Улаанбаатар хот “Утаанбаатар” болоод арваад өвлийн нүүрийг үзэж байна. Жилээс жилд хорт утаанаас болж улам олон хүн, ялангуяа бага балчир болон ахмад настнууд нас барах болсныг тоо баримт харуулсаар байгаа. Боломжтой нь нүүдлийн шувуу мэт дулаан оронд өвөлжиж, боломжгүй нь хорт утаандаа хахан цацан хавар болохыг өдөр тоолон хүлээж сууна.
Төр засаг, хотын үе үеийн удирдлага олон жил ярьж, олон арван хөтөлбөр хэрэгжүүлж, олон зуун тэрбум төгрөг зарцуулж ирсэн ч Утаанбаатар хотын энэ өвлийн утаа онцгой өтгөн, пад хар болж, хот маань хорт утаандаа живж, зэрэгцээ яваа хүнийг ч харахад бэрх болов.
Эдүгээ ихэнх нь хүүхдүүд утаанд хордон эмнэлэг бараадсан ч төрийн байтугай, хувийн эмнэлэгт ч ор олдохгүй хонгилд нь хонож байна. Зэрэгцээд төр засаг нь өрөнд баригдан, олон төрлийн татвар нэмснээр хувийн хэвшил нь суларч, ажилгүй иргэд алс холын орнуудыг зорин дүрвэх боллоо.
Сайжруулсан зуухны үлгэр: Хотын агаарын бохирдлын 70 хувь нь гэр хорооллын зуухнаас гарч байна. Тэнд амьдарч буй бага орлоготой өрхүүд -30 хэмийн хүйтнийг давахын тулд орлогынхоо 40 хувийг нүүрс, түлшинд зарцуулж байгааг Дэлхийн Банкны судалгаа харуулжээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ивээл дор Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци хамтран 2011 оноос 100 гаруй мянга, 2013 оноос Дэлхийн банктай хамтран 40-өөд мянган зуухыг гэр хорооллын айлуудад тараав.
Туркээс авчирсан сайн чанартай эдгээр зуухыг 93 хувийн хөнгөлөлттэйгөөр буюу зардлынх нь маш багахан хэсгээр дундаж 25,400 төгрөгөөр худалдсан нь эхэндээ хотын агаарын бохирдлыг бууруулж байлаа. Гэвч удалгүй ач тустай, хэт хямд олдсон эдгээр зуухуудыг нийслэлийнхэн орон нутгийнханд хэд дахин өндөр үнээр дамлаж орхив. Цэвэр агаар төслийн мөнгийг завшсан улс төрийн бүлэглэл ганц хоёр хүнд ял өгсөн болоод амар сайхандаа жаргав.
Дахин төлөвлөх үлгэр: АН анх удаа нийслэл хотыг удирдах эрхийг 2012 онд сонгуулиар авлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэх хөтөлбөр эхлүүлж, гэртэй айл бүр орон сууцтай болно, хотын захиргаа өөрөө утааны голомт болох Баянхошуу руу нүүхээр болов. Хэдхэн компани, түүний дотор хотын даргын хүүгийн компани гэр хорооллын газар дээр орон сууц бариад газрыг нь хэдэн өрөө байраар солихыг оролдов.
Газар гэдэг хамгийн үнэтэй үл хөдлөх үндсэн хөрөнгийг нь тийм амархан хуураад авчих боломжгүй учир хэдэн жилийн дараа хэдхэн айл байртай болж, олон зуун айл байр ч үгүй, газар ч үгүй, түр байрнаасаа түргэн хөөгдөж гудманд гараад энэ үлгэр өндөрлөв. Монголчууд баян биш, ядуу хүнд зориулсан барилга барихгүй байна. Энэ үлгэрийн баатрууд ганц хоёр хүнээр туг тахиад амар сайхандаа жаргаж байна.
Үнэгүй цахилгааны үнэтэй үлгэр: 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглээд, гэр хорооллын 180 мянган айлыг цахилгаанаар халаах төслийг эхлүүлэв. Халаалт байтугай, гэрэл нь ёлтойдог ч, гэр хорооллын өрхүүд ихэнх нь 21 цагаас хойш нүүрс түлэхээ зогсоов.
Өглөө зургаан цагт хөрсөн пийшингээ халаах гэж шинээр нүүрсээ өрдөхөөр эхний таван хоромд хамгийн их хорт хий ялгардаг.
Галаа манаж хоносноос илүү хорт хий ялгарах болсноор хорт утаа нь өдөртөө замхарч чадахгүй болж, хотыг дээвэрлэх хар үүл улам өтгөрөв. Тэгээд ч айл бүр цахилгаанаар халаасан бол чадан ядан ажиллаж буй хоёр цахилгаан станц чадлаа даахгүй дэлбэрэх байлаа. Үр дүн нь гараагүй, тооцоогүй алхмын эздээс хэн нь ч хариуцлага хүлээхгүй нь мэдээж.
Онцгой байдал тогтоох онцгой шинэ үлгэр: Энэ бол цоо шинэ, дөнгөж эхэлж буй үлгэр. Онцгой байдал тогтоож, Утаанбаатарын агаарын гамшгийг цагаан сар гэхэд бууруулахгүй бол Их Хурлыг өөрийг нь тараах тухай ширүүн лүндэнг шинэ Ерөнхийлөгч, шинэ он гармагц буулгав. Арван жил яриад дийлээгүй “утаан дайсныг” арваадхан хоногт алга болгох гэнэ. Утааг нь биш юм аа гэхэд, Улсын Их Хурлыг өөрийг нь тараах улс төрийн эмгэнэлт жүжиг өрнөж байна.
Утаатай нь биш, уг сурвалж, эх үүсвэртэй нь байлдах нь ухаалаг хэрэг. Утаанбаатарын хорт утаа зуухнаас гарч байгаа ч, зуухыг байлгаад буй суурь шалтгаан бол ядуурал. Бүр тодруулбал хөдөөгийн ядуурал ажээ. Хөдөөгийн хөгжлийн бодлого нь зөв, иргэд нь малаа гэхээсээ илүү бэлчээрээ, ядаж өвөлжөөгөө өмчилдөг, багаараа хоршин ажилласан бол монголын хөдөө эзгүйрэхгүй, хот багшрахгүй байх байлаа.
Дээр нь Улаанбаатар хотын газрыг үе үеийн удирдлага нь баяжих хэрэгсэл болгоогүй, бүсчлэн төлөвлөж, дэд бүтцийг нь тэлэн байгуулж чадсан бол хотын зам тээврийн хөдөлгөөн, иргэд бидний амьдралын хэмнэл, улсын хөгжил, царай зүс тэс өөр байх байсан.
Хөдөөгийн хөгжлийн бодлого, хотын төлөвлөлтийг дайснаараа хийлгэсэн ч ийм болгохгүй байсан юм. Дайснаас ч дор биднийг хорлож буй жинхэнэ дайсан бол төр засагт шингэсэн авлига, түүнийг тас цавчин устгахын оронд чимээгүйхэн ажиглаж, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч буй иргэд бид өөрсдөө юм.
Энэ бүх хорлон сүйтгэх үйл ажиллагааг явуулсан этгээдүүдийн хэн нь ч эдүгээ ямар нэг хариуцлага хүлээх байтугай, биднийг яаж амьдрахыг удирдан чиглүүлэхийг оролдож болоод байгаад л хамаг учир оршиж байна. Бодит үнэнийг иргэд бүрэн ойлгоод, төр засгаа бүтэн хянах хүртэл утаатай байлдах үлгэрүүд жаргахгүй юм. Зундаа мартаад л, өвөлдөө үглэсээр хэчнээн олон хүний алтан амийг хорт утаанаас болж алдах юм бэ Монголчуудаа?