Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ТООЛЛОГО: Нийслэлд 9,494 бодгаль шувуу өвөлжжээ

ikon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд өвөлждөг шувуудыг бүртгэж, тоолох ажлыг нийслэлийн долоон дүүргийн газар нутгийг хамруулан зохион байгуулжээ.

2016 онд явуулсан тооллогоор 27 зүйлийн 7,583 бодгаль шувуу бүртгэсэн бол 2017 онд 31 зүйлийн 9,494 бодгаль шувуу тоолжээ.

Нийт ажиглагдсан 31 зүйл шувуудаас 100 болон түүнээс дээш тоогоор бүртгэгдсэн 11 зүйлийн шувууд байна. Эдгээрийн олонх нь буюу дагуур ятуу, хондон ангир хоёроос бусад нь манай хотын төв орчимд жилийн аль ч улиралд тогтмол тохиолддог ба дийлэнх нь хэрээний овгийн шувууд юм.

Хотын ногоон бүсэд буюу суурин газраас зайдуу дагуур ятуу, нөмрөг тас, алаг тоншуул зэрэг шувууд илүү олон тоогоор бүртгэгдсэн байна.

Бусад түгээмэл шувуудын тоонд:

  • хөхвөр тагтаа 1,624,
  • шивэрэнхэт бялзуухай 1,211,
  • хар хэрээ 1,050,
  • улаан хушуут жунгаа 825,
  • алаг шаазгай 594,
  • хон хэрээ 294 багтаж байна.

Шинжлэх ухааны төдийгүй байгаль хамгааллын хувьд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд хүүхэд залуучуудын оролцоо нэмэгдэж байгаа бөгөөд тооллогын өмнө 2-р сарын 18-ны өдөр “Нийслэлд өвөлждөг шувуудыг тоолох урт хугацааны мониторингийн ажлын арга зүй” сургалтыг зохион байгуулснаар тооллогын чанар, үр дүнд дэвшил гарсан аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар, Монголын шувуу хамгаалах төв