2019 оны 3 сарын 21
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Таван толгой Торонтод

Торонто хотноо PDAC 2019 (Prospectors and Developers Association of Canada буюу Канадын хайгуулчид ба олборлогчдын холбоо) ээлжит чуулга, үзэсгэлэн худалдаа болов. Энэ холбоо нь дэлхий даяар хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх зорилгоор техник, үйл ажиллагаа, байгаль орчин, аюулгүй ажиллагааны болон нийгэмд эерэгээр яаж нөлөөлөх талаар мэдээлэл солилцож, тэргүүн туршлага хуваалцах боломжийг 8,000 гаруй гишүүн, оролцогчдод олгодог учир нэр хүнд нь улам бүр өссөөр байна.

Жил бүрийн гуравдугаар сарын эхээр болдог энэ үйл ажиллагаанд 130 орны 25.8 мянган хүн, 3,500 хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, уул уурхайн хайгуул, олборлолт, ложистикийн 1,000-аад компани үзэсгэлэнгээ дэлгэж Торонто хотын эдийн засагт 70 сая доллар оруулжээ.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй монголын Засгийн газар, уул уурхайн компаниудын төлөөлөл 3-р сарын 3-нд гадаадын хөрөнгө оруулах боломжийг танилцуулсан Mongolia@PDAC 2019 уулзалт, хүлээн авалт зохион байгуулав. Мөн Торонто, Австрали, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд туршлагаа хуваалцаж, 250-аад оролцогчдын санал, асуултад хариулав., УУХҮ-ийн сайд Эрдэнэс Таван Толгой (ЭТТ) компанийн хувьцааны 30 хувийг гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргах тухайд энэ удаа төвлөрч Канадын уул уурхайн, олон улсын худалдааны, байгалийн баялагийн, Чилийн уул уурхайн сайд болон хөрөнгө оруулагчидтай уулзав.

Эрдсийн олборлолтын дэлхийн төлөв

2018 онд дэлхий даяар төмөрлөг бус металлын (хөнгөн цагаан, алт, зэс, цайр гэх мэт) хайгуулд 10 тэрбум ам. доллар зарцуулсан нь өмнөх оноосоо 4 хувиар өссөн гэж S&P Global Intelligence мэдээлэв. Энэ хөрөнгийн тал нь алт, 22 хувь нь зэсэнд ногджээ. Ам. доллар чангарахаар, сулардаг алтны үнэ оны эхэнд унц нь 1318 дол, оны эцэст 1283 болж буурсан ч дахин онц өөрчлөгдөхгүй ажээ. Харин 2017 оны эцэст тонн нь 6,173 дол байсан зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр эдийн засгийн өссөн, нийлүүлэлт буурсан хоёроос болж 6527 дол болж өссөн, 2019 онд дунджаар 6824 дол байх төлөвтэй гэжээ.

Нөгөө талаас, цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэхийг дагаад зайн металл: зэс, литиум болон кобалтын хайгуулын төсөв огцом өсч байна. 2018 онд литиум хайгуулд дэлхий даяар 247 сая доллар зарцуулсан нь өмнөх оноосоо 58 хувиар, кобалт хайхад 95 компани нийт 110 сая доллар зарцуулсан нь 2017 оныхоос 3 дахин тус тус нэмэгджээ.

Гэтэл Монгол Улсад ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд оржээ. Хайгуулын зөвшөөрөл хэт замбараагүй олгож явсаар 2010 онд олгохыг бүр мөсөн зогсоосон боловч төдөлгүй ил, далд олгож эхлэв. Эдүгээ уул уурхайн 3,074 зөвшөөрөл олгосны 1,393 нь хайгуулын, 1,681 нь олборлолтын лиценз байна. Монгол Улс газар нутгийнхаа 5.5 хувьд хайгуул олборлолт явуулж байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад 1:50 мянгын буюу 1 см-т 500 метрийн масштабтай геологийн зураг шаардлагатай байдаг бол манай улс энэ зургийг газар нутгийнхаа гуравны нэгд л гаргажээ. Уг нь хаана, ямар эрдсийн уурхай байгаагаа улс орон бүр мэдэж хэзээ, яаж ашиглахаа ухаалаг төлөвлөдөг. 2017-2018 онд төсвөөс хайгуулын судалгаанд зориулж 13.3 тэрбум төгрөг төлөвлөсөн ч 11.3-ыг нь л (5.3 cая дол) гаргажээ. Гэтэл эрдсийн баялаг олдох өндөр магадлалтай төслийн хайгуулын ажилд хөрөнгө оруулалт татах боломж олон улсын зах зээлд их байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр 2018 онд Монгол Улс 

  • 50 сая тонн нүүрс
  • 1.3 сая тонн зэсийн баяжмал
  • 20.6 тонн алт
  • 109 мянган тонн жонш
  • 7.7 сая тонн төмрийн хүдэр
  • 9.6 сая тонн төмрийн баяжмал
  • 5.4 мянган тонн молибдений баяжмал
  • 14.2 мянган тонн катодын зэс
  • 182 мянган тонн жоншны баяжмал
  • 88 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэжээ. 
  • Уул уурхай бол монголын ДНБ-ий 23.6, аж үйлдвэрийн 72, экспортын 88.5 (6.2 тэрбум ам. дол), гадаадын хөрөнгө оруулалтын 74 хувийг эзэлдэг эдийн засгийн амин чухал салбар учир энэ салбараас монголын хөгжил шууд хамааралтай.

ЭТТ хөрөнгийн эрэлд 

Монголын уул уурхайн салбарыг нүүрсгүй төсөөлөх аргагүй. Илч багатай хүрэн нүүрсийг зөвхөн цахилгаан дулааны чиглэлээр ашигладаг бол, илч өндөр буюу коксждог нүүрсийг төмөр хайлуулахад ашигладаг. 2018 онд манай улсын экспортын 88.5 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн бол түүний бараг талыг буюу 45 хувь нь коксждог нүүрсэнд ногдож байна.

УУХҮ-ийн яамны мэдээлснээр, 2018 оны эцсээр улсын нүүрсний нийт нөөц 32.8 тэрбум тонн болж, 179 компани нийт 317 олборлолтын лиценз эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байна. 2018 онд Монгол Улс 50 сая тонн нүүрс үйлдвэрлэж 36 сая тонныг нь экспортлоод байна. Нүүрсний нийт нөөцийн 7.4 тэрбум тонн нь Таван толгойн орд газарт ногддог. Үүний 5.1 тэрбум тонн нь коксждог нүүрс бөгөөд түүний 3 тэрбум нь төрийн өмчийн ЭТТ компанийн Цанхи нэртэй хэсэгт ногдож байна. ЭТТ компани 2018 онд 11.1 сая тонн нүүрс олборлож, 800 сая долларын борлуулалт хийжээ. ЭТТ нь дангаараа Хятадын коксждог нүүрсний импортын тавны нэгийг нийлүүлжээ.

ЭТТ олборлолтоо 2010 оноос эхэлж, 8 жилийн хугацаанд 40 сая тонн нүүрс гаргажээ. Ирэх 4 жилд 70 тонныг олборлох, хүчин чадлаа хоёр дахин нэмэхээр зорьж байна. Олборлолтын 85 хувь нь коксждог нүүрс байх ажээ. Хүчин чадлаа тэгж нэмэхийн тулд Гашуун сухайтын боомт хүртэл авто болон төмөр зам шинээр барих, хил нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлэх, нүүрс боловсруулах болон химийн үйлдвэрүүд, цахилгаан станц барих, усны хангамжаа шийдэх, Сайншанд, цаашаа Ханги хүртэл төмөр зам барих зэрэг 20-оод том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд 1.8 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд түүнийг хувьцааныхаа 30 хувийг олон улсын зах зээл дээр гаргах замаар босгохыг Засгийн газар зорьж байна.

Маш том нөөцтэй, сайн чанарын коксжих нүүрстэй, хамгийн том хэрэглэгчийн хаяанд байгаа учир хамаг дэд бүтцээ барьж байгуулсны дараа олборлолт жигдэрч борлуулалт өснө гэж хөрөнгө оруулагчид хүлээж байна. Гэхдээ ЭТТ төрийн өмчийн компани тул удирдлага нь үргэлж солигддог, ТУЗ-д нь иргэддээ тарааж өгсөн 15 хувиас нь сонгосон хараат бус гишүүн байхгүй нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Тэгээд ч 30 хувийн хувьцаа нь шийдвэрт нөлөөлөх хүч бага ажээ.

Олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал татаж буй өөр нэг зүйл бол ЭТТ-н нийгмийн болон экологийн хариуцлага. Таван толгойн орд газраас нүүрсийг машинаар ачаад боомтоос 20 км-ийн наана Цагаан хад нэртэй газар буулгаж овоолон, дахин ачиж байгаа нь экологийн сүйрэл дагуулж байна. Хар тоосонд олон мянган машин хэсэг бүлгээрээ жагсан, хил гарах дугаараа хэдэн долоо хоногоор хүлээж зогсох жолооч нар машиныхаа кабинд “амьдарч” байна.

Тэдэнд нүүрс тээвэрлэх эрхийг Зам, тээврийн хөгжлийн яам олгодог. Улс төрийн холбоотой учир 3500 машин хангалттай байх ажилд 15 мянган машинд эрх олгочихсоноос, хил нэвтрэн өнгөрүүлэх чадвараас олон дахин давж Цагаан хадны “гацаа” үүсчихсэн байгаа. Энэ зам дээр өдөр бүр авто тээврийн осол гарч, амь насаа алдаж байна. Замын осол, Цагаан хадны гацаагаа арилгахгүй компанийн аль нэг хувьцааг гадаадын ч, дотоодын ч хөрөнгийн зах зээл дээр авахгүй нь тодорхой. Таван толгойн хувьцааг Торонтогийн бирж дээр зарахын тулд хийх ажил их байна.

2019.03.13

x