Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 19
Зураг
Хуульч, сэтгүүлч

Цэргийн алба хаах БУСАД ХУВИЛБАРУУД

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн 17.1.4-т “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүрэгтэй хэмээн заасан билээ. Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах үүргээ цэргийн албаны тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу заавал хаахаар үүрэг болгожээ.

Дэлхийн жишигт цэргийн алба хаахыг үүрэг болгосон, сонголт болгосон гэсэн хоёр үндсэн хувилбар үйлчилдэг. Монгол Улсын иргэний хувьд цэргийн алба хаах нь эр хүн болж төрсний үүрэг бөгөөд заавал хаахаар хуульчилсан. 

НҮБ-д бүртгэлтэй, бүртгэлгүй нийт 175 улсын цэргийн албаны тогтолцоонд хийсэн АНУ-ын Тагнуулын Төв газрын судалгаанаас үзэхэд нийт 175 улсын 103 нь цэргийн алба хаах нь сайн дурын үндсэн дээр буюу хувь хүний сонголтын асуудал хэмээн хүлээн зөвшөөрсөн байв. Харин 37 улс цэргийн алба хаахыг албадлагын шинжтэй үүрэг болгосон бол үлдсэн 36 улс нь тодорхой нөхцөлтэй буюу холимог хэлбэрээр хаалгадаг  ажээ.

Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 600 гаруй хуулиас цэргийн албатай холбоотой 14 хууль, 20 орчим хэм хэмжээний акт хүчин төгөлдөр үйлчилж байна. 

Энэхүү нийтлэлдээ цэргийн алба хаахад цаг хугацааны болоод эдийн засаг, хууль зүйн талаасаа тухайн хувилбарууд ямар боломжийг олгодгийг дурдах болно. 

Цэргийн алба хаах болон хааснаар тооцуулахад хууль зүйн хувьд дараах хэлбэрүүд үйлчилж байна. Тухайлбал, 

  1. Хугацаат цэргийн алба
  2. Цэргийн сургуулийн сонсогч, сурагч
  3. Оюутан цэрэг
  4. Цэргийн дүйцүүлэх алба А. мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах; Б.  биеэр дүйцүүлэн хаах гэсэн хоёр хувилбар бий.
  5. Гэрээт цэргийн алба

Эдгээр хэлбэрүүдийг тус тусад нь дэлгэрүүлэн авч үзье. 

1. Хугацаат цэргийн алба

Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлээр хугацаат цэргийн алба хаах харилцааг зохицуулсан. Нийт алба хаах хугацаа нь 12 сар байх бөгөөд онцгой нөхцөл бий болсон үед Монгол Улсын ерөнхийлөгч 3 хүртэл сараар хугацааг сунгах боломжтой. Мөн нэгдүгээр ээлжээр 3 сарын өмнө халагдах ч боломжтой. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн Х.Баттулга нь улсын хэмжээнд нэгдүгээр ээлжээр 3 сарын өмнө цэрэг халаагүй байна. 

Цэргийн алба хаах насны хязгаар 27 байх бөгөөд цэрэгт татагдах боломжтой нас нь 18-25 насыг ойлгодог байна. Иймд цэргийн зарлан 25 нас хүртэл буюу нийт 8 удаа ирэх боломжтой. 

Иргэн хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө ажил, хөдөлмөр эрхэлж байсан бол ажил олгогч нь түүнийг халагдаж ирэхэд ажлын байраар хангах үүрэгтэй байхаар хуульд заажээ. Энэ нь зөвхөн таны ажлын байрыг хадгалах үүрэг болохоос цалин олгох, холбогдох татвараас хөнгөлөх, чөлөөлөх, аливаа төрлийн урамшуулал олгох зэрэг ойлголтыг агуулахгүй. 

Цэрэгт нэг жил алба хаасныг хөдөлмөрийн хуулиараа иргэний ажилласан жилд оруулж тооцдог. 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 22.1.6-т “хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх”-ыг шаардах болсон. Энэ нь гэхдээ зөвхөн төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлагад хамаарах буюу төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны албан хаагчдад л хамаарах юм.

Харин улс төрийн албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагчдад хамаарахгүй ойлголт гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Дээр тавигдаж буй шаардлага нь бүх насныханд үйлчлэхгүй юм. 2008 оны 6 дугаар сарын 3-наас өмнө 18 нас хүрсэн, эсвэл эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр тэнцээгүйболон хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд энэ хуулийн 22.1.6-д заасан шаардлага хамаарахгүй. Харин 1990 оны 6 дугаар сарын 3-наас хойш төрөгсөд л  цэргийн жинхэнэ алба хаах шаардлагыг хангасан байх ёстой. 

-Та цэргийн албаа хэзээ, хаана хаасан бэ? 

-н.Жавхлан: 2016 онд Өмнөговь аймгийн 167 дугаар ангид 1 жилийн цэргийн алба хаасан. 

-Танд хугацаат цэргийн албанаас өөр цэргийн алба хаах олон сонголт байдгийг мэддэг үү?

-Үгүй ээ, энэ талын мэдээлэл өмнө нь авч байгаагүй. Хаах л ёстой алба гэж бодож байсан. Тэр үед их сургуулиа төгсөөд Монголдоо ирээд удаагүй ч байсан. Цаашид төрийн албанд орж ажиллахад амар байх болов уу гэж бодсон.

2. Цэргийн сургуулийн сонсогч, сурагч

Сонсогч гэдэг ангилалд цэргийн сургуульд суралцаж байгаа л бол байлдагч, түрүүч, ахлагч, офицерыг бүгдийг нь ойлгоно. Цэргийн албаны тухай хуулийн 7.6-д “Цэргийн сургуулийн оюутан суралцаж байх хугацаандаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшсэн бол түүнийг хугацаат цэргийн алба хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ” гэжээ. Үүнээс үзвэл, энэ нь цэргийн алба хаах нэг хэлбэр мөнөөсөө мөн.

Түүнчлэн сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцдог байна. Та дөрвөн жил Батлан хамгаалахын их сургууль болон Хууль сахиулахын их сургуульд суралцсан бол тус хугацаандаа сурахын хажуугаар ажиллажээ гэж хэлж болно. Цэргийн сургуульд элсэн суралцахад 17 нас хүрсэн байхыг шаарддаг бөгөөд ахуй хангалт, дүрэмт хувцсыг төр хариуцахаар холбогдох хуульд заажээ.  

Нэг зүйл анзаарснаа хэлэхэд ахлагчийн албаар цэргийн албыг хаасанд тооцуулах нь цаг хугацааны хувьд хурдан хувилбар юм. Жишээлбэл, та 17 нас хүрээд ахлагчийн дамжаанд хамрагдсанаараа нэгт, ахлагч гэдэг цолтой болно хоёрт, цэргийн алба хаасанд тооцогдоно гуравт, ажлын байраар хангагдах буюу аль нэг ангид хуваарилагдаж ажиллах боломжтой байна. Жишээлбэл, 18 настай ахлагч залуу 18-26 насны цэргүүдэд үүрэг даалгавар өгөөд зогсож байх нь байдаг л үзэгдэл юм. 

3. Оюутан цэрэг

Цэргийн сургуулиас бусад их, дээд сургуулийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагчид нь сайн дурын үндсэн дээр цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдаж болно хэмээн цэргийн албаны тухай хуулийн 7.7-т заасан. Энэ хөтөлбөр танд маш том боломжийг олгож болох юм. Тухайлбал, оюутан байх хугацааны зуны хоёр сардаа цэргийн боловсрол олж авах нь цэргийн алба хаасанд тооцуулах, цаашдаа цэрэг, цагдаа, хүчний байгууллагаар явах хүн мөн үү, биш үү гэдгээ тодорхойлох давуу талтайгаас гадна хамгийн гол нь маш богино хугацаанд цэргийн боловсрол эзэмшээд авах нь давуу тал яах аргагүй мөн юм. 

Энэ боломжийг 2014 оноос эхлэн олгосон бөгөөд хэрэгжиж эхэлсэн таван жилийн хугацаанд нийт 5,000 орчим хүнийг “оюутан-цэрэг” хөтөлбөрт хамруулжээ. Тус хөтөлбөрт мэдээж хүн болгон хамрагдах боломжгүй бөгөөд  тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Товч дурдвал, 18 насанд хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутан эсвэл мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч байх ба голч оноо 2.8-аас дээш байх, сайн дурын үндсэн дээр хамрагдах хүсэлтээ хугацаандаа багтаж гаргасан байх зэрэг шаардлагууд нэн тэргүүнд тавигдана. Түүнчлэн төлбөрийн 2 багц цагийн төлбөр төлсөн байх ёстой, карантенд байх хоёр сараас гадна дөрвөн сарын 1-ээс эхлэн хоёр сарын тэнхимийн хичээлд Бямба, Ням гарагт хамрагдсан байх шаардлагатай юм. 

Тус хөтөлбөрт хамрагдахад тавигддаг шаардлагатай дараах холбоосоор орж дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. https://www.legalinfo.mn/annex/details/7619?lawid=12460/

4. Дүйцүүлэн хаах

Дүйцүүлэн хаах гэдэг нь бусад хувилбараасаа агуулгын хувьд томоохонд тооцогдох ойлголт юм. Дүйцүүлэх гэдэг үгийг монгол хэлний тайлбар толиос харвал тэнцүүлэх, ижилтгэх  гэсэн утгатай. 

Цэргийн албаны тухай хуулийн 7-р бүлэгт Цэргийн дүйцүүлэн хаах алба гэж тусад нь авч үзсэн нь бий. Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хоёр хэлбэртэй.

4Б биеэр дүйцүүлэн хаах

Танд шашин шүтлэг, ёс зүйн шалтгаан байвал цэргийн албыг дүйцүүлэн хааж болно хэмээн хуульчилсан. Гэтэл тухайн шалтгааныг нь хэн яаж үнэлээд тогтоох нь үнэхээр эргэлзээтэй. Ямартаа ч  хуульдаа ингээд заасан байна. Биеэр дүйцүүлэн хаах хугацааны хувьд 24 сар байна. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штабын шийдвэрээр гамшгаас хамгаалах, хил хамгаалалтад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцуулж болно.

Зарим нэг нь 24 сарын хугацаанд байнга оршин сууж буй тухайн  засаг захиргааны нэгжийнхээ цэргийн штабт бүртгэлтэй байж байгаад хаасанд тооцуулсан бол зарим нь харин ч нэг “зовж” хаасан байх магадлалтай юм. Учир нь байсхийгээд л гал түймэр, малын гоц халдварт өвчин, үер, цас зудны гамшиг тохиолдох бүрт таныг дуудах боломжтой юм. Ер нь гамшиг гэдэгт Гамшгаас хамгаалах тухай  хуулиараа маш олон зүйл багтдаг өргөн хүрээтэй ойлголт л доо. 

Цэргийн албаны тухай хуулийн 30.6-д “Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний албанд цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр хоёроос дээш жил алба хаасан төрийн тусгай алба хаагчийг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ” гэж зааснаас үзвэл тус албадад цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр ажилладаг хүн бүр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасанд тооцогдох юм. 

Мөн сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар гурван жил ажилласан иргэнийг цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцож, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэх боломжийг бий болгожээ. Гэхдээ Засгийн газраас баталсан алслагдсан сумдын жагсаалтад тухайн сум орсон байх шаардлагатай юм. МУЗГ-ын 2009 оны 246 дугаар тогтоолоор дараах сумдыг алслагдсан  гэж үзжээ. 

4А мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах

25 нас хүртлээ цэргийн алба хаагаагүй бол тухайн жилдээ цэрэгт явах  эсхүл мөнгө төлөх гэсэн хоёр сонголт үлдлээ. Мөнгөн төлбөрийг нэг жилд нэг цэргийн хэрэглэдэг зардлаар тооцдог бөгөөд Засгийн газрын тогтоолоор баталдаг юм. Жишээлбэл 1993 онд төрсөн иргэн энэ жил 26 нас хүрч, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах  боломжтой болно. Ингэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх дээр хэдэн удаа цэрэг татлагын комиссоор, чөлөөлөгдсөнөөс хамаарч мөнгөн төлбөр өөр өөр байх юм.

2019 онд Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5,334,452 /таван сая гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг/ байхаар Засгийн газраас баталсан. Өөрөөр хэлбэл 18-25 насандаа нэг ч удаа цэрэг татлагын комиссоор ороогүй бол тухайн торгуулийг бүтэн төлнө.

Харин цэрэг татлагын комиссоор хэдэн удаа орно тэр болгонд мөнгөн төлбөрөөс чөлөөлөхөөс гадна их дээд сургуульд сурж цэргийн алба хаах боломжгүй байсан хугацааг мөн адил хасаж тооцох юм. Жишээлбэл, цэрэг татлагад 8 удаа орсон боловч тэнцээгүй бол 100 хувь чөлөөлөгдөнө. 4 жил их сургуульд сурсан бол нийт төлбөрөөс 46% хасагдаж 2,458,447 төгрөг төлнө гэх мэтээр тус тус зохицуулагдана.  

-Иргэн н.Мөнхбат: Энэ жил 26 нас хүрч цэргийн албаа мөнгө төлөх хэлбэрээр хаалгалаа. Их сургууль болон магистрт сурч байсан жилээ хасуулаад нийт 747,000 төгрөг төллөө. 

Гэхдээ амьдралд хэн ч, хэзээ ч 5,334,452 төгрөгийг төлдөггүй бөгөөд засаг даргын тамгын газрын дарга, цэргийн штабын дарга нартайгаа харилцан тохиролцсоны эцэст багахан хэмжээний мөнгө улсад төлөөд хаалгах тохиолдол элбэг байгаатай  маргах аргагүй юм. Энэ мөнгөн төлбөрийг жил бүрийн эхний улиралд Засгийн газраас шинэчлэн баталдаг билээ. Гэхдээ ийнхүү мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдсөн ч ЦЭРГИЙН АЛБА ХААСАНД ТООЦОХГҮЙ. Мөн таны төлсөн төлбөрийн 50% нь төрийн сангийн тусгай дансанд ордог бол үлдсэн 50%  нь тухайн орон нутгийн төсөвт төвлөрч батлан хамгаалах зардалд зарцуулагддаг.

Дээрх байдлаар цэргийн алба хаах үүргийг мөнгөөр дүйцүүлэн хаалгаж байгаа нь шударга ёс болоод тэгш байдлын зарчимд үл нийцсэн, ялгаварлан гадуурхалтыг бий болгосон гэж үзэж болно. Үүнтэй холбоотойгоор Үндсэн Хуулийн цэцэд иргэн А 2017 онд мэдээлэл гаргаж байсан ч маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан байна. 

Хэрэв дүйцүүлэх хэлбэрээр цэргийн алба хаах бол өөрийн харьяа аймаг, дүүргийн цэргийн штабт өргөдөл гаргах учиртай.

5. Гэрээт цэргийн алба

Цэргийн албыг гэрээгээр хаах бас нэгэн боломжийг төрөөс бий болгосон байна. Америкт болсон нэгэн жишээг сонирхуулахад: Эдийн засагч Милтон Фрийдман цэргийн алба, татлагын төлөө байдаг генералтай маргалджээ. Генерал албан журмаар татдаг армийн төлөө байдгаа хэлээд, мөнгөний төлөө байлддаг цэрэгтэй “хөлсний армитай” байхыг хүсэхгүй байна гэж хэлэхэд хариуд нь Фрийдман “Та үнэхээр армид сайн дураар очсон хүнийг хөлсний цэрэг хэмээн нэрлэхийг хүсэж байна уу? Тэгэхдээ хүрвэл та ч хөлсний генерал, би ч хөлсний профессор. Бидэнд хөлсний хуульч, хөлсний эмч нар үйлчилдэг” гэж хариулжээ. 

Дээрх жишээнээс үзвэл, гэрээгээр цэргийн алба хаахыг ардчилсан өндөр хөгжилтэй орнууд сонголт болгожээ. Та армид сайн дураар алба хаах бол хариуд нь гэрээнд заасан цалин хөлс, хангамжийг эдлэх зах зээлийн  зарчим үйлчлэх юм.

Засгийн газрын 2018 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан Цэргийн гэрээт алба нь байлдагч, түрүүчийн болон ахлагч, офицерын гэсэн төрөлтэй.

Гэрээт алба хаах иргэн нь эрүүл мэнд болон бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангахаас гадна цэргийн алба хаагчийн ёс зүйн шаардлагуудыг хангасан байх ёстой.

Гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах иргэн дээрх шаардлагаас гадна хугацаат цэргийн алба хаасан байх, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх, 29 хүртэлх настай байх гэсэн шаардлагыг мөн хангана. Гэрээт албыг ахлагч, офицероор хаах иргэн дипломын болон түүнээс дээш боловсролтой байх, мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын шалгуур үзүүлэлт, ажлын байрны шаардлагыг хангасан байх, хуульд зааснаас хэтрээгүй настай байх, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангасан байна. Мөн тус албыг байлдагч, түрүүчээр хаах хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацааг цаашид хоёр жилээр 31 нас хүртэл сунгаж болно.

Иргэн цэргийн байгууллагад шаардлагатай мэргэжил, албан тушаалд ахлагч, офицероор 5 хүртэл жилийн хугацаагаар гэрээт цэргийн алба хааж болно.        

Гэрээт алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цэргийн цолны цалин, онцгой нөхцөл, цэргийн мэргэжлийн зэрэг, хилийн болон хууль тогтоомжид заасан бусад нэмэгдлээс бүрдэнэ. Ойролцоогоор 400,000-500,000 төгрөг гар дээрээ авах боломжтой. Нэг ёсондоо ажлын байраар хангагдаж байна гэж үзэх болох юм.

Цаашид энэ төрлийн албаны тоог нэмэгдүүлэх нь олон улсын жишигт нийцсэн хандлага юм. 

Эцэст нь хэлэхэд, цэргийн алба үндсэн дөрвөн хэлбэр дээр нэмэх нь алба хаах, хаасанд тооцуулах боломжит нийт 7 хувилбараас иргэн өөрт таарсан сонголтоо хийх боломжтой гэж үзэж болохоор байна. Иймд цэргийн албыг биеэр, хугацаатайгаар заавал хаах ёстой гэсэн ард иргэдийн хандлагад тогтсон хэвшмэл ойлголтыг халах цаг болсон.

Цаашид Монгол Улс нь цэргийн алба хаахыг иргэндээ үүрэг болгодог биш сонголт хэлбэрээр санал болгодог байхаар хуульчлах нь олон улсын жишигт нийцсэн сайн туршлагын нэг хэлбэр мөн юм. Цэргийн албыг сонголт болгосоноор үр ашиггүй зардал багасч улсын эдийн засагт учирч буй данхар бүтэц арилж, хэмнэлт бий болох бүрэн боломжтой юм.