Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хүрэл: Увсад хууль бусаар газрын тосны хайгуул хийсэн асуудлаар шүүхэд хандана

Б.Заяа, Зууны мэдээ
2016 оны 11 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамарсан 19,720 км.кв талбайд эхлүүлсэн газрын тосны хайгуул, судалгааны ажлыг тойрсон асуудлыг бид хөндөн бичсээр ирсэн билээ. Монгол Улсын олон, олон хуулийг зөрчиж орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсан “Монголиа гладвилл Увс петролиум” компани өнгөрсөн сард ажлаа зогсоож Увс аймгаас гарсан юм. Тэгвэл Увс аймгийн иргэд “Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллага байгуулан энэ асуудлаар үргэлжлүүлэн тэмцэхээр болжээ. Энэ тухай тус төрийн бус байгууллагын тэргүүн Д.Хүрэлтэй ярилцлаа.

-“Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн Тэс, Зүүнговь суманд хайгуулын ажлыг хийх үеэр нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарсан гэсэн. Газар дээр нь та бүхэн ажиллаад ирсний хувьд нөхцөл байдал ямар байсан талаар ярилцлагаа эхэлье?

-Увс аймагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ Монголиа гладвилл Увс петролиум” компани газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрснийг саяхныг хүртэл Улаанбаатарт суугаа Увс аймгийн иргэд, Тэс нутгийн зөвлөлийнхөн мэдээгүй байсан юм.
Гэтэл өнгөрсөн аравдугаар сарын эхээр Увс аймгийн Тэс суманд тус компани хайгуулын ажил хийхээр ирж нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарч томоохон жагсаал цуглаан болсныг дуулсан.

Энэ мэдээллийг сонсоод нутгаа гэсэн сэтгэлтэй залуучууд нэгдээд газар дээр нь очиж юу болж байгааг харж, бодит мэдээллийг сонсохоор Увс аймгийг зорьсон. Биднийг очиход компанийн үйл ажиллагаа үргэлжилсэн, нутгийн иргэд эсэргүүцсэн байдалтай байсан. Тухайн компанийн удирдах албаны хүмүүс биднийг очиход байгаагүй.

Компанийн инженертэй уулзаж ярилцахад “Бид зөвхөн хайгуул хийгээд гараад явчихна. Үүнд та бүхэн эсэргүүцээд байх шаардлагагүй” гэсэн утгатай байр суурийг илэрхийлж байсан. Нутгийн ард иргэдэд ч ийм л зүйлийг хэлж, эсэргүүцлийг зогсоохыг оролдсон юм билээ.

Гэтэл Бүтээгдэхүүн хуваах гэрээг нэгэнт байгуулсан бол компани хайгуул хийгээд гараад явчих асуудал байхгүй юм. Энэ гэрээний гол асуудал нь хайгуул хийгээд газрын тос илрэхэд Газрын тосны тухай хуулиар тухайн компани олборлоод ашиглах бүрэн эрхтэй. Тиймээс нутгийн иргэдэд зөв зүйтэй мэдээлэл олгох, хууль эрхзүйн талаас нь тайлбарлах, цаашид нутаг орон, байгаль орчин, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн.

-Тухайн компани иргэдийн саналыг гуйвуулж, хууль бус баримт бичиг бүрдүүлсэн гэсэн үү?

- Газар дээр нь нутгийн иргэдтэй уулзаж ярилцаж байхад “Гладвилл” компани хайгуулын ажлаа эхлүүлэхийн тулд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах ёстой. Үүний тулд иргэдийн эсэргүүцсэн саналыг зөвшөөрсөн мэтээр хууль бус бичиг баримт бүрдүүлсэн ноцтой зөрчил байсан.

Анхнаасаа энэ компани Монгол Улсын хууль журмыг зөрчсөн байсан. Иргэдийн дэмжлэгийг авах. санал хүсэлтийг нь сонсохоос эхлээд үйл ажиллагаагаа буруу явуулсан байгаа юм. Дээрээс нь хайгуулын ажилдаа тэсэлгээний арга хэрэглэхгүй, зөвхөн чичирхийллийн хоёр болон гурван хэмжээст аргыг хэрэглэнэ гэж мэдэгдэж байсан.

Гэтэл Тэс суманд хайгуул хийх явцдаа тэсэлгээ хийж, тэр нь нутгийнханд ил болоход нуугаад явж байх жишээтэй. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагч нар нь тэсэлгээний явцад хяналт тавих ёстой ч хэн ч мэдээгүй байсан. Газар дээр нь очиж цуглуулсан баримт материал, нөхцөл байдлын тухайд хуулийн байгууллагаас зөвлөгөө авч, нарийвчлан судалж байгаа.

-Газрын тосны хайгуулын ажил Увс нуурт нөлөөлөх үү?

-Увс нуур. түүний ай сав газар бол Дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн цогцолборт газар. Монголоос Дэлхийн өвд бүртгэгдсэн гурван газрын нэг нь Увс нуур. Тэгэхээр Увс нуур зөвхөн Увс аймгийнхны асуудал биш. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд зөвхөн Монгол Улс санаачлаад бүртгүүлээгүй.

Хөрш ОХУ-ын санал дэмжлэгийг авч хамтран оролцож, РАМСАР-ын конвенцид ч бүртгүүлсэн. Энэ конвенц болон Дэлхийн өвд бүртгэснээр Увс нуурын цогцолбор газар нь Монгол Улс төдийгүй Төв Ази, цаашлаад дэлхийн хэмжээнд үеийн үед онгон дагшин байгалиар нь хамгаалж үлдээх үүргийг Монгол Улс хүлээж байгаа юм.

Увс нуурын ай сав зөвхөн гол, мөрнөөр хязгаарлагдахгүй байгалийн цогцолбор газар. 362 төрлийн нүүдлийн шувууд, 72 төрлийн хөхтөн амьтны нутаг. Мөн 40,000 гаруй археологийн дурсгалыг хадгалдаг гэж судлаачид үздэг.

Увс аймгийн нутаг дэвсгэр дэх байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог, Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биеэсээ алслагдаагүй 679.6 мянган га газар нутгийг Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газар болгосон.

Дэлхийн өвд бүртгэгдсэн, дархан цаазат ийм газарт газрын тосны хайгуулын лиценз олгогдсон байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй асуудал. Хайгуулын талбай Увс нуурын эрэг хөвөөнд тулгаж олгогдсоноос гадна нуурт цутгаж байгаа олон гол, горхины урсцыг дайрсан байгаа.

-Тэс, Зүүнговь сумын малчдад хайгуулын ажлын явцад ямар бэрхшээл үүсч байна вэ?

-Тэс сум гэхэд 3,200 гаруй хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. 5,260 хүн амтай. 300 гаруй мянган толгой малтай нутаг. Тэсийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй.

Тэд жилийн дөрвөн улиралдаа нутагладаг газар нутгийнх нь гуравны нэг буюу 1,129 км.кв талбай нь газрын тосны хайгуулын лицензэд орчихсон нь гол асуудал болж байгаа. Нутгийн иргэдэд малаа бэлчээрлэх газаргүй, эрүүл аюулгүй орчинд аж төрөх боломжгүй болох нь гэсэн эмзэглэл маш их байгаагаас хайгуулын ажлыг эсэргүүцэж байна.

Үүнийг анхаарахаас аргагүй асуудал юм. Нийт нутгийнх нь гуравны нэг дээр олгогдсон хайгуулын талбайд судлагдаагүй археологи, палеонтологийн олдворууд байна. Дээрээс нь тухайн бүс нутгийн газар хөрсний бүтэц ихээхэн онцлогтой. Тэс сум гэхэд сул хөрстэй, элсэрхэг нутаг.

Тийм газарт олон тонны хүнд даацын автомашин нэг яваад өнгөрөхөд л хөрс нь гэмтэж байна. Гэтэл гүний өрөмдлөг хийвэл юу болох вэ. Хайгуулын ажил хийхэд хөрс ургамал ч талхлагдаж. цаашид нөхөн сэргээх боломжгүй, цөлжилт үүсэх эрсдэлтэй гэдгийг нутгийн иргэд ярьж байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын ИТХ-аас 2015 онд эцэг өвгөдийн булш бунхантай, байгалийн цогцолборт газруудаа орон нутгийн хамгаалалтад авсан. Гэтэл тэдгээр газрууд дээр иргэд орон нутгийн санал хүсэлтийг харгалзахгүйгээр хайгуулын лиценз олгосон байсан.

-Төрийн бус байгууллагын цаашдын зорилго юу вэ?

-Нутгийн зөвлөлийн гишүүд Тэс, Зүүнговь суманд ажиллаж ирээд зөвхөн Увс аймгийн Тэс сум биш хайгуулын талбайд газар нутаг нь орсон 14 сумын бүх ард иргэдийг төлөөлж “Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллагыг байгуулаад байна. “Гладвилл” компани нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад арга буюу үйл ажиллагаагаа зогсоож Увс аймгаас нүүж одсон.

Бид цаашид тус компанийн хууль зөрчсөн газрын тосны хайгуулын ажлыг бүрэн зогсоож, Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлуулах хүртэл тэмцэнэ. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүхэд хандахаар ажиллаж байна. Нийгмийн зарим хэсэг нь Увс аймаг газрын тосоо ашиглуулах ёстой, ингэснээр нутгийнхан хөгжинө, хожино гэж үзэж байна. Өнөөдөр хүртэл Дорнод аймгийн Тамсагийн ордод 20 гаруй жил газрын тос олборлолоо.

Гэтэл Дорнод аймаг, Матад сум Монгол Улсдаа тэргүүлтлээ хөгжөөд ирсэн зүйл алга. Засгийн газарт ямар хөрөнгө оруулалт ордог тухай ч бүрхэг байна.

Харин ч байгаль орчнн хэрхэн сүйдсэнийг монголчууд мэднэ. Нэгэнтийм жишээ байхад онгон дагшин байгалийн цогцолбортой Увс аймагт уул уурхай, тэр дундаа газрын тосны хайгуул, олборлолтыг эсэргүүцэхээс аргагүй. Үүний оронл Увс аймаг аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуйн салбартаа түшиглэн байгальд ээлтэй бүс болж хөгжих боломжтой.

'“Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллага цаашид энэ чиглэлд түлхүү ажиллах болно. Байгальтайгаа зөв харьцаж, унаган төрхийг нь хадгалах, иргэдэд экологийн боловсрол олгож тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулахын тулд бид Монголын болон олон улсын байгаль орчны байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Энэ байгууллагад маань зөвхөн Увс аймгаар тогтохгүй байгаль дэлхийгээ гэсэн монгол хүн бүр хамтарч нэгэн санаа зорилгод нэгдэх боломжтой.

Зураг
Зураг
13 | 18 | 18 цаг