Индэр    
2020 оны 4 сарын 24
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Хавчиг хонгил ба аюулгүй байдал

Зураг

УИХ хэлэлцэх гэж буй Монгол Улсын урт хугацааны хөгжлийн  бодлого “Алсын хараа 2050” баримт бичигт туссан есөн том зорилгын нэг бол “Амар тайван, аюулгүй нийгэм” юм.

Энэ зорилгыг “…улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдлийг бууруулах замаар хүн, нийгмийн аюулгүй байдлыг хангах” гэж тодорхойлжээ.

Гадаад, дотоодын аюулгүй байдлаа хамгаалахын тулд батлан хамгаалах, хууль сахиулах салбарын чадавхаа бэхжүүлэх, уламжлалт бус аюулгүй байдлын эрсдлүүдээс сэргийлэхийн тулд кибер орон зайд ашиг сонирхлоо хамгаалах чадвартай болох зэрэг шаардлагатай нь үнэн.

Энд нэмж бидний явуулж буй “гуравдагч хөршийн” гадаад бодлого онцгой чухал ач холбогдолтойг дурдах хэрэгтэй. Энэ бүхэнтэй эн зэрэгцээд, Монгол улсын хувьд, хүний эрх, эрх чөлөө ба эдийн засгийн эрх чөлөө зэрэг үнэт зүйлүүд нь бидний аюулгүй байдлын баталгаа юм.

Эдгээр эрх чөлөөг төлөвшүүлж, баталгаажуулдаг улс төрийн цорын ганц  тогтолцоо бол ардчилсан, ил тод парламентын засаглал.

Хүний эрх, эрх чөлөөг бага багаар хумиж, хавчсаар ардчиллаас авторитар буюу дарангуйллын дэглэм рүү чирэх тохиолдлууд хүн төрөлхтний түүхэнд цөөнгүй бий.

Коронавирус эхлээд хүний эрүүл мэнд, дараа нь улс орны эдийн засаг, одоо иргэний улс төрийн эрх, эрх чөлөөнд аюул дагуулж эхлэв. Тахлын цагаар далимдуулж зарим авторитар удирдагчид эрх мэдлээ зузаатгахыг оролдож байна (Кейсүүд). Тухайлбал Унгарт “Коронавирусын тухай” хууль батлаж, Засгийн газар онц байдлын үеийн эрх мэдлээ нэмэгдүүлэв. Нийтийн эрүүл мэнд аюулд орохтой зэрэгцээд, хувь хүний эрх чөлөө хумигдав.

Авторитар дэглэмтэй хоёр том хөрштэйгээ эдийн засгийн болон улс төрийн харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийн зэрэгцээ ардчиллын инстүүц, үнэт зүйлээ авч үлдэж чадах эсэх нь ирэх 30 жилийн хамгийн том сорилт байх болно. Хүний эрх, эрх чөлөөний үзүүлэлтээр бүс нутгийн байдлыг Фрийдом Хаусын индексээр харж болно.

Зураг 1: Дэлхийн эрх чөлөөний индекс

 

Эх сурвалж: Фрийдом Хаус 2020

Улс төрийн эрсдэл

Бид хөршүүдээсээ ялгаатай нь, бүх асуудлаа олноороо хэлэлцэж шийддэгт оршдог. Бид шүүмжилдэг, маргалддаг.

Гэхдээ зодолддоггүй, эсвэл буу шийдэм барьдаггүй. Нэгдсэн шийдвэрт хүрэх амар биш ч, заавал олонхоороо зөвшилцдөг парламентын ардчилсан тогтолцоотой улс. Гэхдээ л манай парламентын ардчилал руу дайрсан тохиолдол хэд хэд гарлаа. Жишээ нь үндэсний аюулгүй байдлыг хангах ёстой, гол бүтэц болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) өөрөө.  

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн байгууллагын дээд удирдлагуудыг чөлөөлүүлдэг болов. Авлигад идэгдсэн эдгээр хүмүүсийг, гэмт хэргийг нь шүүхээр батлаад өөрчилж чадахгүй байсан нь үнэн. Энэ бүтцийг улс төрийн зорилгоор ашиглах боломж нээгдэв. Энэ зөвлөлөөр тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцээд татвар төлөгчдийн мөнгөөр шийдвэрлэж орхив.

Мөн манай үндэсний аюулгүй байдалд шууд эрсдэл авчирч болох бас нэг асуудал бол ШХАБ-д гишүүнээр элсэх явдал.

Энэ бүх асуудлыг Төрийн тэргүүн маань удаа дараа, олон янзын хэлбэрээр тавьсаар ирлээ. ШХАБ бол Монголын аюулгүй байдалд нөлөөлөх шийдвэр учраас Парламент хэлэлцэж шийдвэр гаргах нь зохистой. Ямар ч шийдвэр гарсан Монгол хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахын эсрэг, парламентын ардчиллаас ухраах алхам байж болохгүй.

Эдийн засгийн эрсдэл

Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Путин байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийг явуулах шийдвэр гаргав. Одоо ТЭЗҮ буюу техник, эдийн засгийн үндэслэлийг нь гаргана.

Энэ үндэслэл ашигтай гарвал, ойрын жилүүдэд хийн хоолой тавих ажил эхэлнэ. Харин энэ хоолойг дагаад бидэнд ямар эрсдлүүд ирэхийг иргэд бас тооцох, мэдэх учиртай. Магадгүй ирэх 30 жилийн аюулгүй байдлыг ярихад бодолцох ёстой хамгийн том хүчин зүйл нь хийн хоолой байж болох юм.

Хийн хоолойг Монголын нутгаар үнэхээр тавьбал хойд хөршийн сонирхол улам хүчтэй болох нь тодорхой. Манайх шиг  ардчилал нь залуу улсад энэ бол том эрсдэл.

ОХУ-ыг олон орны сонгуулийг манипуляци хийхдээ арвин туршлагатай, АНУ-ын сүүлийн сонгуульд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсаар байна. Хэрэв манай сонгуульд шийдвэрлэх үүрэгтэй оролцоод эхэлвэл тэр үед, ямар ардчиллын тухай бид ярих билээ.

Тийм учраас хэрвээ хийн хоолой барихад хүрвэл гурван орны хамтарсан компани байгуулах, олон нийтэд хувьцааг нь зарах, улс төрийн бус ТУЗ-тэй байхаар зохион байгуулах ёстой.

Хавчиг хонгил

Улс орны хил хязгаараа хамгаалж, дотроо эмх журамтай, зөрчил мөргөлдөөн гаргуулахгүйн тулд төр засаг зайлшгүй анхаарах шаардлагатай. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр бид төрийн эрх мэдлийг хэт томсгож, ялангуяа цөөхөн хүнд төвлөрүүлвэл бүр ч аюултай.

Аль ч улс орон ганц хүнээс хамаардаг болчихоор нийгэм, эдийн засаг нь ямар байдалд ордгийг хол, ойрын олон орны жишээн дээр бид тод харж байна. Тийм учраас яавал тэр зам руу хазайчихгүй, яаж хууль ёсоо сахиж, аюулгүй байдлаа хангах гэдгээ Монголчууд бид сайн ойлгож, мэдээд дор бүрнээ хичээх ёстой.

Яг энэ тухай дэлхийн олон орны түүх, бодит байдлыг судлаад Дарон Ажогмлоу, Жэймс Робинсон нарын эрдэмтэд “Хавчиг хонгил” (Narrow Corridor) гэдэг номондоо дэлгэрэнгүй, оновчтой бичжээ.

Тэд төр, нийгэм нь хоёулаа хүчтэй байж л улс орон хөгжиж, иргэд нь хангалуун аз жаргалтай амьдарна. Төр нь хүчирхийлэл, дарангуйллыг зогсоож, иргэддээ эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээгээ хүргэж, хуулиа сахиулж чаддаг байх ёстой.

Мөн нийгэм нь ч хүчтэй, төрөө хянаж, шаарддаг оролцоотой байвал, төр нийгмийн хүчний тэнцвэр урт хугацаандаа тэнцвэртэй, тогтвортой болж, тэр хэмжээгээр төрийн инстүүцүүд хөгжин бэхжих болно гэжээ.

Зураг 2: Эрх мэдлийн тэнцвэр

(The Balance of Power: States, Societies, and the Narrow Corridor to Liberty)

 

Гэвч энэ тэнцвэрийг бүрдүүлэх нь хэлэхээсээ үлэмж хэцүү,  олон жилийн урт, бартаатай, алдаж онодог зам гэдгийг Монголчууд бид өнгөрсөн 30 жил харлаа. Улс төрийн өмнөх систем нуран унасны дараа Монголчууд парламентын ардчиллын замыг сонгож, хүний эрх, эрх чөлөөгөө баталгаажуулснаараа Төв Азийн бусад орнуудаас ялгаатай. Гэсэн хэдий ч Монголчууд иргэд, иргэний нийгмээ хүчирхэгжүүлэх ажлаа бүрэн сайн хийж чадахгүй явсаар байна.

Монголчууд бид ирэх 30 жилд энэхүү хавчиг хонгилоо олж, тууштай урагшилж чадвал хамгийн аюулгүй, аз жаргалтай үндэстэн болно. 

Зураг