Индэр    
2021 оны 4 сарын 1
Зураг
Нягтлав /Seheeten.media/

#НЯГТЛАВ 2: Азиудыг хоморголон хөнөөсөн хэрэг ба БИДНИЙГ үзэн ядах үзэл

Зураг
Эх сурвалж: law.harvard.edu

Коронавирусийн цар тахалтай холбоотой дэлхийн улс орнуудад Азиудыг ялгаварлах хандлага ихээр гарах болов. Энэ тухай бэлтгэсэн “Нягтлав” подкастын энэ удаагийн дугаарыг iKon.mn хамтран тоймлон хүргэж байна.

Дугаар #6: Азиудыг хоморголон хөнөөсөн хэрэг буюу биднийг үзэн ядах үзлийн үүсгэл

Подкастыг шууд сонсох:

Юу болсон бэ?

АНУ-ын иргэн, Жиоржиа мужийн оршин суугч 21 настай эрэгтэй Роберт Аарон Лонг 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр тус мужийн Атланта хот орчимд байрлах спа төвүүд буюу бариа заслын 3 өөр газарт буугаар зэвсэглэн гал нээж, есөн хүнийг буудаж, найман хүнийх нь амийг хороосон хэрэг гарсан. Амь насаа алдсан найман хүний зургаа нь ази хүмүүс байсан билээ.

Энэ үйл явдлыг Ази Америкчууд АНУ дахь коронавирусийн дэгдэлтээс үүдэлтэй арьс өнгөөр ялгаварлан үзэн ядах үзэгдэл нэмэгдсэнээс үүдэлтэй гэж дүгнэж байна. Учир нь өнгөрсөн онд титэм вирус дэлхий даяар дэгдсэнтэй холбоотой ази хүмүүс рүү дайрах дайралт, үг хэл амаар доромжлох, сүрдүүлэх зэрэг үзэн ядалтын хэв шинжтэй гэмт хэргүүд маш ихээр нэмэгдсээр байгаа тул энэ аймшигт үйл явдал нь АНУ даяар бүр их цочрол үүсгээд байгаа билээ.

Трамп ба Хятад вирус

АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп титэм вирусийн халдвар тархаж эхлэх үеэс авахуулан КОВИД-19 өвчнийг “China Virus” буюу Хятад вирус, мөн Америкт өргөн танигдсан Хятадын зодооны төрөл болох Кун-Футэй адилтган “Kung Flu” гэх мэтчилэн нэрлэн дуудах болсон үзэгдэл нь АНУ-д төдийгүй бусад барууны улс орнуудад ази хүмүүсийг үзэн ядах үзлийг улам дэвэргэж өгсөн.

Тоо статистик харвал ази хүмүүс рүү дайрч довтолсон гэмт хэргийн тоо АНУ-ын хотуудад 2020 онд дунджаар 150 хувиар нэмэгдсэн байна. Нью-Йорк хотод л гэхэд ази хүмүүсийг хохироосон үзэн ядалтын хэв шинжтэй гэмт хэргийн тоо 2019 онд ердөө 3 удаа бүртгэгдсэн байсан бол 2020 онд 28 болж нэмэгдсэн. Сануулж хэлэхэд эдгээр тоон өсөлт нь зөвхөн цагдаагийн газруудад мэдэгдэж бүртгэгдсэн гэмт хэргийн тоо билээ. Амь нас, бие махбодод гэмтэл үзүүлсэн гэмт хэргүүдээс гадна арьс өнгөөр ялгаварлаж, үг хэл амаар доромжлох, гудамжинд сүрдүүлж айлгах гэх мэт сэтгэлийн гэмтэл учруулах үйл явдлууд нь ихэнхдээ цагдаад бүртгэгдэхгүй, чимээгүй болоод өнгөрдөг гэдгийг анхаарах нь зүйтэй.

Азиуд хэрхэн хүлээн авсан бэ?

Цар тахал АНУ-д дэлгэрсэн цагаас эхэлж улам бүр гадуурхагдаж, ялгаварлагдаж, дайралтад өртөж, доромжлуулж байсан Азийн Америкчууд болон Номхон Далайн арлын хүмүүсийн коммунити-хамт олон Атланта хотод болсон энэ дайралтаас болж гүн шоконд орж, улам бүр айдаст автаад байна.

Нягтлав Подкастын хөтлөгч нар АНУ-д амьдарч байгаа болон байсан хүмүүсийн хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд тав тухгүй, аюултай байр байдалд автагдаж Ази хүн гэдгээсээ болж айж сандарч, түгшсэн үеүүд байсан. Та хөтлөгчдийн туршлага мэдрэмжийг Нягтлав Подкастын энэхүү зургадугаар дугаараас сонсож мэдэх боломжтой.

Хууль сахиулах байгууллага ямар арга хэмжээ авсан бэ? Гэмт хэргийг хэрхэн дүгнэсэн бэ?

Цагдаагийн байгууллага уг хэргийг үйлдсэн Аарон Лонг уг гэмт хэргийг сексийн донгоосоо болж үйлдсэн гэж мэдээлсэн. Гэмт хэрэгтний нь хэлснээр бол уг хэргийг тэрбээр хохирогчдын гарал үүслээс болж үйлдээгүй гэсэн. Гэвч хүмүүсийн үзэж байгаагаар тухайн халдлага үйлдэхээр сонгож авсан газарт Ази гаралтай хүмүүс ажилладаг мөн нийт 8 хохирогчийн 6 нь Ази гаралтай хүмүүс байсан учраас яах ч аргагүй арьс өнгөтэй холбон тайлбарлаж байна.

Гэмт хэрэгтэн уг хэргийг үйлдсэний дараа Флорида муж руу машинаар явж, дахин өөр халдлага үйлдэх гэж байхад нь цагдаа нар түүнийг амжиж зогсоон хурдны зам дээрээс баривчилсан эс бөгөөс дахиад хэчнээн хүн амь үрэгдэх байсныг таашгүй.

Уг хоморголон устгах гэмт хэрэг АНУ-д 2020 онд тохиолдсон 6 дахь тохиолдол байсан. 4 ба түүнээс дээш тооны хүний амь насыг буудан хороосон ийм төрлийн гэмт хэргийг “mass shooting” гэж тодорхойлдог.

Хажуугийн дэлгүүрийн эзэн камерт бичигдсэн бичлэгээс үзээд гэмт хэрэгтэн хохирогчид руу буудаж эхлэхээсээ өмнө бүтэн цаг гаруй машиндаа суусан гэж хэлсэн байсан. Тэгэхээр яг юу хийж машиндаа сууж байсныг бид нар мэдэхгүй, бодвол өөрийгөө юу хийх гэж байгааг сайн бодож бодож эцэст нь ийм аймаар шийдвэр гаргасан байх.

Мөн олон нийтийг маш их уурлуулсан үйл явдал юу байсан бэ гэхээр уг хэргийн хэвлэлийн бага хурлын үеэр тус мужийн цагдаагийн ахмад Жей Бейкер сэжигтний уг хэргийг үйлдэх болсон шалтгааныг тайлбарлахдаа “тэр маш их тэвчээр алдаж, залхсан байсан, түүний хувьд муу өдөр байсан болохоор ийм зүйл хийсэн” гэж хэлсэн нь маш олон хүмүүсийг ялангуяа Азиуд, Ази Америкчуудыг ихээхээн уурлуулж бухимдуулсан. Яагаад гэвэл цагаан арьстай Америкчууд ийм төрлийн халдлага түгээмэл хийдэг боловч бусад өнгөт арьстай хүмүүстэй харьцуулахад хөнгөн ял шийтгэл авдгийг тоо баримт харуулдаг. Хүмүүсийн асууж байгаагаар хэрвээ гэмт хэрэгтэн хар арьстай хүн байсан бол цагдаагийн байгууллага ямар хандлага дүгнэлт гаргах байсан бол?

Хохирогчид хэн байсан бэ?

  • Delaina Ashley Yaun, 33

Халдлага болсон бариа заслын газарт нөхөртэйгөө болзож очсон байсан. Түүний нөхөр өөр өрөөнд байсан учраас нуугдаж амьд үлдэж чадсан ч харамсалтай нь эхнэр нь өөрөө амь үрэгдсэн. Тэд гэрлээд 8 жил болсон байсан ба охин нь ердөө 8 сартайдаа ийнхүү ээжийгээ алджээ.

  • Xiaojie Tan, 49

Тэрбээр халдлага болсон гурван газрын нэгээс гадна бас нэг өөр бариа заслын газар ажиллуулдаг бизнес эрхлэгч байсан. Вьетнам Хятадын хил дээр төрсөн тэрбээр 2006 онд АНУ-д нөхөртэй болсноор тус улсад анх хөл тавьж байжээ. Түүний 50 насны төрсөн өдөр нь амь насаа алдсан өдрийн маргааш нь байжээ.

  • Daoyou Feng, 44

Хүний газар амь насаа алдсан 44 настай Хятад эмэгтэйн цогцсыг амь насаа алдаад 7 хоносон байхад хараахан хэн ч ирж аваагүй, хүндэтгэл учруулаагүй байгаа байна. Түүний талаар мэдээлэл бага байгаа ч гэсэн дээ тэрбээр халдлага болсон бариа заслын газарт ажилд ороод удаагүй байгаа ч тус газрын удаан хугацааны үйлчлүүлэгч түүнийг ямар сайхан ааштай хүн байсныг санан дурсжээ. 

  • Paul Andre Michels, 54

Тэрбээр уг бариа заслын газарт төрөл бүрийн засварын ажил гүйцэтгэж өгдөг байсан байна. Детройт хотод 9 ах дүүгийн хамт төрсөн тэрбээр 26 жилийн өмнө нь эхнэртэйгээ Атланта хот уруу нүүж иржээ. Тэрбээр өөрөө бариа заслын бизнес нээх талаар ойр дотнын хүнтэйгээ ярьж байсан байна.

  • Elcias R Hernandez-Ortiz, 30

Тэрбээр уг халдлагаас амьд гарсан цор ганц хохирогч бөгөөд дух болон гэдсэн хэсэгтээ буудуулсан ба одоог хүртэл сэхээн амьдруулах тасагт байгаа. Тэрбээр 10-аад жилийн өмнө Гватемал улсаас АНУ-д ирсэн бөгөөд засварын ажил хийдэг, гэр бүлээ авч явдаг нэгэн байжээ. Америкчууд түүний эмчилгээний зардалд зориулж 365 мянган доллар 3-р сарын 27-ны өдрийн байдлаар хандивлаад байна.

  • Hyun Jung Grant, 51

Голд Спа-д ажилладаг байсан 2 хүүхэдтэй өрх толгойлсон ээж хүн. АНУ-д ирэхээсээ өмнө Солонгос улсад багш хийдэг байсан. Маш их ажиллаж гэр бүлээ тэжээдэг байсан гэж түүний том хүү хэлсэн.

  • Soon Chung Park, 74

Тэрбээр Голд Спагын ажилчдад хоол бэлддэг байсан. Атланта хот уруу нүүхээсээ өмнө Нью Йорк хотод амьдардаг байсан. Хамгийн өндөр настай хохирогч бөгөөд ойр дотнынх нь хүмүүс түүнийг маш эрүүл саруул нэгэн байсан тул 100 насална гэдэг байжээ.

  • Suncha Kim, 69

1980-аад онд АНУ-д ирсэн, Голд Спа-д ажиллахаас гадна нэгэн зэрэг 2-с 3 ажил хийдэг байсан өөдрөг үзэлтэй, шаргуу хөдөлмөрч хүн байжээ.

  • Yong Ae Yue, 63

Тэрбээр КОВИД-19 өвчнөөс болж Атланта хотын сонины газар дахь ажлаа алдсан тул эргээд хуучин ажиллаж байсан бариа заслын газартаа ажилтнаар орсон байжээ.

Ингээд харахаар бидний ээж аав, эмээ өвөө, ах эгчтэй нас чацуу хүмүүс арьс өнгөнөөсөө болж үзэн ядалтын гэмт хэргийн золиос болж байна гэхээр үнэхээр аймаар бас харамсалтай.

Энэ эмгэнэлт үйл явдал тохиолдоод яг долоо хоногийн дараа буюу 3-р сарын 22-ны өдөр дахин нэг олноор нь хомроголон хөнөөсөн хэрэг Колорадо мужид болж АНУ улам гүн айдас хүйдэсд автаад байна.

Мэдээж хэрэг үүнээс улбаалан галт зэвсэг зохицуулах хуулийн өөрчлөлт улам хүчтэй яригдаж эхлээд байна. Америкийн ерөнхийлөгч Жө Байдэн өмнө нь дайны зориулалттай автомат бууны худалдааг зогсоосон хууль гаргаж байсан нь 40 жилийн дараа Ардчилсан Намыг Конгресст ялагдал хүлээхэд авчирж байсан. Улмаар Конгресст дахин хүчтэй байр суурьтай болсон Бүгд Найрамдах нам тус хуулийг үргэлжлүүлэн шинэчлээгүй. Үүнээс хойш ерөнхийлөгч Барак Обама өөрийн засгийн газрын үед зориг гаргаж дахин энэ асуудлыг сөхөж уг хуулийн төслийг дэд ерөнхийлөгч Байдэнаар удирдуулсан ч энэ хуулийн өөрчлөлт дахин бүтэлгүйтсэн байдаг.

Яагаад АНУ-д буу зэвсэг чөлөөтэй хэрэглэж болдог вэ?

1789 оны есдүгээр сарын 25-ны өдөр АНУ-ын үндсэн хуулийн 2 дах нэмэлт өөрчлөлтөөр “right to bear arms” буюу зэвсэг барих, эзэмших эрхийг АНУ-ын насанд хүрсэн хүмүүст олгож байсан. Тэр цагаас хойш, галт зэвсэг, буу эзэмших нь үндсэн хуулиар олгогдсон эрх болсон байдаг.

АНУ галт зэвсэгтэй холбоотой нас баралтын тоогоор дэлхийд 32-р байрт ордог. 2019 оны байдлаар 100,000 тутамд 3.96 хүн нас бардаг гэсэн тоо гарсан. Энэ тоо нь бусад хөгжсөн орнуудтай ч харьцуулахад тун өндөр тоо юм, жишээ нь Канад улсаас 8 дахин их, Их Британи улсаас 100 дахин их. Жил бүр 20-30 мянган хүн АНУ-д галт зэвсгийн улмаас болж нас бардаг ба үүнд амиа хорлолт болон бусад хүний амь насыг хороох зэрэг хэргүүд ордог.

Энэ үндсэн хуулиар олгогдсон эрхийн талаар улс төрийн томоохон 2 нам нь хоорондоо их маргалддаг. Мэдээж Бүгд Найрамдах нам аль болох бага эрх мэдэлтэй засгийн газрыг эрхэмлэдэг учраас хүмүүсийн гал зэвсэг эзэмшиг эрхэнд халдахыг хүсдэггүй. Харин Ардчилсан нам аль болох буу худалдаж авч байгаа хүмүүсийг тодорхой шалгуурыг давсны дараа авах боломжтой болгоё гэж үздэг, жишээ нь өмнө нь гэмт хэрэг хийж байгаагүй байх, ямар нэгэн сэтгэцийн эмгэггүй байх гэх мэт.