Индэр    
2021 оны 1 сарын 27
Зураг
Хуульч, сэтгүүлч

Хэвлэлийн эрх чөлөө ба хаалтын гэрээ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын хэвлэл мэдээллийн салбарт далд нуугдсан олон асуудал байдгийн нэг нь редакцын цензур билээ. Тухайлбал, “Таны ажилладаг редакцад хаалтын гэрээтэй эсвэл бусад шалтгаанаар бичихийг хориглосон сэдвийн хар жагсаалт бий юу” гэж асуухад нийт оролцогчдын 40 хувь нь “тийм” гэж хариулсан. Мөн 2018 онд хийсэн “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын түвшин тогтоох” судалгаагаар 300 сэтгүүлчийг хамруулснаас 52% нь редакцаас зарим асуудалтай холбоотойгоор нийтлэл, нэвтрүүлгийг нь хориглосон тухай дурджээ.

Дээрх дүнгээс үзэхэд хэвлэн нийтлэх эрх чөлөөний хамгийн тулгамдсан асуудлын нэг “хаалтын гэрээ” болоод байна. Гэвч хаалтын гэрээ хэмээх тухайлсан гэрээ байдаггүй бөгөөд сурталчилгааны гэрээ, хамтран ажиллах гэрээ дотор байдаг ганцхан заалтыг нэрлэж болно. Тухайлбал, “ЗАХИАЛАГЧ ТАЛЫН НЭР ХҮНДЭД ХАРШЛАХ АЛИВАА СӨРӨГ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЗАХИАЛАГЧ ТАЛД МЭДЭГДЭХ, НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ” гэдгийг хаалтын гэрээ гэдэг нэр томьёогоор ойлгож байгаа юм. Хаалтын гэрээг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байгуулах нь чөлөөт хэвлэл мэдээллийн тэнцвэртэй байх, олон ургалч, хараат бус байх зарчимтай нийцэхгүй юм.

Иймдээ ч УИХ-ын Сонгуулийн тухай хуульд хаалтын гэрээг анх удаагаа хориглосон. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.7 дахь хэсэгт “Аливаа хэвэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэснийг хаалтын гэрээ байгуулахгүй гэсэн утгаар ойлгож болохоор байна. Хэрэв энэхүү үүргээ зөрчвөл, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.19-д зааснаар иргэнийг 20,000,000 сая төгрөгөөр хуулийн этгээдийг 200,000,000 төгрөгөөр торгох хуулийн хариуцлагатай байна. Гэхдээ энэ нь зөвхөн сонгуулийн үеэр хүлээлгэх хариуцлага юм. 

Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн 2020.10.26-ны өдрийн 2/5569 албан тоот бичигтээ энэ төрлийн гомдол, мэдээлэл 1 иргэнээс ирүүлснийг шалгаснаас, зөрчлийн шийтгэл оногдуулаагүй тухай дурджээ. Хаалтын гэрээтэй холбоотой Иргэний хэргийн шүүхээс гэрээний маргаан одоогоор шийдвэрлээгүйг shuukh.mn нээлттэй цахим хуудаснаас харж болохоор байна.  

Хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд аливаа хэлбэрийн хаалтын гэрээ байгуулах нь эдийн засгийн хараат байдалд оруулдаг. Байгууллагын удирдлага нь тухайн хамтран ажиллагч этгээдийн эсрэг мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байх, тийм мэдээлэл бэлдсэн сэтгүүлчийн мэдээ, материалыг засварлах, бүр цаашлаад хориглох тохиолдол байдаг учир энэ нь сэтгүүлч, редакцын хараат бус, бие даасан байдалд ноцтойгоор халддаг юм. 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиараа аливаа хэлбэрийн цензурийг хориглосны дотроос 3 дугаар зүйл 3.1 дэх хэсэгт “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй”. Энэхүү заалтад бүх төрлийн цензур хамаарна. Засгийн газраас хэвлэл мэдээллийн зарим байгууллагуудтай “хамтран ажиллах” гэрээ байгуулж байгаа нь төрийн хяналт цензурыг тогтоох эрсдэлтэйгээс гадна олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашигт нийцсэн мэдээ, мэдээлэл бэлтгэх үүргээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь умартахад хүргэх аюултай үзэгдэл юм. Угтаа чөлөөт хэвлэл мэдээлэл нь олон нийтийн үнэнийг мэдэх зарчимд үйлчилдэг, хараат бус байх ёстой бөгөөд аль нэг талын дагнасан зар сурталчилгаа, мэдээлэл түгээх нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх биш гэж дүгнэж болно.