Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоогоод буй.
Энэ хугацаанд буюу өнгөрөгч Лхагва гарагаас “Карантин 14” шоу нэвтрүүлэг дөрвөн телевизээр цацагдаж эхлэв. Өдөр бүр 12:00-17:00 цагийн хооронд шууд цацагдаж буй уг нэвтрүүлгээс жүжигчин, дуучин, загвар өмсөгч зэрэг олны танил гэгддэг хүмүүсийн дуулж, бүжиглэн, өөрт тохиолдсон хөгтэй явдлаа ярьж цагийг өнгөрөөж байгааг харж болно.
Энэхүү нэвтрүүлгийн гол зорилгыг хөл хорионд олон хонож буй иргэдээ бухимдал, стрессээс хамгаалахын тулд телевиз, урлаг соёлын салбарын төлөөллүүд хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй шоу хэмээн тодорхойлсон.
Түүнчлэн өдөр бүрийн дугаараас ялагч тодруулж сүүлийн үеийн загварын гар утсаар урамшуулж байгааг дурдахгүй өнгөрөх аргагүй. Нэвтрүүлгийн хөтлөгч сэтгүүлч Б.Батбилэгийн танилцуулснаар шоу нь үндсэн хоёр хөтлөгчтэйн дээр зочин хөтлөгчөөр өдөр бүр олны танил таван хүн уригдан оролцох аж. Хөтлөгчдийн зүгээс iPhone 12 pro max гар утасны хонжвортой уралдааны сэдвийг зарлах бөгөөд оролцогч зарлагдсан сэдвийн дагуу бичлэг хийн, нэвтрүүлгийг дамжуулж буй дөрвөн телевизийн пэйж рүү уг бичлэгээ илгээх аж. Ийнхүү хамгийн олон лайк цуглуулсан бичлэгийн эзэн урамшуулал авна. 10 өдөр уг нэвтрүүлэг цацагдах учир мөн тооны гар утасны ялагч тодорно гэсэн үг.
Гэвч нэвтрүүлгийн хөтлөгчдийн хэлсэнчлэн зарласан уралдаан нь эерэг бүхнийг түгээгч байж чадсангүй. Гар утасны урамшуулал нь хэрүүлийн алим болж, “Шударга бус байна. Олон дагагчтай хүмүүс амархан ялагч болох юм байна” хэмээн олон хүн бухимдлаа илэрхийлжээ.
Шагнал, урамшууллыг түр орхиод коронавирусийн тархалтын бодит байдлыг танилцуулъя. Өнөөдрийн байдлаар /2021.4.16/ 1,107 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барсныг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар зарласан. Ингэснээр улсын хэмжээнд нийт халдварын тоо 19,672, нас баралт 43 болов.
Монголын “од”-дыг эфирт чуулж байх зуур манай улс нэг сая хүн ам тутамд ногдох нэг өдөрт илэрсэн халдварын тоогоор бүс нутагтаа тэргүүлэв. Ийм үед дуулж, бүжиглэн найрлаж суух нь хэр зохистой вэ.
Монгол Улсад коронавирусийн халдвар 2020.3.9-нд Франц улсын иргэнээр зөөвөрлөгдөн орж ирснээс хойших долоо дахь, дотоодод халдвар алдсан 2020.11.11-нээс хойших дөрөв дэх удаагаа хатуу хөл хорио тогтоогоод буй.
Халдварын тохиолдол, үхлийн тоо нэмэгдэхийн хэрээр айдас, бухимдалд автаж буй иргэдэд олны танил гэгддэг жүжигчдийн маазрал инээдэм бус даажигнал болоод байна.
Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлан теле, болон цахим хэлбэрээр ерөнхий боловсролын сургалтыг явуулж буй. Сурагчдын дийлэнх нь теле хичээлд хамрагддаг болохыг Нийслэлийн Боловсролын газраас танилцуулсан. Тус газраас өнгөрөгч хоёрдугаар сард танилцуулсан судалгаанд нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 88-89 хувь нь теле хичээлд хамрагдаж байгаа гэсэн байв. Ерөнхийдөө сурагчдын ихэнх нь сурч боловсрох хэрэгцээгээ теле хичээлээс авч байна гэсэн үг.
Гэтэл “Карантин 14” нэвтрүүлэг телевизүүдийн эфирийн бүтэн таван цагийг эзэлсний “уршиг”-аар зарим теле хичээлийн давталт гарах боломжгүй болж, зарим нь бүр огт гаргаагүй байна.
Тодруулбал, TV9 телевизээр өдөр бүрийн 13:30 цагаас гарах хуваарьтай 9 дүгээр ангийн хичээлүүд, ETV телевизээр гарах хуваарьтай 5 дугаар ангийн хичээл, давталт аль аль нь гараагүй. Боловсролын хоцрогдлыг нөхөхийн тулд гурван жил шаардлагатай болсон энэ үед нэг өдрийг нь ч хүүхдүүдээсээ хумсалмааргүй. Гэвч “Карантин 14” шоуг шууд дамжуулж буй бусад телевизээр ч теле хичээлийн давталт гарахгүй байгаа нь нөхөж үзэх боломжгүй хүүхдүүдэд нэрмээс болж байна.
Лавтай карантины хугацаанд 9, 5 дугаар ангийн бүх хүүхэд хичээлийнхээ оронд олны танил ах, эгч нарынхаа авьяасыг “биширч” суух нь.
Олон хүний хүч, хөдөлмөрөөр бүтэж, өргөн нэвтрүүлгийн дөрвөн сувгаар цацагдаж буй нэвтрүүлгийн санхүүжилт хаанаас гарав гэдэг асуулт эрхгүй анхаарал татна.
Хөтлөгчийн хэлж буйгаар нэврүүлгийн багийнхан тухайн газартаа байрлах, шууд эфирт орохын өмнө гурав хоног тусгаарлагдан, шинжилгээ өгч байгаа гэсэн. Нэвтрүүлгийн нэг дугаарын долоон хөтлөгчөөс гадна хөгжимчин, бүжигчин, инженер техникийн ажилтнууд, арын албаныхан гээд тооцохоор ямар нүсэр ажил болох нь ойлгомжтой. Гэвч энэ ажлыг сэтгэлийн дуудлагаар, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаад итгэхэд бэрх.
Нийгмийн хариуцлагын хүрээнд гэх тайлбарын цаана Монгол Улсын Засгийн газар байгаа нь ил, далд ажиглагдсаар буй. Үүнийгээ ч батлах мэт шоуны эхний дугаарын зочноор Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг оролцон цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, явцын талаар танилцуулсан юм.
Тэгвэл уг шоуны зохион байгуулагч, найруулагчаар “Херо” энтертайнмент болон Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра нар ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Нэвтрүүлгийн багийнхан "Асем вилла" хотхоны "Asem club house"-д байрлан зураг авалтаа хийж байгаа аж. Мөн шоунд оролцож буй жүжигчин тус бүрд 7-8 сая төгрөгийн урамшуулал амлан, тус газарт байрлуулж буй гэх мэдээлэл байна.
Энэхүү шоуны зардлыг Засгийн газраас гаргаж байгаа бол өмнө нь гаргасан хэмнэлтийн горимд шилжих шийдвэрээ зөрчсөн явдал болох нь.