Индэр    
2021 оны 10 сарын 19
Зураг
Хуульч, сэтгүүлч

Нийгмийн сүлжээг НЭЭРЭЭ ЯАЛТАЙ?!

Зураг

Цахим орчны эрх зүйн зохицуулалт, зарим улсын сайн туршлагыг судалж, Монгол Улсын тухайд хэрхэн зохицуулалт хийх хэрэгтэй талаар энэхүү нийтлэлээрээ дамжуулан хөндөх болно.

Цахим орчин буюу нийгмийн сүлжээ, нийгмийн хэвлэл мэдээллийг зохицуулах гэсэн оролдлого дэлхий дахинд сүүлийн 15 жилд маш хурцаар тавигдаж байна. Энэ нь нийгмийн сүлжээнд алхам тутамд шинээр гарч ирж буй платформуудтай холбоотой бөгөөд шинэлэг зохицуулалтыг өдрөөс өдөрт шаардсаар буй аж.

Нийгмийн сүлжээ нь бид бүхний амьдралд олон дэвшлийг авчирдаг сайн талтай ч тэр хэрээр бидний шийдвэр гаргалт, сонголтод нөлөөлж байдаг сөрөг муу тал ч бий. Арга ядаад нийгмийн сүлжээн дэх facebooк, instagram, youtube гэх зэрэг том тоглогчид ч өөрийн дотоод зохицуулалтын хүрээнд ч шийдэж чадахгүй олон асуудал байгааг хүлээн зөвшөөрч эхэлж байна.

Цахим орон зайд хувь хүний нууцтай байх эрх шууд холбоотой уламжлалт ойлголт, эрх зүйн тогтолцоонуудаас давсан, урьд өмнө үүсэж байгаагүй сорилтууд өнөө цаг үед үүсэх болов.

Ямар ч сайн хууль батлаад технологийн дэвшлийг урьдчилж таамаглах, ирээдүйг харж зохицуулалт хийх боломжгүй нь гашуун үнэн юм. Иймд зарим улсын сайн туршлагыг судалж үзэх замаар гарц гаргалгааг эрэлхийлэх нь зүйд нийцнэ.

Нийгмийн сүлжээ, нийгмийн хэвлэл мэдээлэл гэж юуг хамаатуулж ойлгох вэ?

Цахим орчин, ялангуяа нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалт нь нийгмийн сүлжээ (social network) ба нийгмийн хэвлэл мэдээлэл (social media) гэсэн хоёр ойлголт бий.

Цахим орчны мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар нийгмийн хэвлэл мэдээлэл нь өргөн хүрээний уншигч, үзэгч, сонсогчдод мэдээлэл түгээх, дамжуулахад голчлон төвлөрдөг.

Энгийнээр хэлбэл, агуулга буюу контент төвтэй. Харин нийгмийн сүлжээ нь харилцаанд илүүтэй тулгуурласан ойлголт. Тухайлбал, жирийн иргэд хоорондоо мэдээлэл солилцож харилцахыг нийгмийн сүлжээ гэж үзнэ. 

Монгол Улсад нийгмийн сүлжээ гэсэн нэр томьёог түлхүү хэрэглэдэг. Мөн сошиал ертөнц гэж нэрлэж хэвшиж байгаа билээ.

Олон улсын зарчим, зарим улсын туршлага

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс “Хүмүүсийн оффлайн орчин дахь эрхүүд, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх онлайн орчинд нэгэн адил хамгаалагдах ёстой” гэж 2012 оны зургадугаар сард тэмдэглэсэн.

Өөрөөр хэлбэл, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь хамгаалалтын хүрээнд ав адилхан гэдгийг зөвшөөрнө гэсэн үг юм. Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиас гадна Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактуудаар хамгаалагдана. Хамгаалалтын олон арга, хэлбэрүүд байх агаад гагцхүү хязгаарлах үндэслэл нь тодорхой хэдэн зарчмын хүрээнд байдаг.

Тухайлбал, нийгмийн дэг журам, үндэсний аюулгүй байдал, бусдын нэр төр, алдар хүнд гэх мэтээс урган гарч хязгаарлалт хийх нь зөвшөөрөгддөг байна.

Харин улс төр, нийгмийн тогтолцоо, засгийн газрыг шүүмжилсэн материал нийтэлсний төлөө үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хориглох нь хязгаарлалтын зохицуулалттай нийцэхгүй ажээ. Энэхүү эрхийг баталгаажуулах олон улсын эрх зүй, үндсэн хуулийн баталгаа, зарчмуудыг үзвэл хэдхэн өгүүлбэрт багтсан байдаг хэдий ч эдгээр эрх нь нэн өргөн, ярвигтай.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2013 оны 11 дүгээр сард баталгаажуулж, хүмүүсийн оффлайн орчин дахь эрхүүд, тэр дундаа халдашгүй, нууцлалтай байх эрх онлайн орчинд нэгэн адил хамгаалагдах ёстой” гэж тэмдэглэсэн.

Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2013 онд “Цахим орчинд халдашгүй байх эрхийг хэрэгжүүлэх” талаарх тогтоол баталж, түүгээр бүх улс орныг уриалсан нь интернэтэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг тусгайлан баталгаажуулсан олон улсын стандартад тооцогдож байна.

Дэлхийд Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө тэргүүлэгч зарим улсын тухайд хууль батлах хэлбэрээр цахим орчин дахь зохицуулалтыг хийх гэж оролдож байна. Энэ талаар Глоб Интернэшнл төвөөс Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалтын тайлан"-д ийн тусгажээ.

Онцолбол, ХБНГУ нь “Нийгмийн хэвлэл мэдээлэлд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тухай хууль (Network Enforcement Act) 2017 онд баталсан бол Итали улс “Цахим дарамтын эсрэг хууль” мөн онд баталжээ.

Харин Австрали улсын тухайд цахим орчны зохицуулалтыг Эрүүгийн хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг бэхжүүлэх тухай хуулиудаар зохицуулж байна. Эдгээр хуулиудыг судалж үзвэл дараах нийтлэг зүйлсийг зохицуулах үүднээс хууль баталсан байгаа нь харагдана.

Үүнд:

  • Үзэн ядсан үг хэллэг, гүтгэлэг, доромжлол, хуурамч мэдээ,
  • Цахим орчин дахь худал мэдээлэл буюу суртал ухуулга болон заль мэх /манипуляц/;
  • Хүүхдийг садар самуунд ашигласан үйлдэл
  • Үндэсний аюулгүй байдал (терроризмыг сурталчлах)
  • Нийгмийн хэвлэл мэдээлэл, интернэтийн компаниудад зориулсан “үйл ажиллагааны дүрэм” зохион мөрдүүлэх
  • Цахим гадуурхал, дарамт;
  • Өөрийгөө гэмтээх, амиа хорлох;
  • Бэлгийн дүрслэлийг бага насны хүүхдэд үзүүлэх, дамжуулах;
Монгол Улс дахь цахим орчны талаарх өнөөгийн нөхцөл байдал

2021 оны байдлаар Монголын 3.3 сая хүн амын 78.7 хувь нь сошиал медиа хэрэглэж байна. Сошиал медиа хэрэглэгчийн дийлэнх нь буюу 2.749 мянга нь фэйсбүүк ашиглаж байна. Цахим орчны талаар тусгайлсан хууль одоогоор байхгүй байна. Цаашид байх эсэх нь ч цаг хугацаа буюу бодлогын асуудал юм.

Өнгөрсөн хугацаанд цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, бусдыг гүтгэн доромжилсон идэвхтэй үйлдлүүдээс гадна хүүхдийн аюулгүй байдал нэн тулгамдаж буй асуудал болсоор ирлээ. Энэ бүгдээс улбаалан бидэнд тусгайлсан хууль батлах хэрэгцээ шаардлага байна гэж дүгнэвэл утгагүй асуудал.

Эрх зүйн соёл, төлөвшилийн хувьд тохиромжтой цаг хугацаа нь биш юм. Ийм байтал ХЗДХЯ-наас “Цахим орчинд хүний эрх хамгаалагчийн хууль” УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар өргөн бариад байгаа нь тун яарсан болчимгүй үйлдэл болоод байна. Хуулийн төсөл нь бүү хэл, ажлын хэсэг нь ч байгуулагдаагүй байтал чуулганаар хэлэлцүүлэх гэсэн цаад санааг нь үнэндээ л ойлгохгүй юм.

Монгол Улсын тухайд Эрүү, Зөрчлийн хууль, Садар самуунтай тэмцэх хууль, Соёлын хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль , Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэгт шаардлагатай зарим зохицуулалтыг оруулсан байгаа юм.

Сошиал медиад хэрэглэгчийн үүсгэсэн онлайн контенттой холбоотойгоор холбогдох хуулиас гадна тусгайлсан хэм хэмжээ буюу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2020 оны А/200,А/169 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам” тус тус үйлчилж байна. Хуулийн хариуцлагын тухайд цахим орчинд аливаа гэмт хэрэг, зөрчил үйлдэхийг онцгойлон үзэж, хатуу шийтгэл оногдуулдаггүй байна.

Шийдэл юу байж болох вэ?

Бушуу туулай борвиндоо баастайн үлгэрийг нэн тэргүүнд санах хэрэгтэй болов уу. Цахим орчинд хүний эрх хамгаалагчийн тухай хууль нэрийн дор хэрэглэгч буюу иргэдэд цензур тогтоох, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг нь чөлөөтэй эдлүүлэхгүйгээр хааж боомилох гэсэн оролдлого байж болох талтай.

Нөгөө талаас, хүмүүсийн оффлайн орчин дахь эрхүүд, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх онлайн орчинд нэгэн адил хамгаалагдах ёстой тул одоогоор нарийвчилсан аливаа зохицуулалт шаардлагагүй гэж үзэж байна.

Гол асуудал бол фэйсбүүк гэх мэт нийгмийн сүлжээн дэх технологийн том тоглогчид буюу платформд үүрэг хүлээлгэхэд чиглэсэн зохицуулалт байх нь хамгийн оновчтой шийдэл юм. Үүний сонгодог жишээг Герман улс авч хэрэгжүүлж буй юм.

2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь чуулганаар Монгол Улсад өгсөн “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэтийн хэрэглээнд тогтоосон хязгаарлалтыг цуцлах талаар шаардлагатай хүчин чармайлт гаргах” гэсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд шаардлагагүй олон журмаа эргэн нэг харах, жигдлэх, шаардлагатай гэж үзвэл цуцлах хэрэгцээ шаардлага үүсэж байна.

Цахим орчин дахь илт хууль бус агуулгыг арилгах, тийм агуулгаас сэргийлэх үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчих нөхцөл болох ёсгүйг онцгойлон анхаарч цаашид хийж, хэрэгжүүлэх алхамдаа тусгах нь туйлын чухал болжээ.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.