Индэр    
2019 оны 5 сарын 20
Зураг
Эдийн засагч, шинжээч

C.E.O шиг мөнгө олмоор байвал 1,000 жил ажилла

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

102 сая ам.доллар... Өнөөгийн ханшаар 250 орчим тэрбум төгрөг.

Энэ бол дэлхийн томоохон компаниудын гүйцэтгэх захирлуудын (CEO) жилийн орлого. Харин ажилчид нь тэдэн шиг олохын тулд 1,000 жил шаардлагатай. Мэдээж бид 1 эрин байтугай 1 зууныг ч давж насалж үл чадна. 

Үүнийг бид тэгш бус байдал гэх үү? эсвэл бидний хоорондох чадварын асуудал гэх үү? юутай ч улс орон бүрт дундаж ажилтан болон CEO хоорондын цалингийн ялгаа нэмэгдсээр иржээ. 1995 оноос хойш интернет, техник технологийн хөгжил нь компаниудыг тэс өөр түвшинд хүргэсэн. Тиймээс компанийг зөв удирдан чиглүүлж чадах удирдагчийн хэрэгцээ ч ихээр нэмэгдэж, түүнд төлөх цалин ч гэсэн огцом өссөн хэрэг.

1978 онд АНУ-д дунджаар CEO- нь ажилчдаас 30 дахин өндөр цалин авдаг байсан бол 38 жилийн дараа буюу 2016 онд 275 дахин өндөр цалин авах болжээ (Ажилчдын жилийн дундаж цалин 60 мянган доллар, CEO 15 сая доллар).  Өөрөөр хэлбэл Америкт дундаж ажилтан CEO шигээ мөнгө олохын тулд 275 жил ажиллах шаардлагатай болж байна. 

 

Эх үүсвэр: Economic Policy Institute

ХАРИН МОНГОЛД?

Монгол ч гэсэн энэхүү трендээс хоцорсонгүй. Томоохон компаниудын нүүр царайг чадвартай, туршилгатай CEO-р бий болгож эхэлсэн. Ялангуяа бизнес нь өөрөө итгэлцэл дээр тогтдог учир тухайн гүйцэтгэх удирдлага ямар байх нь маш чухал. Хүн ер нь компани гэх мэт тухайн нэг обьяктив зүйлд итгэхээсээ илүү түүнийг удирдан чиглүүлж буй хүнд итгэх нь ойлгомжтой. ААН, байгууллагуудын дундаж цалин 2018 онд 1 сая төгрөгт хүрчээ.

Харин  гүйцэтгэх захирлуудын хувьд цалингийн тодорхой мэдээлэл ил байдаггүй нь харамсалтай. 2016 онд төрийн өмчит компаниудын захирлуудын цалин ил болж, хэсэгтээ шуугиан тариад амжсан билээ. Дараах линкээр https://ikon.mn/n/ti1  орж харах боломжтой. Тус мэдээнд багадаа л цалин нь 5 сая төгрөгөөс эхэлж байв. 

Төрийн өмчит компаниуд

Гүйцэтгэх захирлын сарын цалин

Төрийн банк

                   10,000,000 төг

Хөгжлийн банк

                   10,000,000 төг

Монголын Цахилгаан Холбоо

                     4,800,000 төг

МИАТ ХК

                     7,000,000 төг

ХАА-н бирж

                     9,500,000 төг

Эрдэнэс Монгол

                     6,000,000 төг

Төрийн орон сууцны корпораци

                     5,500,000

Эндээс бид хувийн болон төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын цалин багадаа 5 сая төгрөгөөс эхэлж байна гэж төсөөлвөл цаашлаад 10, 15, 25, 50 сая төгрөгөөр ч тогтохгүй биз. Дараах энгийн тооцоолол хийе. Гүйцэтгэх захирлын жилийн цалин 60 сая төгрөг бол ажилчдынхаас 5 дахин их, 120 сая төгрөг бол 10 дахин их, 240 сая төгрөг бол 20 дахин их байх нь. Гүйцэтгэх захирал, ажилчдын цалингийн харьцаа Монгол Улсад 1978 оны Америктай ижил түвшинтэй байна гэсэн үг. Цаашид ч энэ ялгаа өсөн нэмэгдсээр байх болно. 

Гүйцэтгэх захирал, сарын цалин

Ажилчдын сарын дундаж цалин

Гүйцэтгэх захирал, жилийн цалин

Ажилчдын жилийн цалин

Гүйцэтгэх захирал, ажилчдын цалингийн харьцаа

5,000,000

1,002,900

60,000,000

12,034,800

5

10,000,000

1,002,900

120,000,000

12,034,800

10

20,000,000

1,002,900

240,000,000

12,034,800

20

ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮ ӨНДӨР БАЙХ НЬ БИЗНЕСТ НЬ САЙН УУ? МУУ ЮУ?

2018 онд Америкийн Бэрклигийн их сургуулийн сэтгэлзүйчид 500 компанийг хамруулсан судалгаа хийжээ. Судалгаагаар гүйцэтгэх захирал, ажилчдын цалингийн зөрүү өндөр байх нь хэрэглэгчдийг үргээх нэг хүчин зүйл болдог байна. Мөн ажилчдын уур амьсгал, ажилдаа хандах хандлагад сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Түүнээс гадна шинээр ажилд орох гэж буй ажилчид дээрх зөрүү багатай компанийг нь илүү сонгож байгаа нь ажиглагдсан байна. Тиймээс энэ зөрүү хэт өндөр байх нь эргээд бизнест сөргөөр нөлөөлөх боломжтойг тус судалгааны үр дүн харуулжээ. 

Энэхүү сэдэв нь бид өөрийнхөө ч юм уу, өөр хэн нэгэн гүйцэтгэх захиралтай өрсөлдөх ёстойг хэлээгүй. Дэлхий нийтээр үүсч буй тэгш бус байдлын илэрч буй нэг хэлбэр нь энэ. Энэ зөрүүг өсгөж байгаа нэг хүчин зүйл нь АЖИЛЧИД ӨӨРСДӨӨ. Компанийн ажилчид харилцан адилгүй чадвартай байгаа нь эргээд КОМПАНИЙН ЭЗЭД мэдлэг, ур чадвар бүхий СЕО -г ажиллуулах шаардлага тулгардаг байна. 

ЗАЛУУСТАА УРИАЛАХ НЬ : ЗҮГЭЭР Л ХҮЛЭЭХ ҮҮ ЭСВЭЛ ХИЧЭЭХ ҮҮ?

Захирлынхаа авдаг цалинтай барьцахаас илүүтэй бид нийтээрээ дундаж цалингаа өсгөх шаардлагатай.  Монголын хүн амын бүтэц залуу. Өөрөөр хэлбэл хамгийн өндөр бүтээмж гаргадаг үе дээрээ бид ирсэн. Гэвч нийт ажилчдын 70 хувь нь 1 сая хүртэлх төгрөгийн цалин авч байгаа нь өртөг өндөртэй өнөөгийн нөхцөлд хаанаа ч үл хүрнэ. Өнөө, маргаашийн хоол ундаа яах тухай бодож байгаа хүн ирээдүйн их үйлсийн талаар бодож чадна гэж үү? Мэдээж мөнгө аз жаргалын үндэс биш ч бид дор хаяж хоол хүнс, орон байрны хэрэгцээгээ хангахуйц түвшинд олдог байх хэрэгтэй. 

Ялангуяа залуус бид өөрсдийгөө зах зээлд хүссэн шигээ үнэлүүлэх хэрэгтэй. Тийм байхын тулд бид мэдлэгтэй, чадвартай байх ёстой. Өөрсдөөсөө хамаарч болох бүхнээ эзэмших хэрэгтэй. Бид мөрөөдөлгүй учраас ажлын байрны олдцыг харж сонголтоо хийж байна. Энэ нь биднийг долоо хоногийн амралтын өдрүүд, жилийн ээлжийн амралт, баярын өдрүүдийн амралтыг хүлээж суудаг цаг хугацаанаас уйдсан, хөгшрөхөө хүлээсэн нэгэн болгож хувиргаж байна. Насаараа ДАВААГ үзэн ядаж, өөрсдийн ийм байгаадаа бусдыг буруутгасаар хорвоог барахын оронд хүсэж, мөрөөдсөн мэргэжлээ л сонгон суралцаж, ажиллах хэрэгтэй.

Харин бонуст нь АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТ, МӨНГӨ дагалдах болно. Энэ нь бид хувь тавилангаа бусдад даатгахгүйгээр ДУНДАЖ ЦАЛИН-гаа өсгөж, цаашлаад ДУНДАЖ ДАВХАРГА-г нэмэгдүүлэх, дараа нь УЛСАА ӨӨРСДӨӨ АВЧ ЯВАХ зөв гарцуудын нэг юм.