Индэр    
2018 оны 11 сарын 5
Зураг
Эдийн засагч, шинжээч

Ханш, чулууны үнээ болиод хөдөлмөрийн зах зээлийг моданд оруулцгаая

Зураг

Нууц товчоонд дурьдахдаа,

"Одтой тэнгэр орчиж.
Олон улс байлдаж.
Орондоо унтах завгүй.
Олзлон булаалдаж байв” хэмээн өгүүлдэг шиг өнөөгийн нийгэмд ч хүн гэдэг ийм л завгүй болжээ. Та хамгийн сүүлд хэзээ дээш харж, тэнгэр ширтсэн бэ?

Бид дөрвөн уулын доторх хэдэн дөрвөлжин байшин эргэсээр л цаг хугацаа ч урсаж байна даа. Тиймээс та бүхэнд хамгийн эхлээд энэ нийтлэлийн дүгнэлтээ хүргэчихье гэж бодлоо. Харин учир шалтгааныг нь ухаж үзмээр санагдвал дэлгэрүүлэн унших боломжтой.

Хөдөлмөрийн зах зээл маш өргөн сэдэв ч манай хөдөлмөрийн зах зээл дээрх гажиг ч гэмээр тогтсон нөхцөл байдлыг тодорхойлохыг хичээв.

  • Төрийн албаны авилгал, хээл хахууль хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлсөөр байна. Авилгын чиглэлээр хийсэн ажил үр дүнгүй байгаа авилгын индекс тодорхой харуулав.
  • Бид ажил эрхлэлтийг ярьдаг биш америк долларын ханш ярьдаг бодлого боловсруулагчдаар дүүрэн байна.
  • Сүүлийн 10 жилд уул уурхайн салбарын дундаж цалин 6.5 дахин өссөн бол боловсрол болон эрүүл мэндийн салбарын дундаж цалин 2.5 дахин өсчээ. Цалин нь бага учраас банкны зээлийн дарамтанд орж, улмаар өрөө дарах гэж цагаачилж байна.
  • Уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн үйлийн үрийг бид хөдөлмөрийн зах зээл дээр мэдэрч байна.
  • Зөв төрхтэй, дээд боловсролтой, англи хэлний ярианы мэдлэгтэй үйлчлэгч, цэвэрлэгч ажилд авдаг болсон. Манай төгсөгчдийн 3 хүн тутмын 1 нь л ажилтай болдог дээд боловсролын үнэгүйдэл манайд нүүрлэсэн байна.
  • Хөдөлмөрийн зах зээл дээрх хүн-машины харьцаа өөрчлөгдөж байна. Бид чадавхжихгүй бол шар толгойтнууд эсвэл машин л биднийг орлож бид харин ажилгүй үлдэх болно.Тиймээс бидэнд боловсролын шинэчлэл, боловсон хүчин ур чадвартай байх асуудал хурцаар тулгарч байна.
Дорнын уламжлал дүр төрхөө өөрчилж авилгал болон хувирсан. Цүнх барьдаг давхарга хөдөлмөрийн зах зээлд бий боллоо.

Манай ёс заншилд баяр ёслолын үеэр бие биедээ гарын бэлэг барьдаг. Хэрэв хэн нэгэн айлд зочлох гэж байгаа бол гар хоосон ордоггүй гэдэг. Энэ нөхцөл байдал ч дүр төрхөө өөрчилж зах зээлийн эдийн засагт авилгал болтлоо өргөжив. Ялангуяа Монгол Улсад төрийн албанд танил талаараа, намын томилгоогоор эсвэл авилга өгөх байдлаар ажилд ордог. Дэлхийн авилгын индексээрээ ерөнхийдөө зүүн азийн орнуудын авилга өндөр байдаг.

 

                               Эх үүсвэр: Transparency International           

2017 оны байдлаар Монгол улс, авилгын индексээр 176 орноос 103-р байранд бичигдэж байна. Монголын авилгын индекс харьцангуй тогтмол боловч бусад орнуудтай харьцуулахад эзлэх байр ухраад байгаа нь бид авилгалын чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй, энэ чиглэлийн ажлууд нь үр дүнгүй байгааг илтгэж байна. 2015 онд авилгын индексээр 72-р байранд бичигдэж байсан бол 2 жилийн дараа 31 байраар ухарсан байна. Авилгал, хээл хахууль байгаа нь төрийн албанд ажиллаж буй хүмүүст цалин нь бус, тухайн албан тушаал нь өөрөө мөнгө хийх боломжийг олгож байгаа юм.

Тиймээс ч цүнх баригч гэсэн ойлголтууд гарчирж, зөвхөн амар хялбар байдлаар албан тушаалд томилогдох хүсэлтэй залуучуудын давхарга бий болж байна. Энэ бол хөдөлмөрийн зах зээл дээр үүсч буй маш том гажуудлын нэг юм.

 

                                  Эх үүсвэр: Transparency International

Цалин өсдөггүй, ажилчид нь цагаачилсаар...

Сонгодог эдийн засгийн онолд үздэг шиг Монголд хөдөлмөрийн зах зээл маань эрэлт, нийлүүлэлтээрээ тогтож үнэ нь хурдан тэнцвэрт ордоггүй. Өнөөдөр багш, эмч нар жагсаад байгаагийн шалтгааныг бид дараах статистикаас харах боломжтой. Бид газар ухаж, гадагш гаргахаас өмнө бүх салбарын цалин ойролцоо түвшинд байжээ.

2008 оноос хойш буюу 10 жилийн хугацаанд уул уурхайн салбарын цалин 6.5 дахин нэмэгдсэн бол боловсрол, болон эрүүл мэндийн салбарын цалин ердөө л 2.5 дахин л өсчээ. Энэ бол нэрлэсэн цалин юм шүү. Инфляцийн өсөлтийг хасах юм бол цалин бараг л нэг түвшиндээ тогтсон. Гэтэл өдөр бүхэн амьдралын өртөг нэмэгдэж, иргэд бид зээлийн хавханд орчихсон. Мэдээж ийм тогтолцоо нь өнөөдөр багш, эмч нар хахууль авахад хүргэхэд нөлөөлсөн. Бүр болохоо байхдаа өрөө дарцгаая гээд 3 сарын хугацаатай Солонгост хараар ажиллахаар гарцгааж байна.

Уул уурхайгаас бусад салбаруудын цалин угаас л хангалттай түвшинд өсөөгүй. Улсын дундажыг харвал 2008 оноос хойш 3.4 дахин л өссөн буюу 2017 оны байдлаар 944 мянга л байна. 

 
БОРОО, НАР, СОЛОНГО... Чулууны эдийн засагт ажиллахын зовлон

Уул уурхайн салбар нь эдийн засгийн 20 хувийг эзэлдэг боловч ажиллагсдын ердөө 5 хувийг л шингээдэг салбар юм. Угтаа бол баялагын 20 хувийг бүтээж буй салбар хамгийн багадаа ажиллах хүчний 20 хувийг шингээж байж сая өөрийн ачаагаа нуруундаа үүрч буй хэрэг. Учир нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хөдөлмөр, капитал гэсэн үндсэн 2 нөөцийг ашигладаг гэж үзвэл уул уурхайн салбар нь бараг 70 хувиас дээш капиталыг буюу хүнд даацын машин тоног төхөөрөмжийг ашигладаг.

Тиймээс л олон жил манай бодлогын байгууллагууд эдийн засгийг солонгоруулах тухай ярив. Харамсалтай нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн хүндрэлээ бодлогоор зохицуулж чадахгүй бол юун бороо, солонго, нарны тухай ярих хол мэт санагдана.

 

                                Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо

Зөв төрхтэй, дээд боловсролтой, англи хэлний ярианы мэдлэгтэй үйлчлэгч, цэвэрлэгч

Дэлхийн ямар ч орноос илүүтэй Монголд үйлчлэгч, цэвэрлэгч хийх нь мэдлэг ур чадвар ихээр шаарддаг болоод байна. Жил бүр дунджаар 46 мянган оюутан, суралцагч төгсөж байгаагаас ердөө 30 хувь нь л ажилд орж байна. Өөрөөр хэлбэл 3 хүн тутмын 1 нь ажилд орж байна гэсэн үг. Үнэхээр ажлын байр олдохгүй байна уу? Эсвэл бэлтгэгдэн гарч буй боловсон хүчний боловсрол мэдлэг дутуу байна уу?

Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэн гарч буй ажилтнуудын 4 хүн тутмын нэг нь бизнесийн чиглэлээр суралцаж байна. Энэ нь мэдээж одоогийн ажлын олдоц, боломжийг харж сонголт хийж байгаагийн үр дүн. Үнэндээ диплом үнэгүйдэж, Монголын боловсролын салбар тэгтлээ л үнэгүйдсэн байгааг харуулж байна.

Түүнээс гадна 40-өөс дээш насны эмэгтэй хүнд ажил олдох боломж бага байгааг дэлхийн банкны судалгаа харуулсан.

 

                                       Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо

Бид чадавхжихгүй бол шар толгойтнууд эсвэл машин л биднийг орлож бид харин ажилгүй үлдэх болно

Хөгжингүй улс орнуудад хүнийг орлох машины тоо нэмэгдэх тусам тэнд байгаа нөхдүүд ямар ажил хийх вэ? гэдэг нь том асуудал болох юм. Судалгаагаар энэхүү нөлөөлөл нь хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнууд руу ажиллах хүчин шилжих нөхцөл байдлыг үүсгэж болохыг харуулжээ.

Өнөөдөр нэг Монгол хүн дунджаар нэг Америк хүнээс 10 дахин бага баялаг бүтээж байна. Өөрөөр хэлбэл бидэнд тэр шар толгойтнуудаас илүү ур чадвараа хөгжүүлж, илүү суралцах хэрэгцээ шаардлага үүсч байна. Ирээдүйн ажлын байрны судалгааны тайланд 2018 онд хүн машины ажлын цагийн харьцаа 70-30 байгаа бол 2022 онд буюу 4 жилийн дараа 57-43 болохоор байна. Ердөө л нэг оюутан төгсөөд ажлын байран дээр гарах хугацаанд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болно.  

 

 Эх үүсвэр: Дэлхийн эдийн засгийн форум, Ирээдүйн ажлын байрны судалгааны тайлан -2018

Өнөөдөр автомат машинууд бидэнд ажлын байрны шинэ шаардлага, шинэ босгыг тавиад эхэллээ. Капитализм угаас л ингэж ажилладаг. Бид энэ үед бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийг ядаж ярьж эхэлцгээе

Өнөөдөр улс орнуудын төв банкуудын зорилго нь хамгийн эхэнд ажил эрхлэлтийг хангах, түүний дараагаар үнийн тогтвортой байдлыг ярьдаг бол манай улсын төв банкны зорилго нь үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг. Нобелийн шагналт, монетарист хувьсгалын гол төлөөлөгчболох эдийн засагч М. Фридман хүртэл хэлэхдээ мөнгөний бодлогын зорилтын нэгдүгээрт ажил эрхлэлтийг тавьсан байдаг. Энэ бодлогыг баримталдаг учраас Америкт 49 жилийн дараа ажилгүйдлийн түвшин хамгийн доод цэгтээ хүрч байна. Яагаад тэд ажил эрхлэлтийг ингэж их ярьж байна вэ? тэдний бүтээж буй баялагын тал хувийг хөдөлмөрийн зах зээлд ажиллаж буй ажиллагсад бүтээдэг.

Манай баялагын ердөө 20 хүрэхгүй хувийг цалин бүрдүүлдэг учраас хөдөлмөрийн зах зээлийн талаарх ойлголт бидэнд байдаггүй. Манай улс төрчид, эдийн засагчид ажил эрхлэлтээс илүү валютын ханш, нефтийн үнэ ярьдаг болохоор тэр. Хэн ч ажилгүйдлийн түвшинг өсч буурч буйг анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй. Бараг тэрхүү тоондоо ч үл итгэдэг. Хэрвээ бодлогын эдгээр байгууллагууд нь асуудалд ийм байдлаар хандсаар байвал хэзээ ч бид долларын ханшаас илүү ажил эрхлэлтийн тухай ярьж, ажил хэрэг болгож чадахгүй.