Индэр    
2019 оны 7 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ж.Эрхэмбаатар: Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлуулахгүй байх зорилгоор санал өгсөн гэж харж байна

Зураг

УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх гэж байна.

Харин Ерөнхийлөгч одоо хэлэлцэж буй төсөл дэх шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудыг хасах санал оруулаад байгаа юм.

УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд шүүх, шүүгчтэй холбоотой ямар заалтууд орсон, Ерөнхийлөгч яагаад тэдгээр заалтыг хасах санал оруулсан талаар хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.



- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шүүх эрх мэдэлд тулгараад байгаа асуудлыг шийдэх боломжтой юу?

- Шүүхэд хэд хэдэн асуудал байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар тэдгээр асуудлууд шийдэгдэх болов уу гэж хуульчийн хувьд харж байна.

Нэгдүгээрт, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар “дарга төвтэй” шүүхийн тогтолцоог бэхжүүлсэн.

Тэр нь ерөнхий шүүгчийн тусгайлсан сонгон шалгаруулалт явуулаад, Ерөнхийлөгч зарлиг гарган томилж байгаагаар илэрдэг.  Шүүгчийг томилсон зарлиг гардаг бол тэдгээр шүүгчдээс ерөнхий шүүгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулж томилсон зарлиг гаргаж даргыг нь томилдог. Энэ нь бүх шатны шүүхэд адил хэрэгждэг.

Нэгэнт томилсон ерөнхий шүүгчтэй болчихоор тэр шүүхэд нэг дарга бий болж байна гэсэн үг. Ингэснээр ерөнхий шүүгчийн нөлөөнд автдаг орчныг бий болгочихсон. Ерөнхий шүүгч даргын үүрэг гүйцэтгээд байна гэсэн үг. Зүй нь шүүгчдэд дарга байх ёсгүй. Зөвхөн хуульд захирагдаж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дотоод итгэл үнэмшлээ удирдлага болгоод шийдвэр гаргаж байх ёстой.

Гэтэл шүүх болгонд нэг нэг дарга томилчихсон. Үүнийг өөрчлөх ёстой.

Хоёрдугаарт, 1992 баталсан Үндсэн хуулиар шүүхийг пирамид шаталсан тогтолцоотой зурсан.

Анхан шатны шүүх нь хамгийн доор, давж заалдах шатны шүүх нь түүний дараагийн шат, хяналтын шатны шүүх нь хамгийн чухал шүүх болж тогтсон. Ингэж шаталсан тогтолцоотой томьёолсон.

Гэтэл шүүн таслах ажиллагааны процесст хамгийн чухал нь анхан шат. Анхан шатны шүүх дээр маргаан хянан шийдвэрлэх явцад нотлох баримт цуглуулах, үнэлэх, талуудын оролцоо, мэтгэлцэх бололцоог хангах, үзлэг туршилт хийх, шинжээч оролцуулах, гэрч байцаах гэх мэт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох бүхий л ажиллагаанууд хийгдэж хэргийн талаар гол шийдвэр гардаг бол дараа дараачийн шатанд хууль хэрэглээ, процессын алдаа гарсан эсэх болон талуудын эрхийг эдлүүлсэн эсэхийг нягталдаг.

Өөрөөр хэлбэл “шүүхийн алдааг нягталах” үүрэгтэй оролцдог. Энэ утгаараа шүүхийн “үйлчилгээ”-ний амин сүнс нь анхан шатны шүүх юм.

Гэтэл босоо тогтолцоотой томьёолж, анхан шатны шүүхийг шүүгчийн нас, тавих шаардлага бага, дээд шатны шүүхүүдэд өндөрсөх байдлаар тусгаснаар Монгол улс Дээд шүүх гэдэг ганц шүүхтэй, бүхий л маргааны эцсийн хувь заяа Дээд шүүхийн шүүгчдийн мэдэлд ирсэн. Ийнхүү шүүх эрх мэдлийг төвлөрүүлснээр шүүгчийн хараат бус, бие даасан байдал алдагдсан. Дээд шүүхийн чиглэл, зааварчилгаа, зөвлөмжид захирагдахад хүрсэн. Энэ алдааг энэ удаагийн төслөөр шийдэлгүй үлдээсэн байна. 

Гуравдугаарт, шүүхийн боловсон хүчний асуудал.

Одоогийн Үндсэн хуульд зааснаар 25 нас хүрсэн хүн шүүгч болох боломжтой байгаа. Энэ насны хязгаарыг бага тогтоосон гэж үздэг. Амьдралын болон практик туршлага байхгүй боловсон хүчинд бусдын эд хөрөнгө, амь нас, гэр бүл гээд хамгийн үнэт зүйлтэй холбоотой харилцааг шийдвэрлэх эрх мэдлийг өгдөг. Тиймээс шүүгчид тавих шаардлагыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.  Энэ нь эргээд шүүхийн шийдвэрийн чанарт шууд нөлөөлнө.

Дөрөвдүгээрт, шүүгч шийдвэр гаргахдаа хэргийн талуудаас хараат бус байх ёстой.

Судалгаагаар хэргийн оролцогчдоос шүүгчид нөлөөлөх нөлөөлөл харьцангуй бага гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Харин ерөнхий шүүгч болон дээд шатны шүүхийн “дарга” нараас нөлөөлөл орж ирдэг болохыг олон судалгаа харуулдаг. Тэр дарга нарт нөлөөлөх нөлөөлөл хаанаас ирээд байна гэхээр томилсон албан тушаалтанаас голцуу ирдэг.

Өнөөдөр шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо нэг улс төрчөөс бүрэн хараат байгаа

Өнөөдөр шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо нэг улс төрчөөс бүрэн хараат байгаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр дурын шүүгчийг ямар ч үндэслэл заахгүйгээр, хугацаагүй түдгэлзүүлэх эрхийг гурван улс төрчид олгосон. Энэ өөрчлөлтийн дараа Монгол улсад шударга, хараат бус бие даасан шүүх үгүй болсон.

Тиймээс бие даасан хараат бус, гагцхүү хуульд захирагддаг шүүхийг авч үлдэх эцсийн найдвар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл цаашид батлагдах явцаас шууд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл одоогийн УИХ гишүүдэд Монгол улс шударга, хараат бус, бие даасан шүүхтэй үлдэх эсхүл тэдний хэлж заншснаар “шударга бусын хонгил”-оор чирэгдээд явах уу, гэдгийг шийдэх түүхэн үүрэг, хариуцлага оногдсон. 

Энэ дөрвөн асуудлыг шийдэж байж шүүх иргэдийн хүлээж байгаа шударга, хуульд нийцсэн шийдвэр гаргах бололцоогоор хангагдана.

-Тэгвэл өнөөдрийн хэлэлцэж байгаа хоёр хуулийн төсөлд таны саяын ярьсан өөрчлөх шаардлагатай зүйлүүдийг хэр оновчтой тусгасан бэ?

-УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд дээрх асуудлыг шийдэх хүрээнд шүүгчийн насыг нэмэгдүүлэх, ерөнхий шүүгчийн томилгоог өөрчилж шүүгчид өөрсдийн саналаар сонгох, ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг сонгох, томилохтой холбоотой асуудлыг Ерөнхийлөгчөөс хэт хамааралтай байгааг өөрчлөх, Дээд шүүхэд “салхи” оруулах шүүгчийг хугацаатай, нэг удаа томилох.

Мөн нээлттэй ил тод байдлыг хангах зорилгоор Дээд шүүхийн шүүгчдийг болон ШЕЗ гишүүдийг заавал томилгооны сонсгол хийж томилох зэрэг өөрчлөлтүүд туссан байна. Энэ төслийг дэмжээд, цаашид баталбал дээр дурьдсан дөрвөн ерөнхий асуудлын хүрээнд тодорхой хэмжээний ахиц гарна гэсэн хүлээлт байна.

УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн гол үзэл санаа нь УИХ бүрдсэн олонхийн хүсэл зоргоороо өөрчлөөд байх бус шүүх хэн нэгэн албан тушаалтнаас хараат бус ажиллах эрх зүйн үндсийг Үндсэн хуулинд тусгах, тогтвортой байдлыг бэхжүүлэх, улс төрийн хамаарлыг багасгах гэж тайлбарлаж байна. Энэ нь магадгүй зөв байх.

Шүүн таслах эрх мэдлийг улс төрчдөөс хамааралгүй, хараат бус, бие даасан байлгах, хүний эрх хамгаалах, шүүхийн өмнө эрх тэгч байх, хууль ялгаварлалгүй үйлчилдэг тогтолцоог бий болгох эцсийн боломж нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Гэвч энэ өөрчлөлт багагүй бэрхшээл саад туулж байх шиг байна.

Хамгийн том бэрхшээл бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөл.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл болон гишүүдийн өргөн барьсан хуульд өгсөн саналын талаар тодруулахгүй юу?

-“Шүүх шударга бус байна, улс төрийн нөлөөнд автсан байна. Авлигад идэгдсэн байна” гэдэг шүүмжлэлийг хамгийн их хэлж ярьсан хүн бол өнөөгийн Ерөнхийлөгч.

Үүний шалтгаантай ч “хатуу тэмцэх” болохоо олонтой зарласан. Гэвч харамсалтай нь энэ бүхний шалтгааныг арилгах, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах чиглэлт огт ажил хийгээгүй. Харин ч үүнийхээ яг эсрэг шүүгчийг Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн шийдвэрээр ямар ч үндэслэл заалгүй түдгэлзүүлж, шүүхийн системийг тэр чигт нь “айдаст” автуулах ажлыг манлайлан гүйцэтгэж байна.

Одоогийн Ерөнхийлөгчийн үед шүүхийн хараат бус, бие даасан байдал хангагдах нь гэсэн олон нийтийн хүлээлт үгүй болчихлоо

Шүүхийг нэг албан тушаалтны хэт хамааралтай болгосон “гажиг” тогтолцоог засах оролдлогыг УИХ-ын нэр бүхий гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хийхээр ажиллаж байгааг Ерөнхийлөгч тас эсэргүүцэж байгаа нь харамсалтай.

Одоогийн Ерөнхийлөгчийн үед шүүхийн хараат бус, бие даасан байдал хангагдах нь гэсэн олон нийтийн хүлээлт үгүй болчихлоо. 

Уг нь Ерөнхийлөгч нийт иргэдээс сонгогдсон албан тушаалтны хувьд иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хамгаалах, ардчилсан Үндсэн хуулийн үнэт зүйлээ бэхжүүлэх, хамгаалах чиглэлд тууштай ажиллах үүрэгтэй. Гэтэл тэгж чадахгүй байна. Чадахгүй байгаа нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс харагдаж байна. 

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, санал шүүхийн одоогийн нөхцөл байдлыг дээрдүүлэхэд саад болж байна гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл гишүүдийн өргөн барьсан хууль яг ямар зүйл, заалтууд тусгагдсан байгаа юм бэ?

- Хэд хэдэн нэн чухал заалт төсөлд бий.

Нэгдүгээрт, дарга бүтэцтэй шүүхийн тогтолцоог өөрчлөх гол шийдлийг санал болгосон байна.

Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилох бус тухайн шатны шүүхийн шүүгчид дотроосоо нэгнээ мэдлэг чадвар, туршлага, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг гол шалгуур болгон гурван жилийн хугацаатайгаар томилох эрхийг өгсөн. Энэ бол маш чухал өөрчлөлт. Ингэснээр “дарга”-ын хяналт суларч зөвхөн зохион байгуулалтын чиг үүрэг гүйцэтгэдэг статус руугаа Ерөнхий шүүгч очно.

Хоёрдугаарт, шүүгчийн доод насыг 25 байсныг 30 болгоно гэж байгаа. Ингэснээр тодорхой хэмжээнд ажил, амьдралын туршлагатай хүн шүүгчийн албан тушаалд очиж, иргэдийн амьдралтай холбоотой шийдвэрийн чанарт эерэг нөлөө үзүүлнэ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллахын тулд заавал анхан шатны шүүхэд ажилласан туршлагатай байх шалгуур тавьж. Ингэснээр шүүх мэргэшсэн байх, шүүхийн системийн хүнд хэцүүг ойлгодог, хуулийн хэрэглээ, шүүн таслах үйл ажиллагааны туршлагатай хүн давж заалдах шатны шүүхэд очих бололцоог бий болно.

Харамсалтай нь, дээд шүүхэд ажиллах шүүгчид заавал шүүхийн бүтцэд ажилласан байх шаардлага тавиагүй. Хуульчаар ажилласан жил, насны шаардлага хангаж л байвал гаднаас томилогдож болох хийдлийг хэвээр үлдчихлээ.

Одоо ч Улсын дээд шүүхэд шүүхийн системд нэг ч жил ажиллаж үзээгүй хэд хэдэн шүүгч бий. Энэ “хаалга”-ыг хаах ёстой.

-УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд шүүгчийн томилгооноос гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн (ШЕЗ) бүтэц, гишүүдийн томилгоог тусгасан байсан. Үндсэн хуульд ингэж нарийвчлан заах нь ямар үр дүнтэй юм бэ?

-Шүүх хараат бус, бие даасан байх, ёс зүйтэй, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг олж томилох гол баталгаа нь ШЕЗ юм.

Одоо ШЕЗ нь 100 хувь Ерөнхийлөгчөөс хамааралтай болчихсон байгаа. Таван гишүүдийг, даргын хамт Ерөнхийлөгч томилдог. Томилгоог нэг албан тушаалтнаас хамааралтай болгочихоор ШЕЗ өөрөө шүүгчдийн шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх хандлага байна гэдгийг шүүгчид өөрсдөө ч хэлдэг.

Тиймээс органик хуулиар үүсгэсэн энэ бүтцийг Үндсэн хуульдаа бэхжүүлэх, ингэж бэхжүүлэхдээ албан тушаалтнаас хамааралгүй ямар хувилбар байж болох вэ гэдэг дээр нэлээн мэтгэлцээн өрнөж байх шиг.

Төсөлд ШЕЗ 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

Гурав нь анхан шатны шүүхээс, нэг нь давж заалдах шатны шүүхээс, нэг нь дээд шүүхээс, үлдсэн тав нь УИХ-аас томилогдохоор тусгасан байна. Ингэхдээ холбогдох байнгын хороо буюу Хууль зүйн байнгын хорооноос гурав, Ерөнхий сайдаас нэг, мэргэжлийн холбооноос нэг хүнийг нэр дэвшүүлж, УИХ-аар хэлэлцээд, 2/3-оор буюу өндөр саналаар томилогдохоор төсөлд тусгагдсан.

Энэ нь ШЕЗ-ийн шүүгч болон шүүгч биш гишүүний тэнцвэртэй байдлыг хадгалж байгаа. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчөөс хамааралгүй болгож байгаа. Гуравдугаарт, нийт иргэдийн төлөөлж төрийн эрх барих дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч парламентаас, тэр тусмаа цөөнхтэй зөвшилцсөний үндсэн дээр томилж байгаа эрх мэдэл, олонх, цөөнхийн тэнцвэрийг хадгалах гэсэн санаа болов уу.

-ШЕЗ-ийн гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн ач холбогдлын талаар тайлбарлаж өгөөч?

-ШЕЗ шүүгч гишүүн тав, шүүгч биш гишүүн нь тав байна.

Хэрэв шүүгч гишүүн зургаа байвал шүүгч давамгайлаад байх хандлагатай. Шүүгч бус гишүүд олонхийг бүрдүүлбэл шүүн таслах ажиллагааны онцлогт нийцэхгүй, улс төрийн нөлөө бүхий шийдвэр гаргах эрсдэлтэй. Тиймээс тэнцвэрийг хандгалах нь зохимжтой болов уу.

Дараагийн нэг чухал өөрчлөлт нь эдгээр 10 гишүүн хуралдаад дотроосоо даргаа сонгоно. Ийм бүтцийг үүсгэсэн санал туссан байна.

Одоогийн тогтолцоогоор шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо, санхүү, захиргааны удирдлага, хариуцлага тооцох асуудлууд бүгд ШЕЗ дээр төвлөрсөн байсан. Ийм их эрх мэдэл төвлөрөхөөр хүссэн хүсээгүй шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх хэмжээний хүч үүссэн.

Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хариуцлага тооцох асуудлыг тусад нь, зөвлөлийн хэмжээнд авч үзье гэж байгаа юм байна. Ингэснээр ШЕЗ-д зөвхөн сонгон шалгаруулалт, томилгоо явуулах эрх мэдэл үлдэж байгаа юм.

Одоо бол ШЕЗ сонгон шалгаруулсан хуульчаа Ерөнхийлөгчид уламжилж байгаа.

Ерөнхийлөгч томилох асуудлыг шийднэ. Татгалзаж болно.

Огт үндэслэл заахгүйгээр татгалзсан тохиолдол маш олон гарсан.

Тэр дундаа сонгон шалгаруулалтад оролцоод 10 дугаар байрны амжилт гаргасан хүнийг ч томилсон тохиолдол гарсан.

Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд ШЕЗ сонгон шалгаруулалт явуулаад нэг хүнийг томилно. Томилчихоод баталгаажуулах хүсэлтээ Ерөнхийлөгчид тавина. Ерөнхийлөгч 21 хоногийн дотор баталгаажуулна. Баталгаажуулахгүй байж бас болно. Тэр тохиолдолд зөвхөн Үндсэн хуульд заасан үндэслэлээр татгалзана.

ШЕЗ дээр л хэн шүүгч болох нь шийдэгдээд, Ерөнхийлөгч зөвхөн батламжлах байдлаар оролцоно. Ингэснээр Ерөнхийлөгчийн оролцоо, нөлөөг эрс бууруулж байгаа юм.

-21 хоног өнгөрсөн ч Ерөнхийлөгч батламжлахгүй, тайлбараа өгөхгүй байвал яах вэ?

-Үндсэн хуулийн Цэц рүү очно. Үндсэн хуульд оруулахын гол ач холбогдол нь энэ юм. Үндсэн хуулийн Цэцийн давхар хяналт, хамгаалалтанд орно.

-УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл батлагдвал ийм үр дүнд хүрэх юм байна. Гэвч Ерөнхийлөгч дээрх заалтуудыг бүгдийг нь хасах санал оруулсан байгаа шүү дээ?

- Тийм.  

-Ерөнхийлөгчийн зүгээс одоо хэлэлцэж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс шүүхтэй холбоотой заалтуудыг хасахаас гадна өөр заалт, санал боловсруулж оруулж ирсэн. Энэ тухай тодруулахгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөл, саналд Үндсэн хуулийн 48.1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэнэ” гэж өөрчлөх санал орж ирсэн.

Одоогийн Үндсэн хуулиар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр шүүх байгуулахаар байгаа. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэл, сум, сум дундын гээд. 3,000-хан хүн амтай суманд шүүх байгуулж, зардал мөнгө үрж байна гэсэн шүүмжлэл хэлээд байгаа. Тайлбараар Үндсэн хуулийн төсөлд тусгаж, хаана шүүх байгуулах вэ гэдгийг хууль гаргаж шийдье гэдэг шийдлийг санал болгож байгаа юм байна. Энэ магадгүй нэг талаас нь харахад оновчтой шийдэл байх. Гэхдээ хуульчийн хувьд энэ саналын ард маш том эрсдэл нуугдаж байна гэж харж байгаа.

2009 оноос өрнөсөн шүүхийн шинэчлэлийн явцад шүүхийн бүтцийг гурван удаа өөрчилсөн.

Өөрчлөх тоолонд Улсын дээд шүүхийн шүүгч нараас бусад бүх шатны шүүхийн шүүгчдийг Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлж, томилж байсан.

Жишээ нь 2013-2015 онд шүүгч нарыг чөлөөлж, томилоход 13 шүүгчийг эргүүлж томилоогүй. Ямар ч үндэслэлгүйгээр. Энэ бол шүүгчийн хараат бус, бие даасан байдалд маш том хохирол учруулсан. Мөн 20 шүүгчээс саналыг нь авалгүй хөдөө орон нутаг руу “цөлсөн”.

Дээрх шийдвэрүүд нь зориуд тэдгээр шүүгчдийн ажлыг нь авахын тулд “бүтцийн өөрчлөлт” нэрээр ийм юм хийчихлээ гэдэг хардалт дагуулсан.

Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл дэх 48.1 дэх заалтыг хүлээгээд авчихвал Монгол Улсын дээд шүүхээс бусад бүх шатны шүүхийн шүүгч нарыг чөлөөлж, дахин томилох боломж нээгдэнэ. Өмнөх алдаа давтагдахыг үгүйсгэхгүй.

Ийм өөрчлөлт хийснээр шүүхийн үйл ажиллагааны хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ гэдэг үндэслэл нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа юм.

- Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдээс шүүхтэй холбоотой заалтуудыг хооронд нь нэгтгэх боломжтой юу. Та юу гэж үзэж байна вэ?

- Зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан байна лээ. Зөвшилцөөд л явах байх.

Ийнхүү зөвшилцөхдөө тодорхой саналыг хүлээж авах эсэх асуудал нь шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан, нийт иргэдийнхээ эрх ашигт нийцсэн байгаасай.

Ерөнхийлөгч УИХ эрх зүйн байдлыг дээшлүүлэх буюу УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хугацааг уртасгах төсөл өргөн барьсан. Үүний “хариу”-д шүүх засаглалыг бүхлээр нь Ерөнхийлөгчид өгчих вий гэсэн болгоомжлол эрхгүй төрж байна. Нөгөө талд байж боломгүй төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан нь Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлуулахгүй байх зорилгоор санал өгсөн гэж хардаж болохоор байна. 

Хэрэв нэг албан тушаалтнаас хэт хараат болсон одоогийн тогтолцоог хэвээр авч үлдвэл Үндсэн хуулийн ямар ч өөрчлөлт үр шимээ өгөхгүй. Ядуу буурай, ажил орлогогүй, авлига хээл хахуульд идэгдсэн, дэлхий хөгжлөөс хол хаягдсан улс хэвээр үлдэнэ.