Индэр    
2020 оны 9 сарын 24
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Үл үзэгдэх ба үзэгдэх гарууд

Зураг

‘Чөлөөт зах зээл гэж байхгүй, төрийн зохицуулалттай зах зээл л гэж бий”. У.Хүрэлсүх

Өнгөрсөн долоо хоногт МУ-ын Ерөнхий сайдын хэлсэн энэ үг зах зээлийн эдийн засагт 30 жилийн өмнө шилжиж эхэлснээс хойш иргэд нь түүхэндээ хэзээ ч байгаагүй баяжин, төрөл бүрийн унаа тэрэг, орон гэр, хувцас хунар хэрэглэж, дэлгүүр зах нь түмэн сонголттой болсон Монголын нийгмийг чөлөөт зах зээлийн тухай дахин нэг эргэцүүлэн бодуулж, нэг хэсгийг нь ихээхэн бухимдуулж орхив. Одоо бүр бидний юу ууж идэх, өмсөх зүүхийг төр мэддэг болох нь уу гэж зарим нь дургүйцэж байна. ЕС-тай зэрэгцээд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ‘гурил, талхны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй’ гээд үнээ буулгахыг ААН-үүдээс шаарджээ.

Ихэнх иргэдэд талх, махны үнэ буурах тухай сонсоход таатай байгаа ч, эдийн засгийг нуруун дээрээ авч яваа хувийн хэвшлийн олон мянган аж ахуйн нэгжийн хувьд ирэх дөрвөн жилд эдийн засаг ер нь яах бол, төр засаг цар тахлаар хаацайлж юу л хийх гээд байна даа гэсэн болгоомжлол, эргэлзээ төрүүлж эхлэв.  

Уг нь бид бүх барааны үйлдвэрлэл, хэрэгцээ, үнийг төрөөс төлөвлөдөг захиргааны эдийн засгийг орхиж, зах зээлийн эдийн засагт шилжээд явж байгаа. Чөлөөт зах зээл гэж юу болох, төрийн зохицуулалт шаардлагатай эсэх, төрийн алдааг яаж засдаг тухай улс орон даяараа дахин нэг ярилцах цаг иржээ.

Үзэгдэх ба үл үзэгдэх зохицуулалт

Хүний нийгэмд амьдарч оршихын тулд идэх хоол, орох оронтой байх зэрэг хамгийн анхан шатны хэрэгцээгээ хангах болдог. Тэгэхийн тулд юуг, яаж, хэнд зориулж бүтээх гэсэн гурван асуудлыг шийддэг. Түүхэнд энэ асуудлыг заншил, захиргаа, зах зээлийн гэсэн гурван аргаар шийдэж ирсэн. Олон оронд энэ асуудлыг жишээ нь, айлын том хүү нь шийддэг заншилтай. Захиргаа буюу яаж төр засаг нь шийддэг, яагаад бүгдээрээ ядуу болдог тухай Монголчууд 20-р зууны амьдралаараа сайн мэднэ. Цэвэр зах зээл (laisser faire = зөнд нь орхи) буюу үл үзэгдэх гар шийддэг гэж 18-19 дүгээр зуунд Англи, Америкт үзэж байсан.

Яг үнэндээ бол зах зээл буюу үнэ, эрэлт, нийлүүлэлт, ашиг, алдагдал зэргийг мэдэрдэг “үл үзэгдэх гар” (А.Смит. 1776) болон захиргаа буюу төр засгийн албадлагаар, хууль журам, тушаал заавраар ажилладаг “үзэгдэх гар” эдийн засгийг хослон удирдаж, харилцан зохицуулж иржээ.

Үл үзэгдэх гарын ид шидийг жишээ нь Монголчууд сайн мэддэг болсон. Улаанбаатар хотын хоёр сая хүн маргааш талх, мах олдохгүй болно, өлсөнө гэж бодохгүй унтаж босоод тэдгээрийг хэрэгцээгээрээ худалдаад авдаг. Яг ямар, хэдэн талх үйлдвэрлээд, хэнд хүргэсэн байх зэргийг хэн ч нэгтгэн төлөвлөдөггүй. Танай гудамжны жижиг дэлгүүрийн эзэн яг хэдэн талх аваад, ямар үнээр зарвал оройдоо бүрэн дуусдгийг алдаагүй тооцож чадна. Олон түмэн барааны нийлүүлэгчид, хэрэглэгчдийг зах зээлийн “үл үзэгдэх гар” ингэж холбодог.

Дээрх гурван асуудлыг нэг зэрэг, хамгийн өгөөжтэй шийдэж чаддагаараа шалгарсан сонгомол арга бол зах зээл. Юуг үйлдвэрлэх вэ гэдгийг хэрэглэгчийн мөнгө сонгоно. Хамгийн их сонголттой тэр барааг үйлдвэрлэж хамгийн их ашиг олохыг бизнес хүснэ. Харин яаж үйлдвэрлэх вэ гэдгийг өрсөлдөөн тодорхойлно. Хэнд зориулж гэдгийг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн (байгалийн баялаг, хөдөлмөрлөх хүч, капитал) эрэлт, нийлүүлэлт тогтооно.

Гэхдээ үл үзэгдэгч гар алдаа гаргадаг. Учир нь хүний араншинд ашгаас цаана шунал гэж бий. Бүх зах зээлийг ганцаараа эзлэж авах шунал, үгсэн хуйвалдаж, бараа үйлчилгээг хэт өндөр (monopoly) үнээр, эсвэл хэт хямд буюу зардлаасаа доогуур (damping) үнээр борлуулж өрсөлдөгчөө унагаах зэргээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг огцом алдуулж, зах зээлд цочроо өгдөг. Өөрөөр хэлбэл үнэ бодит байдлыг бүрэн мэдээлж чадахгүй болдог. Үүнийг зах зээлийн алдаа (market failure) гэдэг. Манай мал аж ахуйн салбар тод жишээ нь. Бэлчээрийн даац хэтэрч, 70 сая малын 40 хувь нь ямаа болсон.

Зах зээл бас байгаль орчин, хөрс, агаар, усыг бохирдуулахад хүргэдэг. Хоёр талын арилжаанд ямар ч хамааралгүй гуравдагч этгээд хохирохыг сөрөг дам нөлөө (negative externality) гэдэг. Жишээ нь байгаль орчин бохирдуулж буй үйлдвэрүүдэд төр тодорхой хууль журам гаргаж (үзэгдэх гар) албадан мөрдүүлдэг. Аль эсвэл татвар болон бусад хэрэгслээр зохицуулдаг.

Бас эерэг дам нөлөө (positive externality) ч гэж бий. Жишээ нь, компаниуд судалгаа, хөгжүүлэлтэд хөрөнгө оруулж, зах зээлийн бусад оролцогчид, бүх нийтээрээ хамтран ашиглаж болох шинэ мэдлэг бүтээдэг.

Ийнхүү үл үзэгдэх гарын алдааг төрийн ил тод харагддаг, үзэгдэх гараар зохицуулдаг. Үүнийг төрийн зохицуулалт гэдэг бөгөөд төр зохицуулах ёстойг нь зохицуулахгүй, ёсгүйг нь зохицуулахыг оролдохоор эдийн засагт бас уналт үүсдэг.

Юуг зохицуулах вэ?

Төрийн зохицуулалт, төлөвлөлт буюу төрөөс эдийн засагт оролцож буй хэлбэр нь шударга өрсөлдөөнийг хязгаарлах биш, дэмжихэд л чиглэх ёстой. Ардчилсан төр засгийн гол үүрэг нь угаасаа хүний амь нас, аюулгүй байдал, эд хөрөнгө, эрх чөлөөг хамгаалахад оршдог. Харин хувийн компани хийсэн ч, төлбөрөө тус бүрд нь авах боломжгүй учир нийтийн бараа үйлчилгээг төр засаг бүтээдэг. Үүнд батлан хамгаалах, байгаль орчныг хамгаалах, зам гүүр барих, бүх нийтийн боловсрол, эмнэлгийн үйлчилгээ зэрэг ордог.

Чөлөөт өрсөлдөөн ч гэсэн өөрийн дэг жаяг, дүрэмтэй. Зах зээл өрсөлдөөн ихтэй үед орон зайгаа амархан алдаж болох учир үнээ дураараа нэмдэггүй. Харин өрсөлдөгчид үгсэн хуйвалдсан (олигопол), эсвэл монополь нөхцөлд төгс бус өрсөлдөөн бий болдог. Монголд жишээ нь АПУ-Спирт Бал Бурам, Говь-Гоёо зэрэг компаниуд нэгдсэнээр зах зээлд давамгай байр суурьтай болсон.  

Талх, махны үнэ бол харьцангуй олон жижиг тоглогчтой учир үгсэн хуйвалдах боломж бага. Үнээ хэт өндөр болговол борлуулалт буурах учир хязгаар гэж байгаа. Ялангуяа орлуулж болох бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт бол богино хугацааных. Харин түлш, шатахууныг импортолдог хэдэн компани бүгд л Оросын нэг нийлүүлэгчээс авдаг учир үнэ дээр үгсэн нэгдэх магадлал өндөр.

Энэ бүх ялгааг манай ШӨХТГ анхааран ажиллах ёстой. Эцэст нь төр засгийн зохицуулалт нь юуг, яаж, хэнд зориулж үйлдвэрлэх гэдгийг зах зээлийн үл үзэгдэх гарт нь үлдээгээд, харин зах зээлийн дээр дурдсан алдааг засч залруулахад л чиглэж чадвал эдийн засаг үр өгөөжтэй хөгжих юм.

Төр засаг нь (үзэгдэх гар) чөлөөт өрсөлдөөнийг гажуудуулсан зохицуулалт хийгээд байвал эдийн засаг нь зогсонги болж, хямралд өртдөг. Үүнийг төр засгийн алдаа гэдэг. Тэр алдааг “үл үзэгдэх гар” өөрийн ээлжиндээ засах хүртэл эдийн засгийн өсөлт ирдэггүй. Тэр засвар нь ардчилсан улс оронд төр засгаа ээлжит сонгуулиар сольж, төрийн бодлогоо өөрчилсний дараа л хэрэгждэг.

Эдийн засгийн хөгжилд зах зээлийн болон төр засгийн зохицуулалт хоёулаа шаардлагатай.

 

2020.09.17

Зураг