Индэр    
2020 оны 12 сарын 15
Зураг
Хуульч, сэтгүүлч

Үнэн ҮХСЭН!

Зураг
Бурхан үхсэн гэж Фридрих Ницше хэлж байсан шиг үнэн үг, мэдэх эрхийн хамт 2020 оны 12 сарын 08 өдрийн 23 цаг 58 минутад “амьдаараа” булшлагдав. 

Мэдээллийг түгээж болохоос тарааж байдаг цаасан мөнгө биш ээ

Эрдэмтэд “...шинжлэх ухаан, техникийн нэр томьёо оновчгүй, будлиантай байхыг гадаад далайн дунд яваа далайчдад битүү манан, их салхи, хоёр тохиолдохтой зүйрлэдэг”  ажээ. 
 
Бид бүхэн нэг үзэгдэл, үйл явцыг олон янзаар нэрлээд, эцэс сүүлд нь учраа олохоо болиход хүрэхэд тун амархан болж буйн нэгээхэн жишээг дор өгүүлье. 
 Мэдээллийн эрх чөлөө гэгч бүлэг эрхэд:
  • Хүн мэдээлэл хайх
  • Мэдээлэл олж авах
  • Мэдээлэл хүлээн авах
  • Мэдээлэл түгээх эрхүүд тус тус багтдаг. 
Мэдээлэл хүртэх буюу хүлээн авах эрх нь хүнээс идэвх, зүтгэл шаардахгүйгээр буйдан дээрээ сууж зурагт үзэх, гал тогоондоо хоолоо хийнгээ радио сонсох мөчид ч хэрэгжих боломжтой. Харин мэдээлэл эрж хайх, олж авах эрх нь хүнээс аль нэг тийшээ явах, мэдээлэлдээ зориулан хайлт хийх, сураг гаргах, мөрөөр нь хөөх, цуглуулах, боловсруулах зэргээр хүнээс оролцоо шаардаж байдгаараа ялгаатай байдаг. Энэ бүх үйлдлийн эцсийн зорилго бол түгээх эрх юм. Гэвч сүүлийн үед мэдээллийг эрж хайж, олж авлаа ч түгээхгүй байх эрхтэй гэж үздэг болсон. 
 
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д “...мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй...” гэж хуульчилснаараа түгээх эрхийг үгчлэн зааж оруулсангүй. Гэвч хууль зүйн эрдэмтэн, доктор Совдын 2000 онд өгч байсан тодорхойлолтоор түгээх эрхийг цаашид баталгаажсанд тооцох учиртай юм.
 
“Хэвлэлийн эрх чөлөөгүйгээр иргэний нийгэм эрх зүйт төр байж болохгүй тул үүнийг ардчиллын үндсэн асуудал гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй”  тухай дурдсан байдаг. Тэрээр цааш нь иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх бол тэдгээрээс үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, улс төрийн эрх чөлөөг хангах үндсэн арга хэрэгсэл гол баталгаа гэж үзсэн.
 
Эрүүгийн хуулийн 13.14-т Худал мэдээлэл тараах, мөн хуулийн 14.8-т Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэсэн зүйл анги мөрдөгдөж байгаа бол Коронавируст халдвар /КОВИД19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13.3-т ... олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно.
 
Зөрчлийн хуулийн 5.13-т Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн бол... хэмээн томьёолсон байна. Энэ мэтчилэн тараах, түгээх гэсэн үгийн аль оновчтойг нь сонгож хуульчлахгүй бол хэргийг шалгаж буй эрх бүхий албан тушаалтан нь худал мэдээллийг цахим орчинд хуваалцсан (to share) хүмүүст ч хариуцлага хүлээлгэх эрсдэл учирч болохыг үгүйсгэхгүй билээ.
 
Нөгөө талаас Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудаас харахад бараа, бүтээгдэхүүнийг түгээх (to distribute), харин мэдээллийг тараах (to disseminate) гэсэн нэр томъёог ашиглаж байгаа нь нийтлэг байна. Харин олон улсын хэм хэмжээнд нэгэнт тогтсон үг хэллэгээр томьёолох нь зүйтэй. Тухайлбал, Иргэний болон улс төрийн эрхийн тух олон улсын пактад “түгээх” эрх чөлөөтэй гэсэн бол, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “түгээн дэлгэрүүлэх” эрх чөлөөтэй болохыг заажээ. Иймд түгээх гэдэг нэр томьёог хэрэглэх нь зүйд нийцнэ.
 
Энэ талаар нэр бүхий гурван гишүүний санаачилсан Эрүүгийн хуулийн 13.14-т нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд мэргэжлийн байгууллагуудаас өгсөн саналдаа тайлбарласан юм сан.  ХЗДХЯ-наас боловсруулсан гэх “болчимгүй” гэмээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлдөө 13.14 дэх заалтыг “Худал мэдээлэл тараах, түгээх” болгон өргөжүүлжээ. Болдоггүй бор өвгөний Хурмастын эзэнд хэлдэг тайлбарт гардаг шиг “нисдэг бор морийг идээд ир гэсэн үү, нисдэггүй бор морийг идээд орхи гэл үү”, ээ халаг минь! Ниргээд орхиж. 

Хачин юм даа... Хардах эрхтэй гэнэ үү?

Бид бүхний чихэнд хардах эрхтэй гэдэг үг хэдийнээ дасал болжээ. Сүүлдээ бүр хоногшиж үлдэх нь холгүй гэлтэй. Гэвч хардах эрх гэж байхгүй бөгөөд зөвхөн таамагласан байр сууринаас асуудалд хандах эрх бид бүхэнд нээлттэй.
 
Ямар ч хууль, олон улсын гэрээ конвенцыг үзэхэд хардах эрх гэдэг нэр томьёотой  тааралдахгүй. Мэдэх эрх гэж  байдаг бол эл эрхийг мушгин гуйвуулж тайлбарлахдаа хардах эрх болгон хувиргажээ. Нөгөө талаас, хардах эрх гэгч нь хууль зүйн нэр томьёо гэхээсээ илүүтэй сэтгэл зүйн үг хэллэг юм.
 
Ямар тохиолдолд хардах нь хуулийн нэршил болох вэ гэвэл хардсан, сэрдсэний улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хардах сэдэлтээр хүн алсан зэрэг тохиолдолд энэхүү сэдэлтийг нь хүндрүүлж үздэг. Хардах өвчтэй эхнэр, нөхрийн гаргадаг үйлдлийг хамаагүй ярихдаа бид хардах эрхтэй гэж тунхаглах нь яавч оновчтой биш юм. Харин та гагцхүү мэдэх эрхтэй. Мэдэх мэдэхдээ үнэнийг мэдэх эрхтэй билээ.

Дөрөв дэх засаглал бус дөрөв дэх эрх мэдэл билээ

Хэвлэл мэдээллийн салбарыг дөрөв дэх засаглал гэж өргөмжлөөд бүр байтлаа сурчихлаа. Гэвч сэтгүүл зүй нь засаглах эрх бүхий субьект биш юм. Эрх мэдлийн хуваарилалтын онол ёсоор гүйцэтгэх, засаглах, шүүх эрх мэдэл гэсэн гурван төрөл байж болох тухай аугаа сэтгэгч Джонн Локк, Ш.Л Монтесью нарын бүтээл, үзэл баримтлал байдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх буй заа.
 
Англи хэлэнд “estate”-байр суурь. Орос хэлэнд “влась” гэж нэр томьёог бид Монгол хэлрүү хөрвүүлэхдээ шууд утгаар нь буюу дөрөв дэх засаглал гэж андуу, ташаа буулгажээ. Нэрт эрдэмтэн Б.Чимид багш энэ талаар дурдахдаа “манайхан засаглал хэмээн андуурч, төр түүний байгууллагын нэг хэсэг мэт буюу аанай л бусдыг засагладаг, захирдаг, дэглэдэг хүч хэрэгсэл мэт ойлгуулан тэгснээр ард олноос хөндийрөхөд хүргэж болзошгүй байна. Юуны чинь засаглах вэ? Харин засаг төрийг олны мэдээллийн хүчээр л хянаж ариусгах онцгой эрх мэдэл байхгүй юу” гэжээ. 
 
Иймд засаглал гэж хөөргөн сэнтийд залалгүйгээр засаглалд зөвлөх үүрэгтэй түшмэлийн байр сууринаас асуудалд хандвал илүү үр дүнтэй болов уу.
 
Мөн сэтгүүл зүйн салбар л гээд байдаг олон улсад хэвлэл мэдээллийн салбар гэж байхаас сэтгүүл зүйн салбар гэх нэршил байхгүй болохыг уншиж буй номууд, үзсэн дуулсандаа тулгуурлан хэлж чадахаар байна. Зөвхөн “media sector” гэх үгтэй таарна. Та хаанаас ч “journalism sector” гэх үгийг олохгүй. Хайлаа ч тусыг эс олно. Сэтгүүл зүйн талбартаа манай сэтгүүл зүйн салбар гэж ахин бүү яригтун!

Холоос ирсэн watch dog, хотонд ирээд манай банхар болж төлөвшсөн нь

Англи хэлэнд “right to suspect”, Орос хэлэнд “право подозревань”. Угтаа хяналтын эрх буюу англиар “public watch dog”-ийг монгол хэлнээ орчуулбал, “олон нийтийн хяналт” гэж орчуулагдаж болно. Бүр элдэв чимэг нэмж яримаар санагдаад байвал хоточ банхарын үүрэг ч гэж нэрлэхэд гэмгүй.
 
Хуучин эрүүгийн хуульд байсан (2002-2015) Гүтгэх 110, Доромжлох 111 дэх заалт, Зөрчлийн хуулиар хэсэг зохицуулах гэж үзсэн Гүтгэх 6.21 дэх заалтууд одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн Худал мэдээлэл тараах 13.14 дэх заалтууд Монгол Улсын иргэн бүрд хамаатай. Хатан Мандухай хаанаа сонгож өргөмжлөх асуудлаа “хамаатай хамгийн их хамаатай” гэснээс ч илүү хамаатай зүйл заалтууд. Эдгээр заалтуудыг эрх мэдэлтнүүд ийш тийш нь хөдөлгөж, элдэв янзаар оролдох бүрд сэтгүүлчид хамгийн их дуугардаг, эмзэглэдэг юм. Учир нь, сэтгүүлчид бидний өмнөөс үнэнийг эрж, аливаа асуудлыг сурвалжилж, мэдээлж явдгаараа онцлогтой мэргэжил.
 
Жирийн иргэд өндөр их итгэлээ сэтгүүл зүйд өгсөн хэрэг. Иймдээ ч хариуцлагатай байх, үнэнийг түгээхийг тэндээс шаарддаг юм.  Сэтгүүлчид бидний үзэх нүд, сонсох чих бөгөөд эрхтэн дархтан, эвэртэн туурайтны болохгүй, бүтэхгүйг олон түмэнд илчилж өгснөөрөө хариуцлага хүлээх ёсгүй юм. Мөн түүнчлэн иргэд шударга шүүмжлэл өрнүүлж, засаг төрд дуу хоолойгоо хүргэх зэргээр шүүмжлэлт сэтгэлгээ, чөлөөт илэрхийллийг хааж боох гэсэн оролдлого хэрхэвч хийж болохгүй. Эс бөгөөс бид ардчиллын замаар бус албан тушаалтны дохиураар хөдөлдөг айдаст автсан нийгэм рүү хүссэн, хүсээгүй ч очих болно.

Хулгайтай тэмцдэг арга барилаар худлын араас зууралдсан хууль батлаад яах юм бэ! 

Нэг хуулийн нэг зүйл, нэг заалтаар нийгэмд тулгарч буй хүндхэн асуудлуудыг нэг мөр шийдэх боломжгүй билээ. Захиалгаар хүн алж болохоос худал мэдээлэл түгээх боломжгүй болохыг хуулийн сургуулийн захын хүүхэд хууль зүйн сайдаас ч илүү мэдэх биз! Асуувал хэлээд өгнө дөө.
 
Хүүхдийн эрхийг зөрчиж худал мэдээлэл тараахыг хүндрүүлж байгаа бол 2016 онд баталсан Хүүхдийн эрхийн тухай бие даасан хууль байгаад яах юм бэ! Ялгаварлан гадуурхсанаас үүдэлтэйгээр үзэн ядаж, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тарааж байгаад ялтан болгох гэж байгаа бол ялгаатай зохицуулсан Эрүүгийн хуулийн 14.1 Ялгаварлан гадуурхах заалт байгаад яах юм бэ!
 
Үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомстол болох үерийн ус шиг гамшиг цар тахлын үеэр шуугин орж ирээд байгааг Өрсөлдөөний тухай хууль, Цар тахлын тухай хуулиар хариу арга хэмжээ авч чадахгүй байгаа бол бие даасан хууль байгаад яах юм бэ! Энэ бүхнийг ойлгохгүй эргүүтэж байгаа бол эрхэм сайд байгаад яах юм бэ!