах, техникийн үйлчилгээ үзүүлэх, гишүүдийн төмс, хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтыг зохион байгуулах үйл ажиллагааны өгөөж эрс өснө.

Хоршоод гишүүдийн эдийн засаг, нийгмийн хэрэгцээг хангах, цайны газар, зочид буудал, ахуйн үйлчилгээг хангах, оёдол, эсгий эдлэл, талх нарийн боов зэрэг жижиг цехийн үйлчилгээ эрхлэх, зөгий, гахай зэрэг туслах аж ахуй, хүнсний ногоо боловсруулахад хүчтэй хувь нэмэр болно.

Малчид тариаланчид хамтран хоршоо байгуулах, хоршоонд гишүүнээр элссэнээр дээрх үйл ажиллагааг эрхэлж, үйлчилгээ үзүүлэх боломжтойгоос гадна одоо үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодын нийгмийн үнэлэмж дээшилж, хоршоодыг дэмжигч байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, хоршоодын залгамж халаа бэлтгэгдэх, ажилгүйдэл буурч, малчид тариаланчид сум, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах юм.

Нэг баг - нэг хоршоо

Дээрх үйл ажиллагааг хоршоод их багаар эрхэлж ирсэн ч, гол сууриа олж чадаагүй. Тэр суурь нь бол газар, бэлчээр юм. Бэлчээр нутгаа хоршин ашиглаж л өндөр өгөөжтэй мал аж ахуй бий болно. Тэгж ажиллах боломжтой, хамгийн жижиг нэгж бол баг. Баг бүр өөрийн газар нутагтай. Сум бүр тав зургаан багтай. Одоо багаараа хорших, хоршоо бүр эрэгтэй, эмэгтэй ахлагчтай болох хэрэгтэй. Эмэгтэй ахлагч нь бүх эмэгтэйчүүдээ төлөөлж багийн ажилд оролцох тул нийгмийн хөгжилд ихээхэн ач тус болдгийг Солонгосын “шинэ тосгон хөдөлгөөн (Самауел Ундон)” харуулж чадсан. 

Хүсэл зориг, хүч хөдөлмөр, өмч хөрөнгөөрөө хоршсон баг л хамгийн өгөөжтэй ажиллаж чадна. Багаараа хэлэлцэж бэлчээрээ яаж зөв ашиглах, аль хэсгийг нь амраах, хаана хадлангаа авах, малын хөлийн татвараа яаж зарцуулахыг зөвхөн хоршоо л шийдэх болно. Тухайн жил хаана худаг гаргах, хэний өвөлжөөнд шинэчлэлт хийх зэргээ төлөвлөж, дундын сангаасаа санхүүжүүлэх юм.

Багаараа нэгдсэн хоршоо нь орлого ашгаа нэмэгдүүлэн, орон нутгаа өөрчлөн хөгжүүлнэ. Сумын засаг захиргаа нь хоршоодоо (багуудаа) өрсөлдүүлэн дүгнэж, хоршоо хөгжүүлэх сангаасаа шаардлагатай биет зүйлээр нь урамшуулж болох юм.

НҮБ-ын санаачилгаар “Олон улсын хоршооллын өдөр”-ийг жил бүр тэмдэглэдэг бөгөөд 2021 оны уриа нь “Хамтдаа илүү сайныг дахин бүтээе” ажээ. Монголын малчид хоршин илүү сайныг бүтээх цаг ирлээ.

2021.11.15