Индэр    
2021 оны 5 сарын 14
Зураг
Нягтлав /Seheeten.media/

#НЯГТЛАВ 3: NFT гэж юу вэ?

Зураг
Эх сурвалж: The Economic Times

Нягтлав подкастын шинэ дугаарыг хүргэж байна. 

Дугаар #8: NFT гэж юу вэ?

Подкастыг шууд сонсох:

Юу болсон бэ?

2021 он гарсаар дэлхий даяар уран бүтээлчид өөрсдийн дижитал арт бүтээлийг зах зээл дээр интернет ашиглан худалдаалж эхлээд байна.

Өөрөөр хэлбэл зураг, бичлэг, тэр байтугай меме-ийг хүртэл зарж, худалдаж авах боломжтой болсон. Жишээлбэл, Твиттер компанийн үүсгэн байгуулагч Jack Dorsey-ийн Твиттер дээр бичсэн хамгийн анхны жиргээ “just setting up my twttr” буюу “би өөрийнхөө жиргээг бичиж байна” гэсэн жиргээний screenshot NFT-ийг $2,915,835.47 буюу 3 сая орчим ам.доллароор худалдаалагдсан байна. Мөн одоогийн байдлаар NFT-ийн түүхэнд хамгийн үнэтэй зарагдсан бүтээлээр "Everydays: the first 5000 days" буюу "Өдөр тутам: анхны 5000 өдөр" нэртэй зураг нэрлэгддэг. Уг зураг 69.3 сая доллароор зарагдсан юм. Уг бүтээлийг Сингапур улсад блокчейн бизнес эрхэлдэг Vignesh Sundaresan буюу "Metakovan" хочтой хүн худалдаж авсан. 

Мөн NBA top shot гэх нэртэй платформ NBA лигийн зураг, бичлэгийг NFT хэлбэрээр худалдаалж эхлээд байгаа. Онцолбол, Лос Анжелес Лейкерс багийн од тоглогч Леброн Жеймсийн цагариган дээрээс довтолж байгаа бичлэг 280,000 ам.доллароор зарагдсан юм. 

NFT гэж юу гэсэн үг вэ?

Тэгвэл NFT гэж яг юу гэсэн үг вэ? Энэ нь англиар Non-Fungible-Token гэсэн үг. Fungible гэдэг нь монгол хэлнээ буулгавал орлуулшгүй гэсэн үг бол token гэдэг нь ямарваа нэгэн бараа материалыг илэрхийлэхдээ ашигладаг үг юм. Тэгэхээр Non-fungible-token гэдэг нь энгийнээр орлуулшгүй, цор ганц зүйл гэсэн утга болж байна.

Тиймээс цор ганц бараа бүтээгдэхүүн, урлагийн бүтээл үнэ цэнтэй, маш өндөр үнэтэй бол олон тоогоор үйлдвэрлэгдсэн, эсвэл дуураймал зүйлс хямдхан байдаг. 

NFT мэдээж анхнаасаа олны анхаарлын дунд байгаагүй. Анх 2017 онд эхэлсэн ч сүүлийн 1-2 жилд л ийнхүү анхаарал татах болсон нь цар тахалтай холбоотой. Коронавирусийн халдварын үед хүмүүс гэрээсээ худалдан авалт хийх болсон нь ийнхүү нөлөөлжээ.

Гэхдээ яагаад ердийн нэг Screenshot ийм үнэтэй байх ёстой гэж?

Хариулт нь хүмүүсийн аливаа зүйлийг үнэлэх үнэлэмжид нуугдаж байна.

Яагаад гэхээр хүн төрөлхтөн амьдралын чухал хэрэгцээ болсон хоол, хувцас, орон байрны хэрэглээгээ хангасны дараа урлаг, уран зураг, бас бусад тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэх мэт зүйлсийн араас хөөцөлдөж эхэлдэг бичигдээгүй хууль байдаг гэхэд хилсдэхгүй. Хүмүүсийн аливаа зүйлсийг үнэлэх үнэлэмж ялгаатай байдгаас шалтгаалж тансаг хэрэглээний барааны нэгдсэн үнийг тогтоох хэцүү. Харин эсрэгээрээ дэлгүүр дээр зарагддаг, өдөр тутмын хэрэглээний бараа болох махны үнэтэй олон нийт санал нийлэхэд харьцангуй амар. 

Тиймээс интернэтээр нэг google-дээд утсан дээрээ татах зургийг яагаад хүмүүс мөнгө төлөн байж авах болсон шалтгаан нь аливаа зүйлийг өмчлөх сэтгэлгээтэй шууд холбож болно. Өөрөөр хэлбэл, хэдийгээр интернэтээр дүүрэн байгаа ч тэрхүү зургийн оригинал эх хувь, эсвэл уг зургийн цор ганц дижитал эзэн нь би гэж ялгарах гэсэн сэдэлтэй NFT-ийн зах зээлийн энэ амжилтыг шууд холбож болно. Жишээ нь манай улсад л гэхэд 9911 дугаар маш их үнэд хүрдэг. Яг үүнтэй ижил юм. 

Blockchain гэж юу вэ?

Blockchain систем дээр таны энэ зургийг хэзээ, хэдэн доллароор, хэнээс авсан гэх бүх мэдээлэл интернэт ашигладаг хүн бүрд нээлттэй харагдахаар үүрд хадгалагдана гэдгээрээ онцлогтой. 

2008 оны санхүүгийн хямралын дараа санхүүгийн байгууллага, институтэд итгэх хүмүүсийн итгэл багассан. Төд удалгүй биткойнийг Сатоши Накамото бүтээсэн гэж үздэг. Гэхдээ одоо хүртэл Сатоши гэж хэн бэ гэдэг нь тодорхой болоогүй. Зарим хүмүүсийн таамаглаж байгаагаар хэсэг бүлэг хүмүүс гэж ярьдаг, зарим хүмүүс нь нэг хүн ч гэж ярьдаг. 

Бид өдөр тутамдаа банкаар дамжуулж төлбөр тооцоогоо шийддэг. Дэлхийн санхүү, банк, хөрөнгийн зах зээлийг ч бас хүмүүс удирдаж явуулдаг. Тэдгээр хүмүүс хүн л юм хойно буруу шийдвэр, алдааг гаргадаг. Тийм учраас биткойн-ийг бүтээсэн хүмүүсийн гол санаа нь санхүүгийн хараат бус орчныг бүтээснээр хүмүүс ямар ч банк, олон улсын хараа хяналтгүйгээр хоорондоо төлбөр тооцоо, бусад худалдан авалтыг хийх боломжийг бүрдүүлэхийг зорьсон. Анх Биткойн бараг үнэгүй шахам байсан бол одоо 50 мянган доллар хүртлээ өссөн.  

Этэриум

Орос гаралтай Канадын иргэн 27 настай Виталик Бүтэрин 2014 онд Этэриум крипто валютыг бүтээсэн. Саяхан тэрбээр хэдхэн хоногийн өмнө дэлхийн хамгийн залуу крипто валютын тэрбумтан болсон. Энэ нь түүний бүтээсэн Этэриумын үнэ 3,000 ам.доллар давсантай холбоотой. 

Этэриум одоогийн байдлаар Биткойны араас дэлхий дээрх хоёр дахь том крипто валют байна. Хүмүүсийн үзэж байгаар Этэриум нь Биткойноос илүү гарах боломжтой. Бикойноос давуу тал нь Этэриумыг ашиглах ашиглалт маш олон төрөлтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Биткойн зөвхөн мөнгөө хадгалах хэрэгсэл бол Этэриум блокчейнийг ашиглан олон төрлийн гүйлгээ хийх боломжтой. Үүний нэг нь мэдээж NFT.

NFT-ийг одоогийн байдлаар зөвхөн Этэриум ээр дамжуулан авах боломжтой. 

2021 оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд 2 тэрбум долларын худалдан авалт хийгдсэн байгаа. Энэ тоо цаашид NFT-ийн зах зээл хэр том байж болох вэ гэдгийг харуулж байгаа. 

Уран бүтээлчдэд дуулгах сайн мэдээ 

NFT-ийн зах зээл нээгдэж байгаа нь уран бүтээлчдэд маш сайн мэдээ болж байгаа. Өмнө нь биет бус, дижитал уран бүтээл бүтээгээд түүнийгээ зарж борлуулж орлого олох арга зам нь цөөхөн, хүндрэлтэй байдаг байсан бол NFT гарч ирснээр энэ бүх бэрхшээл алга болж байна гэж ойлгож болно. Гэвч NFT зарах тийм амархан биш. NFT бүтээлийг худалдаалахаар байршуулахад блокчейн ашигласан шимтгэл заавал төлөх шаардлагатай. Хэрэв та шимтгэлээ төлөөд бүтээлээ зарж чадахгүй бол та шимтгэлийнхээ мөнгөөр нэг ёсондоо шатаж байна гэсэг үг. Маш олон уран бүтээлчид өдөр болгон мянга мянган бүтээл зарахаар байршуулж байгаа учир өрсөлдөөн өндөр. 

Шүүмжлэгчид 

NFT-г шүүмжлэгчид уг платформын байгаль орчинд үзүүлэх нөлөө болон ажлын байрыг устгах аюулыг онцолдог. Этэриум крипто койныг mine хийх буюу олборлох энергийн зарцуулалт нь цагийн 26.5 террават эрчим хүч болж байна. Энэ нь 5 сая хүнтэй Ирланд улсын эрчим хүчний зарцуулалттай тэнцэж байгаа юм. 

Ирээдүйн боломж

Харин монголчуудыг маань хувьд NFT маш их боломжийг нээж байна гэж би харж байгаа. Яагаад гэхээр Монголын уламжлалт урлагийн төрлүүд дэлхийд маш өвөрмөц учраас өмнө нь зөвхөн жуулчид ирэх үед уран бүтээлээ зарж борлуулах боломжтой байсан бол одоо том өрөөндөө сууж байгаад дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнд бүтээлээ зарах боломжтой болж байна.