Индэр    
2020 оны 11 сарын 25
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Хяналтгүй засгийн хазааргүй хямрал

Зураг

Японы эзэн хааны одонг хүртсэн анхны гадаад хүн бол Эдуард Деминг. Түүнийг Япон чанарын суурийг тавьсан гэдэг. Тэрбээр аливаа үйлийн үр дүнгийн чанарыг дээшлүүлэхийн тулд дөрвөн ажил заавал дараалан хийгдэх ёстой гэж сургажээ. Үүнийг

  1. Төлөвлөх
  2. Гүйцэтгэх
  3. Шалгах
  4. Засах (Plan-Do-Check-Act) буюу Демингийн тойруу гэдэг.

Монголын төр засгийн, төрийн бус байгууллагуудын хямралын гол шалтгаан нь энэ дөрвөөс нэгийг нь огт хийхгүй болсонтой холбоотой. Монгол Улсын төр засаг, төрийн өмчит компаниуд, тусгайлсан хуультай ТББ-уудад хяналт шалгалтын тогтолцоог санаатайгаар сарниулж, нэр төдий болгож, хэсэг бүлэг хүмүүс нийтийн хөрөнгийг хувьдаа завших, баяжих хэрэгсэл болгоод байна. Үр дүнд нь эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа зорилгоосоо хазайж, үндсэн үүргээ биелүүлж чадахгүй, улмаар чөлөөт өрсөлдөөнийг хумиж, эдийн засгийн хөгжлийг гацааж, удирдлагыг нь солиод ч урагшлахгүй болчихсон.

Аливаа байгуулал (инстүүц) нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд өөрийн дүрэм, журам, холбогдох хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа гүйцэтгэх ёстой. Гүйцэтгэл нь зорилгынхоо дагуу, үр өгөөжтэй явж буй эсэхийг гүйцэтгэх удирдлагын бүтцэд багтдаг дотоод хяналт хариуцдаг. Харин гүйцэтгэх удирдлагыг хянах үүрэгтэй засаглал доторх дотоод аудит нь тодорхой заасан хугацаанд, дотоод хяналтыг нь хамруулан шалгаж дүгнэдэг ажээ. Засаглал доторх дотоод аудит нь дотоод хяналт хараат бусаар ажиллаж, ямар нэг эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж байна уу, санхүүгийн сахилга бат ямар байна, тодорхой хууль, журамтайгаа нийцэж (compliance) буй эсэхийг шалгахаас гадна засаглалын гаднах гадаад аудит, гадаад хяналтын инстүүцүүд дараалсан аудит, хяналт хийдэг.

Засгийн газрын эрсдэл

2011 онд Төсвийн тухай хууль шинэчлэн батлагдаж, тус хуулийг хэрэгжүүлэх тухай Н.Алтанхуягийн Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоол гарч МХЕГ-ын бүтцэд байсан Санхүүгийн хяналт шалгалтыг Сангийн яаманд шилжүүлжээ. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн “төрийн бүх хяналт нэгдмэл байна”, мөн “Санхүүгийн хяналт шалгалт нь хараат бус, хөндлөнгийн байна” гэсэн заалтуудыг зөрчжээ. Засгийн газар нь яамдууд, тусгай сангууд болон ТӨК-уудын санхүүг хянах чадваргүй болов. Улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтыг хянах боломжгүй болов. Тод жишээ нь Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр хувьдаа худалдан авсан, ЖДҮ-ийг дэмжих санг хариуцсан сайдтай нь хуйвалдан УИХ-ын гишүүд завшсан, Нийгмийн даатгалын хөрөнгийг Капитал банкинд хадгалуулж алдсан зэрэг олон хэргүүд үүнийг гэрчилнэ. Энэ бол зөвхөн илэрсэн хэргүүд нь.

Уг нь бол төрийн хяналт шалгалтын тухай хуулиар Мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүхий л салбар чиглэлээр судлан нэгтгэж, тэдгээрийг боловсронгуй болгох саналаа жилд нэг удаа Засгийн газарт танилцуулах үүрэгтэй юм. Харин саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай уулзахдаа энэ асуудлыг хөндөж, “санхүүгийн хяналт, шалгалтыг Мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоонд буцаан шилжүүлэхийг” Шадар сайддаа үүрэг болгов. Засгийн газрын дотоод аудитыг Сангийн яам биш, Засгийн газрын хэрэг эрхлэх газар хариуцаж, Сангийн яам нь дотоод хяналтаа хэрэгжүүлэх ёстой баймаар.

Бүртгэлийн салбарын эрсдэл

Мөнгө бол материаллаг үнэ цэнийн илэрхийлэл. Энэ үнэ цэнийн хөдөлгөөн бүрийг үнэн зөв бүртгэхгүйгээр хорвоо ертөнц хэвийн ажиллах боломжгүй.

Зөвхөн зөв бүртгэхээс гадна, түүнийг нь хянаж, хөндлөнгөөс баталгаажуулж, тухайн улсын хууль, журмаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн практикт нийцэж байгаа эсэхийг тогтмол дүгнэж, алдаа дутагдлыг нь засч залруулах шаардлагатай.

Монгол бол ардчилсан, зах зээлийн тогтолцоотой улс. Өнөөдөр эдийн засагт төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажиллаж байна. Төр нь аж ахуйн нэгжүүд хүн, байгальд хоргүйгээр ажиллаж, хууль журмыг сахидаг байлгахыг хариуцдаг. Иргэд, байгууллагууд нэгдэж эрх ашгаа хамгаалсан холбоо үүсгэдэг. Эдгээрийг төрийн бус байгууллага (ТББ) гэдэг. Манай улсад төрийн байгууллагын түшмэд, УИХ-ын гишүүд, сайд нар ТББ-ын удирдлагад оролцож ирсэн нь томоохон ашиг сонирхлын зөрчил дагуулах болов. Өмнөх Их хурлын гишүүд элдэв сангууд, нутгийн зөвлөл, бөхийн холбоо, мэргэжлийн холбоодод сонгогдож, нийт 300-аад ТББ-ыг удирдан ажилласнаар хандив авах, мөнгө угаах гэмт хэрэг зэрэгт шууд ба шууд бусаар оролцсон судалгаа гарчээ.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт гэж төрийн бус байгууллага бий. Төрөөс хараат бус байх ёстой энэ байгууллага энэ оны эхээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд оруулсан шинэчлэлээр нэмж төрийн ажлыг гүйцэтгэх болов. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн тулд заавал зөвшөөрөл авах ёстой боллоо. Тэр зөвшөөрлийг нь зөвхөн энэ институт олгодог бас цуцалдаг болов. Уг нь энэ төрлийн зөвшөөрөл тусгай зөвшөөрлийн тухай хуулинд байхгүй. Энэ институтэд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, цуцлах, тэднийг сургах, аудиторын ёс зүйн дүрмийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандарт, өөрчлөлтийг орчуулах, үндэсний стандарт боловсруулах, хэрэглээний тайлбар, зөвлөмж гаргах үүргийг 2015 онд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиа шинэчлэн олгосон.

Ийнхүү нэг ТББ-ыг онцгойлон дархалсан нь салбарын тэгш боломж, чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлаж буй хэрэг гэж үзэх суурийг тавьсан. Төрийн зарим үүргийг хөнгөлж, ТББ-д шилжүүлж болох бөгөөд тэгсэн тохиолдолд тухайн байгууллагад ёс зүйн өндөр шаардлага тавигдана. Төрийн үүргийг гэрээгээр хүлээсэн байгууллагын удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад төрийн удирдах ажилтан орохгүй, харин хяналтын зөвлөл, ялангуяа дотоод аудитад орж болох юм. Мөн төрийн тодорхой үүргийг хүлээсэн ТББ нь Шилэн дансны хуулийг дагаж мөрдөх ёстой. Гэтэл тус институт дээрх хоёр шаардлагыг биелүүлдэггүй ажээ. Энэ институтийн дэд Ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүд нь голдуу Сангийн яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудиторууд хүртэл орсон байх юм. Байгууллагын санхүүгийн тайлан мэдээ нь цахим хуудсандаа алга байна.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс гадна бүртгэл, аудит, татвар, хөрөнгийн үнэлгээний салбарт тусгай хуулиар эрх олгосон төсөөтэй бусад байгууллагууд, тухайлбал Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг зэрэг нь мөн л дээрх шаардлагуудыг биелүүлж, үйл ажиллагаа нь ил тод, шилэн дансаа хөтлөх үүрэгтэй.

Дотоод аудит, хяналтын эрсдэл

Төрийн болон олон нийтийн бүх байгууллага, олон нийтийн өмчийн бүх компаниуд, сайн засаглалтай аж ахуйн байгууллагуудад дотоод хяналтын тодорхой бүтэц байдаг. Дотоод аудитор, дотоод аудит нь хуулийн этгээдийн нэгж хэдий ч ажлаа ТУЗ-д нь тайлагнах үүрэгтэй. Дотоод аудитын нэгжийн зорилго, үүргийг ажиллагсад нь ойлгодоггүй, гүйцэтгэх удирдлага нь дэмжиж, хамтарч ажиллаагүйгээс хяналтын орчин бүрддэггүй ажээ. Дотоод хяналтын орчин суларсан газар олон төрлийн эрсдэл гардаг, урьдчилан сэргийлэх боломж байдаггүй. Дотоод аудит бол хувьцаа эзэмшигчдийн нүд, чих нь байх учиртай.

Монголд төрийн өмчит компанийн дотоод аудит, хяналтын ажлыг эрс шинэчлэх шаардлагатай байгаа. Тэдгээрийн удирдах зөвлөлд яам, газар, хэлтсүүдийн дарга нар сууж тусгай цалин, хангамж эдлэх болсон нь төрийн жирийн албан хаагчид, иргэдийн анхаарлыг татах боллоо. Төрийн өмчийн бүх компаниудын дийлэнх хувьцааг олон нийтийн өмч болгож өмч хөрөнгийн хяналтыг сайжруулах цаг болжээ. Мөн тусгай хуулиар үйл ажиллагааг нь зохицуулдаг МҮХАҮТ, МҮОНРТ зэрэг байгууллагуудын дотоод хяналтын ажлыг сайжруулж, зохих ёсоор нь ажиллуулж чадсан бол дотоодын хямрал нь удирдлагыг нь заавал солих хэмжээнд хүргэхгүй байсан. Монгол Улс 1996 онд гишүүнээр нь элссэн НҮБ-ын Олон улсын хяналтын дээд байгууллагын (INTOSAI) дотоод хяналтыг яаж хэрэгжүүлэх тухай зөвлөгөөг дагаж мөрдөх хэрэгтэй байна.

Зураг