Индэр    
2020 оны 3 сарын 25
Зураг
Хуульч, сэтгүүлч

Малын төлбөр үү, машины засвар уу?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зуны улиралд хөдөө, орон нутгийн замаар зорчиход дайрагдаж үрэгдсэний улмаас халуун наранд хөөж, замын хажуугаар хөглөрөх малтай олонтаа тааралддаг.

Замд явж байгаад мал мөргөж, осол гаргавал малчин жолоочид автомашин ЗАСВАРЫН төлбөр төлөх үү?, жолооч харин малчинд МАЛЫН төлбөр төлөх ёстой юу? гэх асуулт урган гарах нь дамжиггүй.

Эдийн засгийн хувьд хэн хэнд нь хор уршиг ихтэй. Үүнд хариулахын тулд нэг талдаа Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийг үндэслэх бол нөгөө талдаа эрх зүйн төлөвшил, нүүдэлчин ахуй соёлын онцлогийг харгалзан ээдрээ, төвөгтэй энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болдог.

Замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээнүүдээс харахад, анхааруулах тэмдэг (гурвалжин доторх үхрийн зураг) бол мал туун гарах газар болохыг заана. Орон нутгийн замд хаанаас ч мал гарч ирэх боломжтойг бэлчээрийн мал аж ахуйн онцлог гээд энэ тэмдгийн ач холбогдлыг үгүйсгэж боломгүй юм. Жолооч дээрх тэмдэглэгээ бүхий хэсгээр дүрмийн дагуу хурдаа хасаж, анхаарал болгоомжтой явах үүрэгтэй.

Харин малчинд заавал тэмдэг буй газраар малаа тууж гаргахыг үүрэгдэх нь боломжгүй шахуу. Тиймээс эрсдлийг тооцож үзээрэй гэсэн АНХААРУУЛАХ үүргийг жолоочид хүлээлгэнэ.

2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-ийн з/-д “Хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” хориглосон зохицуулалттай.

Эл заалт өдөр, шөнийн аль ч нөхцөлд малчинд үүрэг хүлээлгэсэн биш юм. Малчин малаа хариулах боломжит хугацаа болох өдрийн цагийг харгалзана. Гэгээн цагаан өдрөөр зам дээр бэлчиж буй малыг мөргөж орхивол жолоочид учирсан эд хөрөнгийн хохирлыг малчин хариуцан барагдуулах үүрэг хүлээх эрх зүйн зохицуулалт үүсэж байна.

Жолооч Иргэний хуулийн 62.1-д заасан бүрдүүлбэрийг хангаж, шүүхэд нэхэмжлэлээ гаргавал иргэний хэрэг үүсэн шийдвэрлэх боломж бүрдэх юм. Засмал замаар зорчиж яваад машинаараа мал мөргөсөн ижил тохиолдолд л жолооч биш малчин буруудах хууль зүйн үндэслэл байна. Ингэлээ гээд жолооч нар мал дайраад байж боломгүй. Хурдаа хасаж өнгөрүүлэх үүргээ ч мөн биелүүлэх учиртай.

Харин шөнийн цагт машины гэрэлд ороод мөргүүлсэн малын хохирлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Энэ асуултад хариулахын өмнө монгол мал бэлчээрт байдаг онцлогтойг харгалзан үзэх хэрэгтэй. Жолооч үзэгдэлт орчин хангалтгүй, харуй бүрий, шөнийн цаг зэрэгт авто тээврийн ослоос урьдчилан сэргийлж хурдаа тааруулж явах ёстой. Шөнийн цагт бод мал бэлчээрт гарсныг хариулгагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Магадгүй бог мал болох хонь, ямаа шөнийн цагт дайруулбал малчин хариулгатай байлгаж зам дагуу бэлчээхгүй байх үүрэг замын хөдөлгөөний дүрмийн 27.2-ийн з/-д заасны дагуу үүсэж болох юм.

Харин бод малыг үзэгдэх орчин хангалтгүй үед дайрсан жолооч малчны хохирлыг барагдуулах үүрэг үүсэх нь илүү оновчтой байна. Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хурдаа тохируулах нь түүний үүрэг юм. Малчин замын хөдөлгөөний дүрмийн 26-р зүйлд заасан мал туухад тавигдах нэмэлт шаардлагыг хангасан тохиолдолд тухайлбал, уг дүрмийн 26.6-т “Зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэсэн нөхцөлийг биелүүлээд байхад жолооч мал дайрсан бол өөрт учирсан хохирлоо малчин хүн төлүүлэх боломжтой.

Мөн зуны дэлгэр цагт засмалын ойролцоо гүү барьж, айраг исгэдэг малчид гүүгээ тавих, малаа услах үедээ замын хөдөлгөөний дүрэмд заасан аргыг хэрэглэж байх шаардлагатай болж байна.

Эцэст нь хэлэхэд, хэн хэнд нь эдийн засгийн хохиролтой энэ үзэгдлийг бууруулах шат дараалалтай ажил хийж малчид, жолоочид хууль тогтоомжийг сурталчлах, таниулах зайлшгүй шаардлага бий болжээ. Замд гарч байгаа нэгэндээ ч гэсэн анхаарал болгоомжтой зорчихыг сануулах нь зүйтэй. Адуу гэдэг адгуус машины гэрэлд орсон бол эргэж хургаж байгаад дайруулдаг гэдэг энгийн нэгэн зүйлийг ч эрхэм нэгэндээ САНУУЛЦГААЯ!

2019.01.18