Индэр    
2018 оны 8 сарын 9
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Буянт-Ухаагийн буман боломж II

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал ашиглалтад орох гэж буй нь Буянт-Ухаа дахь онгоцны буудалд ямар их боломж нээгдэж байгааг өнгөрсөн долоо хоногт “Буянт Ухаагийн буман боломж” нийтлэлдээ агаарын хөлгийн техникийн үйлчилгээний бизнесийн жишээн дээр өгүүлсэн. Энэ удаа бусад боломжоос онцолж байна.

Гурван жилийн өмнө Ази-Европын дээд хэмжээний (АСЕМ) уулзалтыг угтан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж транзит танхим, агаарын хөлгийн 9 зогсоол байгуулж, талбайг өргөтгөж, хөөрч, буух хучилттай зурвасын 500 метрийг нь хүчитгэсэн. Буянт-Ухаагийн онгоцны буудлын өнөөгийн үнэ цэнэ бараг 300 сая ам.доллар буюу 750 тэрбум төгрөг. Энэ буудалд оруулсан энэ их хөрөнгийнхөө өгөөжийг гаргах ёстой.

Буянт-Ухаа дахь нисэх буудлын барилга, байгууламжид иргэний нисэхийн тодорхой үйлчилгээнүүдээ авч үлдэн, хөгжлийн шинэ хэрэгцээг угтуулан үйлчлэх боломжтой юм. Харин ямар үйлчилгээ бий болгохоо яаралтай шийдэхгүй бол 480 га талбайг харж хамгаалах, барилга, байгууламжийг дулаан, цахилгаан, цэвэр бохир усаар хангах зардал нь жил бүр тэнгэрээс (навигацийн орлого) бууж байгаа 100 сая ам.долларын улсын төсөвт татдаг хөрөнгөөс суутгаж таарна.

Буянт-Ухаа дахь нисэх буудлыг агаарын хөлгийн техник үйлчилгээ засвараас гадна ерөнхий зориулалтын нисэхийн хэрэгцээг хангах, нисэхийн сургууль байгуулах, бага оврын жижиг онгоц угсрах зэргээр ашиглаж болно. Энэ бүгдийг алсын хараатай түргэн шуурхай зохион байгуулж, эхлээд төрийн, дараа нь олон нийтийн эзэмшлийн хувьцаат компани болгон хөгжүүлбэл тэнгэрээс буух “бороо” улам ихсэх болно.

Ерөнхий зориулалтын нислэгийн боломж

Иргэний агаарын тээврийг зорчигч, ачаа тээврийн арилжааны хуваарьт нислэг ба ерөнхий зориулалтын нислэг гэж хоёр ангилдаг. Монгол улсын хувьд зорчигч, ачаа тээврийн арилжааны хуваарьт нислэг Хөшигийн хөндийд, ерөнхий зориулалтын нислэг Буянт-Ухаад төвлөрөх боломж байна.

Манай улсад ерөнхий зориулалтын буюу бага оврын агаарын хөлөг, нисдэг тэргээр агаарын такси, хөдөө аж ахуйн, барилгын, зураг авалтын, тандалт хайгуулын, цаг уурын, эргүүл ажиглалтын, эмнэлгийн, эрэн хайх, авран туслах болон агаарын сурталчилгааны, нисэхийн спортын, сургалт дадлагын, сонирхогчийн зэрэг нислэг хийх эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд улам өссөөр байна.

2017 онд уул уурхайн захиалгат нислэгээр Оюутолгой, Овоотын чиглэлд 216 мянган зорчигч тээвэрлэсэн нь орон нутгийн хуваарьт нислэгийнхээс хоёр дахин их байжээ. Иргэдэд онцгой байдлын үед зайлшгүй хэрэгцээтэй эмнэлгийн яаралтай тусламж, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг нийгмийн шинжтэй нислэг хийх боломж бага байна. Монголын цэрэг, цагдаа хүчний байгууллагуудын шуурхай ажиллагаанд агаарын хөлөг, нисэх буудал мэдээж шаардлагатай.

Мөн хувийн, албан хэргийн, аялал жуулчлалын, эйр такси зэрэг орчин үеийн бизнесийн зориулалттай нислэгийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна.

Иргэд хувийн хэрэгцээндээ агаарын хөлөг ашиглах шаардлага их болж буйг тооцох цаг болжээ. Нийслэл хотод ойрхон, онгоцоо хадгалж, хөөргөж буулгаж болох хамгийн тохиромжтой аёродром бол Буянт-Ухаа. Хувь хүн өөрийн хэрэгцээнд авч ашиглах бага оврын агаарын хөлөг, нисдэг тэрэгт тавигдах стандарт, шаардлагыг яаралтай тогтоож, холбогдох зохицуулалтыг бүрдүүлэх, хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлгийн холбоо, нислэгийн удирдлагын (навигацийн) төхөөрөмжийг нэмж суурилуулах шаардлагатай байна.

Нисэхийн сургалтын төв 

Дэлхий дээр цэргийнхээс бусад агаарын хөлгийн тоо 2010 оны байдлаар 62 мянга байсан бол 2030 онд 152 мянгад хүрэх тооцоог Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ICAO/ гаргажээ. Энэ нь 26-52 сая цагийн нислэг үйлдэх нисгэгч, засвар үйлчилгээний ажилтан, нислэгийн удирдагч гэх мэт шинээр 2 сая мэргэжилтэн шаардлагатай. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй нисэхийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээг одоо байгаа сургалтын байгууллагуудын хүчин чадал хангаж чадахгүй байна.

Энэ их эрэлт хэрэгцээний 40 хувь нь Ази Номхон далайн бүс нутагт ногдоно. 2020 он гэхэд урд хөршийн ерөнхий зориулалтын агаарын хөлгийн тоо 5,000 болж, 500 нисэх буудал баригдаж, 1.75 сая цагийн нислэг үйлдэх ажээ. Тэд бага оврын агаарын хөлгийн үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлж байна.

Газар нутгийн байршлын давуу тал, жилийн гуравны хоёр нь цэлмэг байдаг, дөрвөн улиралтай учир нислэгийн бүх нөхцөлийг бүрдүүлж чадах цаг агаарын онцлогоо ашиглаж юуны өмнө хоёр хөршийн нисэхийн мэргэжилтэн дадлага туршилт хийдэг сургалтын төвийг байгуулах боломж, хэрэгцээ, шаардлага байна.

Хятад улсад агаарын орон зайг нь Батлан хамгаалах яам нь хянаж иргэний нислэг бүрийн зөвшөөрлийг олгодог, сургалтын нислэг хийхэд түвэгтэй учир монголд нисэхийн сургууль байгуулах сонирхол урд хөршид байгаа ажээ. Бас олон мянган залуу нисгэгч шинээр бэлтгэх шаардлагатай ч Англи, Америкийн виз авах нь хүндрэлтэй байдаг гэнэ ээ.

Манай улсад ч иргэний нисэхийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж дотооддоо бэлдэхээс гадна гадаадад бэлддэг. Сүүлийн 6 жилд гэхэд ИНЕГ-аас нисэхийн 56 мэргэжилтнийг АНУ, Канад, Украйн, Тайланд, ОХУ, Австрали зэрэг улсуудад бэлдэхэд 1,7 сая ам.доллар зарцуулжээ.

Буянт-Ухаа дахь нисэхийн цогц дэд бүтцээ ашиглан олон улсын стандарт шаардлагыг хангасан, бүс нутгийн хэмжээнд сургалт зохион байгуулах хүчин чадал бүхий сургалтын төв байгуулж агаарын хөлгийн нисгэгч, инженер техникийн ажилтан бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Энэ сургуулийг олон улсын төслийн санхүүжилтээр, гадаадын шилдэг мэргэжилтнүүдийг ажиллуулах замаар эхлүүлж, өөрсдөө бүрэн төгс сурах ёстой. АНУ, Европын сургагч багш нарыг авчран, тэдний салбар сургуулийн хэлбэрээр ч эхлүүлж болох юм. Эхлээд дадлагын төв, яваандаа иж бүрэн нисэхийн сургууль болгож дэлхий даяар хүлээн зөвшөөрөх хүртэл хөгжих зорилго тавих хэрэгтэй.

Нисэхийн сургууль байгуулж чадвал Буянт-Ухаа дахь онгоцны буудлыг тойрон хэдэн арван зочид буудал, хэдэн зуун хоол, цэнгээний газар баригдаж, хэдэн мянган монгол залуус шинэ ажилтай болох юм.

Монголд угсрав

Бага оврын агаарын хөлгийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээний төв байгуулах, засвар үйлчилгээний сүлжээг бүрдүүлэх боломж манайд байна. Энэ талаар МИАТ компани Оросуудтай хамтран хуучин АН-2 онгоцыг монголд угсрах туршилт хийж байна. Новосибирск хотод энэ онгоцны шинэчилсэн TBC-2MC загварыг бүтээжээ.

Энэ онгоц ус, цас, хөрсөнд хаана ч буудаг, 50 м гүйгээд хөөрдөг, 1,400 км буухгүй нисдэг, 12 хүний багтаамжтай бөгөөд монголд олон жил ашиглагдсан юм. Энэ онгоцны гурван зуугаад захиалга Зүүн Өмнөд Азийн орнуудаас ирсэн боловч ОХУ-д барууны тавьсан хоригоос болоод нийлүүлж болохгүй байгаа учир монголд хамтарч угсрахыг санал болгосон байна. Ямар ч гэсэн энэ онгоцыг, эсвэл барууны бага оврын өрсөлдөгч загварыг харьцуулан судлах, аль нэгийг нь угсрах боломжийг хайх цаг болжээ.

Монгол шиг өргөн уудам нутагтай, хот суурин бүрээ холбосон авто зам тавих нь өгөөж багатай оронд бага оврын онгоц маш их эрэлттэй. Дэлхийн улс орнууд нисдэг машин бүтээчхээд, яаж ашиглах дүрэм журмаа тогтоож байгааг бид хараад суух эрхгүй.

Өнөө маргаашийн орлогын төлөө орон сууц барих шунал хүслээс илүү олон нийт, улс оронд үр ашгаа өнө удаан өгөх Буянт-Ухаагийн буман боломжийг ухаалаг ашиглах нь эрх мэдэлтнүүдийн эрхэм үүрэг, хариуцлага мөн.

Зураг