Зар сурталчилгаа нь шинжлэх ухаан болтлоо хөгжсөн энэ үед иргэн хүн хүссэн хүсээгүй аливаа төрлийн зар сурталчилгаанд өртөж байдаг нь жам болсон гэлтэй.
Энэхүү давлагаанд дархлаатай байж үнэн худлыг дор бүрнээ дэнслэн төөрөлдөхгүй байх нь нэн чухал асуудал болжээ. Монгол Улсын хэмжээнд зар сурталчилгааг зохицуулсан бие даасан хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ.
Зар сурталчилгааны тухай хуулиар зар сурталчилгааг бүтээх, түгээх, байрлуулах түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулдаг. Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж хэнд ч ойлгогдохоор байх наад захын шалгуур үзүүлэлт бий.
Хуульд, хууль бус зар сурталчилгаа гэсэн ойлголт байх бөгөөд түүнийг дотор нь
Эдгээр дөрвөн төрлийн хууль бус зар сурталчилгааг бизнесийн байгууллагууд, хувь хүн захиалах, студи, продакшн буюу тус чиглэлийн контент үйлдвэрлэгч медиа компаниуд бүтээх, хэвлэл мэдээллийн янз бүрийн олон сувгууд цааш нь түгээх зэрэг үйлдлүүдийг хуульд хориглосон байдгийг мэдэх хэрэгтэй!
2002 онд Улсын Их Хурлаас батлагдсан Зар сурталчилгааны хууль хөрсөн дээр бууж бүрэн хэрэгжихэд олон талын хүчин чармайлт, оролцоо тулгуурлах нь мэдээж. Жишээлбэл, бизнес эрхлэгч нар маань бизнесийн ёс зүйгээ баримталдаг, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд нь хяналтын тогтолцоогоо сахин биелүүлдэг, иргэд энэ талын мэдлэг ойлголттой болж, эргээд мэдээлдэг болсон цагт цэгцрэх асуудал. Тус хуульд засаж залруулах, нэмж сайжруулах олон зүйл байж болох ч анх батлагдахдаа бүтээгч, түгээгч, захиалагч нарыг эн тэнцүү авч үзэн хариуцлага хүлээлгэдэг болсноороо маш дэвшилттэй хууль болж байсан.
Зарын үнэн бодит мэдээллийг зарлуулсан байгууллага, хувь хүн бүрэн ХАРИУЦАХГҮЙ тухайд
Замбараагүй зар сурталчилгааг дэврээхэд хамгийн их үүрэг гүйцэтгэж буй зүйл бол “зарын үнэн бодит мэдээллийг зарлуулсан байгууллага, хувь хүн хариуцахгүй” гэх халхавч юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох сонин, сайт, телевизүүдээр зарын үнэн бодит мэдээллийг зарлуулсан байгууллага, хувь хүн бүрэн хариуцна гэсэн тайлбар явдагтай бид хэдийнээ дасал болсон билээ.
Гэвч энэ нь хууль зүйн талаасаа ямар ч боломжгүй бөгөөд зар сурталчилгаанд оролцогчид буюу бүтээгч, захиалагч, түгээгч нар нь тэнцүү эрх эдэлж, үүрэг хүлээдэг.
Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох зар сурталчилгааг түгээгч нь захиалагч, бүтээгчтэй гэрээ байгуулахдаа хуулиас давсан зохицуулалт тусгаж хариуцлагаас мултрах гэсэн оролдлого хийж буй нь өөрөө хүчин төгөлдөр бус гэж тооцож болох гэрээ юм.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгаанд тавих хяналтыг Оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлдэг. Гэвч энэ хоёр байгууллагын хийж хэрэгжүүлж буй ажил зар сурталчилгааны асуудал дээр тэг үзүүлэлттэй байсаар өдий хүрч ирлээ.
Хяналт тавьж, арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ажил гэвэл хуруу дарам цөөн байх болов уу. Өөрийн санаачилгаар хөдлөх боломж хуульд олгосон боловч орон тооноос болдог уу, ашиг сонирхлын зөрчилтэй асуудал байдаг уу, хийж байгаа зүйл даанч алга. Угтаа хуулийг нь харахлаар, тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, эсхүл цуцлах саналыг уг зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллагад тавих, хууль тогтоомж зөрчсөн зар сурталчилгааг түгээхийг зогсоох, зар сурталчилгааг хуульд заасан шаардлагад нийцүүлэхийг шаардах зэргээс авахуулаад хуульд заасан хариуцлага оногдуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах бие даасан эрхтэй болохыг заасан байна. Хууль бус, замбараагүй зар сурталчилгааны зах зээлийг хязгаарлах хэмжээний дорвитойхон ажил хийхийг, бид шаардах цаг нэгэнт бий болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!