Индэр    
2020 оны 2 сарын 20
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Дундаж давхарга "гоожиж" байна

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан нийгэмд сонгосон төрдөө хяналт тавьж, хариуцлага нэхдэг, хамгийн идэвхтэй иргэд нь дундаж давхаргынхан. Дундаж давхарга том байх тусмаа боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй, төр засгийн албан тушаалтнуудын авлига, хээл хахууль харьцангуй бага байдаг. Тэгвэл дундаж давхарга нь нийгмийн олонх болоогүй, хэт өндөр ба хэт доогуур орлоготой хэсгийн зааг, ялгаа өссөн улс оронд нийгэм нь улам бүр талцан хуваагдаж, зөрчил тэмцэл хурцаддаг.

Сүүлийн хэдэн арван жилд, аж үйлдвэржилт өндөр хөгжсөн орнуудаас хөгжиж буй орнуудад шилжиж, хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн нөлөөгөөр бүс нутгийн орнуудын эдийн засаг ч тогтвортой өсөв. Улс орны эдийн засаг өсөхийн хэрээр хамгийн гол хэрэглэгчид нь болох дундаж давхарга тэлж, улмаар зах зээл өргөжиж, төрөлжихийн зэрэгцээ шинэ бүтээл төрж, шинэ ажлын байр олноор бий болдог. Мөн хөрөнгө оруулалт, хуримтлал нэмэгдэх нөхцөл бүрддэг учир энэ давхарга эдийн засгийн өсөлтийг тэтгэх гол хүчин зүйл нь юм.

Дундаж давхарга гэж хэн бэ?

Эдийн засагчид нийгмийн хөгжилд дундаж давхаргын үүрэг, оролцоог чухалчилж ирсэн ч өнөөг хүртэл “дундаж давхарга” гэж яг хэнийг хэлэх вэ гэдэг дээр нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрээгүй ажээ.

Жишээ нь, Brookings Institution өдөрт 11-110 ам.долларын орлоготой хүнийг дундаж давхаргынх гээд 2016 оны байдлаар дэлхийн 3.2 тэрбум хүн энэ бүлэгт хамрагдаж, жил бүр 140 сая хүнээр нэмэгдэж байна гэжээ.

Өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, өөр нэг тодорхойлолт бол дундаж давхарга нь хоол, хувцас, орон гэр, боловсрол, эрүүл мэндийн сар тутмын зардлаа төлөөд цаана нь тодорхой хэмжээний хуримтлал хийж чадаж буй айл өрхийг хэлдэг.

Өндөр хөгжсөн орны дунджаас доогуур орлоготой иргэн, хөгжиж буй орны дундаж орлоготой иргэнээс харьцангуй өндөр орлоготой. Гэхдээ нэг өдөрт шаардлагатай амьжиргааны түвшин буюу ядуурлын босгыг хүний 1.90 ам.доллар гэдэг мөнгөөр ч бас тооцож байна. Зарим судлаачид хөгжиж буй орнуудын дундаж давхарга гэдэгт өдөрт хүний 2-13 ам.доллар, зарим нь 2-10 ам.доллар, гурав дахь нь 10-100 ам.доллараар тооцохыг зөвлөж байна.

МУ-ын хувьд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI) -ээс дундаж давхаргыг тодорхойлох судалгааг 2014, 2016 онуудад хийжээ. Уг судалгаанд тухайн жилийн өрхийн дунд (медиан) орлогын 67-200 хувьтай тэнцэх орлоготой өрхийг дундаж давхаргад тооцжээ.

Судалгаагаар 2002 онд нийт өрхийн 20 хувийг өндөр, 51 хувийг дундаж, 29 хувийг бага орлоготой өрхүүд бүрдүүлж байсан бол 2014 онд нийт өрхийн 14 хувийг өндөр, 61 хувийг дундаж, 25 хувийг бага орлоготой өрхүүд эзлэх болжээ. Манай дундаж орлоготой өрхийн тоо 12 жилийн дотор 10 хувиар нэмэгдэв.

Мөн өрхүүдийн орлогын тэгш бус байдал хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлжээ. 2002-2008 оны хооронд дундаж орлоготой өрхийн тоо нэмэгдэж, өндөр орлоготой өрхийн тоо буурсан ч орлого нь хэвээр байв.

Харин 2008-2014 оны хооронд дундаж орлоготой өрхийн тоо эрс нэмэгдэхтэй зэрэгцээд өрхийн орлого ч нэмэгдсэн бол, өндөр орлоготой өрхийн тоо буурахын хэрээр орлого ч бас буурчээ.

Зураг 1: Дундаж давхаргын өрхөд эзлэх хувь ба орлогод эзлэх хувь

 

Эх сурвалж: ERI

Мөн өрхийн орлогын тэгш бус байдал зөвхөн хот хөдөөд бус, нийслэлийн дүүрэг хооронд ч байна. Бага орлоготой өрхийн тоо нийслэлийн төв рүү ойр дүүргүүдэд захын дүүргүүдээс харьцангуй цөөн байна.

Засгийн газар хаврын чуулганаар хэлэлцүүлэх ирэх 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө “Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй бүтээлч гэр бүлийг төлөвшүүлэн, хэрэгцээндээ нийцсэн байр сууц бүхий, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлд өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэн өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэх болно” гэсэн том зорилтыг дэвшүүлээд байна. Энэ баримт бичигт дундаж давхаргыг өнөөдөр 16.2 хувь гээд 2030 онд 50, 2040 онд 70, 2050 онд 80 хувьд хүргэх гэнэ. Энэ 16.2 болон бусад хувийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байна.

2050 оны зорилго бодитой юу?

Дундаж давхаргыг орлогоос нь гадна боловсролын түвшингээр тодорхойлох хандлага ажиглагдаж байна. Учир нь нийгмийн боловсролтой хэсэг нь улс төр, эдийн засгийн шийдвэр гаргахдаа илүү нухацтай хандаж чаддаг. Тэд өөрсдийг нь ижил тэгш, эрхтэй, (dignity) адилхан хүн гэдгээр нь хандахыг бүхнээс түрүүнд төрөөс шаарддаг. Юугаар ч хэмжсэн нийгмийн дундаж давхарга наад зах нь ажилтай, орон байртай, тогтмол орлоготой, хуримтлалтай байхыг хэлнэ.

Дундаж давхарга бол нийгмийн тогтвортой байдлын үндэс. Тэгвэл эдүгээ МУ-д чанартай дундаж давхарга бүрдэхийн оронд иргэд боломжтой л бол гадаадад ямар нэг аргаар гарахыг зорих боллоо. Гадаадад сурах, ажиллах, аялахаар явж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдэхийн зэрэгцээ, ялангуяа гадаадад байнга оршин суугчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Зураг 2. Гадаадад байнга оршин суугчдын тоо, жил тус бүрээр

 

Эх сурвалж: ҮСХ, 2020

Сүүлийн арван жилийн байдлаар 2015 онд хамгийн бага буюу 6,768, 2019 онд хамгийн их буюу 19,470 хүн гадаадад амьдрах болжээ. Гадаадад нийт 200 орчим мянган (ГХЯ-ны Консулын газар) иргэн амьдарч буйн 120 мянга нь тэнд оршин суухаар явсан гэсэн үг. Монголд ажилтай атлаа цалин нь амьдралын наад захын суурь зардлаа ч төлж хүрдэггүй, тэгээд бүх насаараа ажиллаж, тушаасан тэтгэвэр нь хоногийн хоолоо даахгүй болсон учир иргэд хөлөөрөө сонголт хийж байна. Энэ бол манай дундаж давхарга “гоожиж” байна гэсэн үг.

Гол шалтгааныг томосгож харвал, МУ-ын өнөөгийн улс төр, эдийн засгийн тогтолцоо нь дундаж давхаргын өрхийн сайхан амьдрах боломжийг ховх сорж, маргаашийн итгэлийг нь үгүй хийж байгаатай холбоотой. Улс төрийн олигархижсан, клиентилизмд идэгдсэн тогтолцооноос иргэд зугтаж байгаа хэрэг. Ихэнх нь сурсан, мэдсэнээ орхиод Солонгос, Австрали зэрэг хөгжилтэй орнуудад биеийн хүчний, хар ажил хийх нь Монголоос илүү орлоготой, бас нэр хүндтэй болсон гэсэн үг.

Дундаж давхаргын бууралтыг зогсоохын тулд юуны өмнө, улс төрийн клиентилист тогтолцоогоо халах шаардлагатай байна. Дараа нь боловсролын тогтолцоогоо эрс сайжруулах, шинэ түвшинд гаргах шаардлагатай юм. Монголын төр засаг сүүлийн үед элит боловсролыг шүтэх боллоо. Дэлхийн топ 100 их сургуульд тэнцсэн оюутнуудад тэтгэлэг олгох, хувийн, өндөр төлбөртэй дунд сургуульд хувьсах зардал өгөх гэх мэтээр.

Харвард, Стэнфордод хоёр, гурван хүүхэд сургаснаас хотын захын дунд сургуулийн 200, 300 хүүхдийг 50 биш ядаж 25 сурагчтай ангид сургасан нь урт хугацаандаа илүү өгөөжтэй юм. Тиймээс дээрх нийгмийн тэгш бус байдлыг хөөрөгдсөн бодлогоо зогсоож, урт хугацаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, хариуцлагатай ардчилсан улс төрийн тогтолцоог бэхжүүлэхэд гол нөлөө үзүүлэх нийтийн боловсролыг дээшлүүлэх нь чухал юм аа.

Зураг