Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп хоёр том амлалтаасаа буцлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп

Сүүлийн хэдэн өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “төрөл арилжиж” сонгуулийн үеэр ярьж, амлаж байсан зарим гол зүйлсээсээ ухарсан үйлдэл хийж эхэлжээ.

Лхагва гарагт тэр Wall Street Journal сэтгүүлд ярихдаа Хятад улсыг “валютын луйварчин” гэж нэрлэхээс татгалзсанаа ярьсан байна.

Тэр сонгуулийн үеэр Хятад улсыг өөрийн үндэсний валютын ханшийг зориуд сулруулж, гадаад худалдаандаа давуу тал бий болгодог тул ерөнхийлөгч болсон эхний өдрөө Хятадыг “валютын луйварчин” гэж албан ёсоор нэрлэнэ гэж байв.

Тэгвэл Трамп өчигдөр ярихдаа “хэрвээ Хятад улс Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд тусалбал бид тэдэнд таатай нөхцөлтэй худалдааны гэрээ байгуулна” гээд Хойд Солонгосын асуудлыг шийдэх нь гадаад худалдааны алдагдлыг шийдэхтэй ижил хэмжээний ач холбогдолтой гэжээ. Өөрөөр хэлбэл Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр зогсвол Хятадтай алдагдалтай худалдаа хийсэн ч хамаагүй гэх утгатай зүйл ярьсан байна.

Өчигдөр мөн Дональд Трамп Цагаан ордонд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенбэргтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийхдээ өөр нэг чухал амлалтаасаа мөн татгалзсан юм.

Сонгуулийн үеэр тэр НАТО-г хүчтэй шүүмжилж, “цаг үеэсээ хоцрогдсон байгууллага” гэж нэрлэж, өөрчлөлт хийх шаардлагатай хэмээн хэлж байв. Тэгвэл өчигдөр Трамп умард Атлантын цэргийн эвслийг АНУ-д чухал хэрэгтэй байгууллага гээд “Өмнө нь би тэднийг хоцрогдсон байгууллага гэж хэлж байсан. Харин одоо бол тийм биш гэдгийг хэлмээр байна” гэжээ.

Дээрх мэдэгдлүүдийнхээ дараа Лхагва гарагийн орой Трамп дэмжигчдээ тайтгаруулах үгийг твиттер хуудсандаа бичсэн байна. Түүний бичсэнийг хөрвүүлбэл “Бид амлалтуудаа нэг нэгээр хэрэгжүүлсээр байна! Тухайлбал хил хамгаалал, эрчим хүч, ажлын байр, хууль тогтоомж дээр” гээд “Том өөрчлөлтүүд явагдсаар!” гэжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

Зураг
13 | 18 | 19 цаг