Өнгөрсөн зууны сүүлээс дэлхийн ардчилсан улс орнуудын төр засаг нь захиргааны аргаас удирдлагын аргад шилжиж эхэлсэн.
Төр нь иргэдээсээ сонгогддог учир хувь хүн дангаараа хийж чадахгүй бүх зүйлийг бүтээх, жишээ нь нийгэм хувь хүний аюулгүй байдал, хүний эрх, өмчийг хамгаалах, дэг журам сахиулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг ижил тэгш хүргэх зэрэг нийтийн (public) тусын тулд үзүүлдэг үйлчилгээгээ менежментийн аргаар хүргэх боллоо.
Төрийн ажилтан гэдэг үгийг нийтийн ажилтан, төрийн албыг нийтийн алба болгож нэр томьёогоо ч өөрчилж байна. Энэ бол зөвхөн нэр биш төрийн албыг харах хүрээний (paradigm) шилжилт явагдаж байгаа юм. Энэ шинэ ажлыг шинэ сэтгэлгээ, шинэ боловсон хүчин илүү үр өгөөжтэй хийж чадна.
Монгол Улс анх 1926 онд 40 хүүхдээ дунд сургуулиас нь сонгож Герман, Францад барууны боловсрол олгохоор явуулжээ. Гэвч ЗХУ-ын шахалтаар тэднийг сургууль төгсөөгүй байхад нь эргүүлэн татаж, энэ ажлыг зохион байгуулсан бүх хүн хэлмэгдэж шорон гянданд хоригджээ. Эдгээр залуусыг “барууны тагнуул” гэх зохиомол хэргээр хоёр ч удаа хэлмэгдүүлжээ. Тэгсэн ч тэр хүүхдүүдийн дундаас их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий, төр нийгмийн зүтгэлтэн Д.Пагмадулам, анхны кино зохиолч Т.Нацагдорж, алдарт зохиолч Д.Намдаг, Ардын зураач Л.Намхайцэрэн, геологийн ухааны анхны доктор Ж.Дүгэрсүрэн, эрдэмтэн Н.Наваан-Юндэн зэрэг олон алдар цуутан төрж, Монгол Улсын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
Монгол Улс 1937-1990 оны хооронд ЗХУ болон социалист лагерын бусад орны их дээд, тусгай мэргэжлийн дунд сургуульд олон арван мянган залуусаа сургаж бэлдсэн юм. Харин 1990 онд ардчилсан хувьсгал ялснаар Монголчууд эрх чөлөөтэй болж, хөгжингүй оронд зорчин, зарим нь суурьшиж, үр хүүхдээ барууны боловсролтой болгож эхэлсэн. Эдүгээ барууны их дээд сургууль төгссөн олон залуус төр, хувийн хэвшлийн бүх салбарт манлайлан ажиллаж байна. Төр, засгийн удирдлагад баруунд их, дээд сургууль төгссөн, мастер, доктор зэргээ хамгаалсан хүмүүс орох болов.
Яг ийм туршлага Чили улсад болсон. Тэд АНУ-д сурч, ажиллаж байсан олон залуу мэргэжилтнүүдээ (олонх нь Чикагогын их сургуулийн төгсөгчид) 1970-80 онуудад эх оронд нь дуудан ирүүлж хямралд орсон эдийн засгаа аварч, улс орноо эрчимтэй хөгжүүлэхэд авьяас чадвар, мэдлэг боловсролыг нь дайчлан ашиглаж чадсан юм. Тайвань, Сингапур мөн адил. Эх орондоо эргэж ирээд ихээхэн өөрчлөлт хийж чадсан залуусыг тэр цагаас хойш улс төр судлаачид “Chicago boys” гэж нэрлэх болсон юм.
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар 40 настай Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 1-р сарын 27-нд томилогдов. Энэ залуу хуульч, Харвардын их сургуулийн төрийн удирдлагын мастер.
Түүний бүрдүүлсэн Засгийн газрын 17 сайдын дийлэнх нь баруунд боловсрол авсан залуус, түүний дотор түүхэндээ хамгийн олон (4) эмэгтэй сайдтай. Сайд нарын ард гол ажлыг нь нугалж, төр засгийн өдөр тутмын үйл ажиллагааг хангаж буй олон зуун хүн буйгаас, “Харвардын залуусыг” доор онцолж байна. (дээрх зураг дээр зүүн гар талаас) Б.Уянга, Б.Солонго, Б.Булганчимэг, Г.Амартүвшин, Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ, О.Батнайрамдал, Т.Алдарсайхан, Б.Дөлгөөн нар.
Зуун жилийн өмнө Манжаас тусгаарласны дараа Монголын төрийн удирдлагуудын хүсэн мөрөөдөж байсан, барууны өндөр хөгжилтэй орнуудад амьдарч, дэлхийн хамгийн шилдэг сургуульд сурсан, олон улсын хэмжээнд ажил хөдөлмөрийн арвин туршлагатай болсон шижигнэсэн залуус эдүгээ төрийн ажилд ханцуй шамлан, хамтран орж байгааг ийнхүү онцлон тэмдэглэж байна. 21-р зуунд ардчилсан Монгол Улсын төр засаг дэлхийн олон улсуудын адилаар төрийн захиргаанаас нийтийн удирдлагад шилжих шаардлага тулгарсан энэ цаг үед эдгээр залуус нийтийн удирдлагыг тэргүүлэх болж байгаа нь онцлог юм.
Төр засгийн үйл ажиллагааг тодорхой үр дүнд хүргэхийн тулд засаглалыг орцоор биш, гарц, өгөөж, нөлөөгөөр нь хэмжих цаг болчихоод байна. Оруулсан хөрөнгө оруулалтын дүнгээр биш юу бүтээсэн, ямар үр дүн гарснаар хэмжих дүгнэх ёстой. Тэгэхэд өндөр мэргэшилтэй, менежментийн боловсролтой менежер, манлайлагчид шаардлагатай байгаа юм.
Нийтийн сайн засаглалыг хэрэгжүүлэхэд эдүгээ Монголын төрийн албанд нүүрлээд, салж чадахгүй байгаа авлигыг арилгахад залуус тэргүүлэн оролцоно гэж иргэд хүлээж байгаа. Төрийн захиргаанаас нийтийн удирдлагад шилжих шилжилтийг бид ямар хугацаанд, яаж хийж чадахаас улс орны хөгжил, хүн ардын амьдралын чанар хамаарах боллоо. Шинэ технологи, хиймэл оюун ухаан, блокчэйн, цахилгаан хураагуур зэрэг шинжлэх ухаан технологийн аугаа их өөрчлөлтийг эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралын бүх салаа мөчирт чадмаг, өгөөжтэйгээр нэвтрүүлэх үүрэг залуусын өмнө тулгараад байна.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирсэн Монголынхоо үе үеийн бүх залууст баяр хүргэе. Амжилт хүсье.
2021.03.08