Индэр    
2021 оны 1 сарын 15
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Хөгжлийн зөв хэмжүүр

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан хувьсгалаас хойш Монголчууд улс орны хөгжлөө эдийн засгийн, тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтөөр л хэмжсээр ирлээ. 30 жилд манай ДНБ дунджаар 5.45 хувь өсчээ. 2011 онд бүр 17 хувь болж дэлхийд тэргүүлсэн. Тэгвэл эдийн засаг нь ингэж өсөөд байхад, яагаад хүн амын гуравны нэг нь ядуу хэвээрээ үлдээд байна аа. Хүн бүрд хүрэхгүй бол эдийн засаг өслөө гэх агуулга нь юу билээ?

Улсын хөгжлийг дан эдийн засгаар биш, нийгмийн дэвшлээр нь нэмж хэмжихийг Амартия Сэн, Дуглас Норд, Жозеф Стиглиц зэрэг нэр хүндтэй эрдэмтэд олон жилийн өмнөөс дэвшүүлж ирсэн. Энэ санааг Харвардын профессор Майкл Портероор ахлуулсан “Social Progress Imperative” ТББ-аас хэрэгжүүлж, 2014 онд дэлхийн 133 орны “нийгмийн дэвшлийн үзүүлэлтийг (НДҮ)” эрэмблэсэн анхны тайланг гаргажээ. Энэ НДҮ-ийн тайланд улс орныг иргэдийнхээ нийгэм болон орчны хэрэгцээг хэрхэн хангаж буйг хүний суурь хэрэгцээ, сайн сайхан оршихуйн суурь, хөгжих боломж гэсэн гурван үндсэн бүлэг, 50 үзүүлэлтээр илэрхийлдэг.

 

Нийгмийн сайн сайхан оршихуйг эдийн засгийн хүчин зүйлээс илүүтэйгээр нийгмийн ба орчны үр дагавраар нь хэмжсэн байна. НДҮ нь эдийн засгийн өгөгдлийг ашигладаггүй, оролтоор биш гаралтаар хэмждэг. Ингэснээр улс орны эдийн засгийн дэвшил нь нийгмийн ямар үр дагавар авчирч буйг хэмжих, эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлогыг юунд түрүүлж чиглүүлэх боломжийг төр засаг, бизнес, иргэний нийгэмд олгож байна. НДҮ-ийг тооцохдоо тухайн улсын болон НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын, төрөлжсөн болон мэргэжлийн байгууллагуудын тогтмол гаргадаг тайлан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг ашигладаг ажээ.

Суурь хэрэгцээ

НДҮ-ийн тайланд хүний суурь хэрэгцээг А.Масловын онолд суурилан, дөрвөн хэсэгт хуваан дүгнэжээ.

  1. Хооллолт ба эмнэлгийн анхан шатны тусламж (хоолны дутагдал, эх ба нялхсын эндэгдэл, хүүхдийн өсөлтийн хоцрогдол, халдварт өвчнөөр нас баралт)
  2. Ус ба ариун цэвэр (аюулгүй бус ус, ариун цэвэр, эрүүл ахуйн байдалтай холбоотой нас баралт, аюулгүй бус эсвэл цэвэршүүлээгүй усны эх үүсвэр ашигладаг хүн ам, аюулгүй бус эсвэл сайжруулаагүй ариун цэврийн байгууламж буюу боловсон бус жорлонтой хүн ам)
  3. Орон гэр (цахилгааны холболт, ахуйн агаарын хордлогоос үүдэлтэй нас баралт, цэвэр түлш болон хоол хийх технологийн хэрэглээ)
  4. Хүний аюулгүй байдал (амиа хорлолтын хувь, гэмт хэргийн хүлээлт, улс төрийн аллага ба эрүүдэлт, тээврийн осол) зэрэг ордог.

2020 оны тайланд Монгол Улс хүн амынхаа суурь хэрэгцээг 77.42 хувьтай хангаж 180 орноос 102-т жагсчээ. Хамгийн урд ба хойно байраар нь тухайлбал, хүүхдийн хоолны дутагдалтай (134-р байр), аюулгүй байдлаар буюу гэмт хэргийн хүлээлт бага гэдгээр 8-рт оржээ.

Сайн сайхан оршихуйн суурь 

Энэ бүлгийг мөн дөрвөн хэсэгт хувааж дүгнэжээ.

  1. Мэдлэгийн хүртээмж (сургуульд хамрагдаагүй эмэгтэйчүүд, бага сургуулийн элсэлт, дунд сургуулийн хамралт, дунд сургуулийн хамралтын хүйсийн ялгаа, чанартай боловсролын хүртээмж)
  2. Харилцаа холбоо ба мэдээллийн хүртээмж (үүрэн утасны хэрэглэгчийн тоо, интернетийн хэрэглэгч, цахим засаглалын хүртээмж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хяналт)
  3. Эрүүл мэнд ба сайн сайхан оршихуй (жараас дээш наслах хүлээлт, халдвартай бус өвчнөөр зуурдын нас баралт, амин чухал үйлчилгээний хүртээмж, эрүүл мэндийн чанартай үйлчилгээний хүртээмж)
  4. Орчны чанар (гаднах агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралт, хүлэмжийн хийн ялгарал, тоосонцор, амьтан ургамлын бөөгнөрөл (biome)) орж байна.

2020 оны тайланд Монгол Улс сайн сайхан оршихуйн үндсэн шаардлагыг 71.27 хувиар хангаж 87-д жагсчээ. Хүн амтайгаа харьцуулахад гар утасны хэрэглээгээр дэлхийд тэргүүлж (1-р байр), халдварт бус өвчнөөр нас барагсдын тоогоор 173-т оржээ.

Боломж

Энэ бүлгийг бас дөрөв хувааж дүгнэжээ.

  1. Хүний эрх (улс төрийн эрх, үг хэлэх эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, шударга ёсны хүртээмж, эмэгтэйчүүдийн хөрөнгө өмчлөх эрх)
  2. Хувь хүний эрх чөлөө ба сонголт (найдваргүй ажил олголт, эрт гэрлэлт, жирэмслэхээс хамгаалах боломж, авлига)
  3. Хамралт (ижил хүйстнийг хүлээн зөвшөөрөх, цөөнхийн эсрэг гадуурхал ба хүчирхийлэл, хүйсийн улс төрийн эрх мэдлийн тэгш байдал, нийгэм-эдийн засгийн ялгаатай бүлгийн улс төрийн эрх мэдлийн тэгш байдал, нийгмийн ялгаатай бүлгийн улс төрийн эрх мэдлийн тэгш байдал)
  4. Ахисан түвшний боловсролын хүртээмж (дээд боловсрол эзэмших хугацааны хүлээлт, ахисан боловсролтой эмэгтэйчүүд, чанараар нь жигнэж дүгнэсэн их сургуулиуд, хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгүүд) орж байна.

2020 оны тайланд Монгол Улс иргэдийнхээ хөгжих боломжийг 64.52 хувиар хангаж 52-т жагсчээ. Цөөнхийн эсрэг хүчирхийлэл бага (16-р байр), харин ахисан түвшний боловсролтой эмэгтэйчүүдийн хувиар 131-рт оржээ.

 

Улс орныхоо хөгжил дэвшлийг ганц ДНБ-ий өсөлтөөр биш нийгмийн дэвшлийн үзүүлэлтээр хэмжих цаг болсныг дээрх тайлан харуулж байна. Тиймээс нийгмийн дэвшлийг төр засаг, бизнес, иргэний нийгмийн тэргүүлэгчид нэн тэргүүний зорилгоо болгох шаардлагатай байна. Нийгмийн дэвшлийн үзүүлэлт нь тухайн улсын тогтвортой хөгжлийн (SDG) зорилтын биелэлтийг хэмжихэд онцгой хүчин зүйл болох юм.

Нийгмийн дэвшил автоматаар эдийн засгийн хөгжлийг авчрахгүй. Гэхдээ хүн амын орлогын өсөлт нь цэвэр ус, ариун цэвэр, бичиг үсгийн тайлагдал ба суурь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлдэг нь үнэн.

Зураг