Индэр    
2019 оны 2 сарын 2
Зураг
Хуульч, сэтгүүлч

Хэрэглэгчийн цахилгааныг дур мэдэн хязгаарласаар байх уу?

Зураг

Оюутан байсан юм даг зуны амралтаараа хөдөө хэд хоног амраад иртэл гэрийн хаа нэгтэйгээс эвгүй үнэр угтаж авлаа. Өө золиг оо…, тог тасарсан байна ш дээ. Ойлгомжтой болоод ирэх нь тэр ээ. Хөлдөөгчний хаалгыг хөшүүнээр нээвэл нөгөөх гайхал үнэртэй учран золгохгүйяа бэрх. Яг над шиг ийм тохиолдолтой учирсан хүмүүс нэлээн олон бий болов уу.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-т “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна”

гэснээс үзвэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг юм байна. Мөн эрчим хүчний хэрэглээг гагц энэ байгууллага л түдгэлзүүлэх эрхтэй байхаар заажээ.

Гэвч гэрээний тал биш болох ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг хязгаарлах тохиолдол гардаг.

Хэрэв энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар дур мэдэн тасалсан буруутай этгээдэд арга хэмжээ тооцуулах боломжтой бөгөөд ийм тохиолдлоор хэрэглээгээ хязгаарлуулж, эрх ашиг нь хөндөгдсөн этгээд нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандах эрх нь нээлттэй юм.

Мөн түүнчлэн учирсан хохирлоо иргэний журмаар шүүхээс нэхэмжлэх боломжтой.