Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн аварга Райан Лохте дээрэмдүүлсэн гэж худал мэдээлсэн үү?

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Олимпийн алтан медальт, АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Райан Лохте өнгөрсөн Ням гарагийн өглөө Риогийн гудамжинд буу тулгуулан дээрэмдүүлснээ мэдэгдэж байв. Түүнтэй хамт багийн гурван тамирчин мөн хэлмэгдсэн гэж байлаа. Райан болон бусад тамирчид Бямба гарагийн орой Бразилийн нэгэн тамирчны гэрт болсон үдэшлэгт оролцоод маргааш өглөө нь таксигаар Олимпийн хотхонд ирж явах замд цагдаагийн хувацстай этгээдүүд зогсоож дээрэмдсэн тухай мэдүүлсэн юм.

Гэвч Бразилийн цагдаа уг хэргийг шалгах явцад эргэлзээтэй баримт олсон тул Райан болон өөр нэг тамирчин Фейген нарыг саатуулж байцаахаар болжээ. Ингээд цагдаа нар өчигдөр Олимпийн хотхонд ирэхэд Райан АНУ руу буцсан байв.

Тэр өнгөрсөн Даваа гарагт нутаг буцсаныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Цагдаа нарын мэдээлснээр Райан болон бусад тамирчид Ням гарагийн өглөө Олимпийн хотхонд ирж байгаа хяналтын камерын бичлэг олджээ. Дүрснээс харахад тэд огт дээрэмдүүлсэн шинжгүй, хоорондоо хөгжилдсөн байдалтай байсан гэнэ. Мөн хотхон руу нэвтрэхдээ биедээ авч яваа эд зүйлсээ шалгуулж байгаа дүрс үлдсэн нь дээрэмдүүлсэн гэх мэдүүлэгт эргэлзэхэд хүргэсэн байна.

Энэхүү бичлэгийг Их Британий DailyMail сайт олж нийтэд үзүүлжээ.

Өөр нэг эргэлзээтэй баримт нь Райан цагдаад мэдүүлэхдээ буутай ганц этгээд тэднийг дээрэмдсэн гэсэн бол өөр нэг тамирчин Фейген хэд хэдэн хүн байсны дотор нэг нь буутай байсан гэсэн байна.

Одоогоор Риогийн цагдаа хэргийг үргэлжүүлэн шалгаж Райаны өмгөөлөгч тэдэнтэй хамтран ажиллаж байгаа гэнэ. Мөн тамирчдыг Олимпийн хотхонд хүргэж өгсөн гэх таксины жолоочийг эрэн сурвалжилж байна.

 

Эх сурвалж: CNN, DailyMail