Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Наадамд арслангаас дээш цолтон түрүүлбэл цол дахиулан олгоно гэсэн зүйл байхгүй"

Г.Номин, iKon.mn
2016 оны 7 сарын 8
iKon.MN

ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны дарга Н.Ариунболд мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр "Үндэсний бөхийн салбар комисс хэд хэдэн удаа хуралдаж, хоёр асуудлыг эцэслэн шийдлээ. Эхний асуудал бол сэргээшийн асуудал. 

Салбар комиссын зүгээс сэргээшийн асуудалтай эвлэрэхгүй. Ямар нэгэн байдлаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол барилдаж авсан цолыг хураана. Энэ асуудал дээр эргэлзэх зүйл байхгүй. Тиймээс нийт бөхчүүддээ хориглосон эм бэлдмэл, сэргээш хэрэглэхгүй байхыг уриалж байна. 

Энэ жил гурван тэгш ой таарч байгаа учраас 1,024 бөх барилдаж, 10 даваа гарна. 

Хоёрдугаар асуудал бол давааны асуудал байгаа. Энэ жил гурван тэгш ой таарч байгаа учраас 1,024 бөх барилдаж, 10 даваа гарна. Үндэсний баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлээр дээрх асуудлыг зохицуулдаг. 

1,024 бөх барилдсан жил улсын арслангаас доош цолтой бөх ес давж арслан, 10 давж аварга цол хүртэнэ. Харин арслан цолтон 10 давж түрүүлсэн бол аварга, аварга цолтон түрүүлсэн бол даян аварга, даян аварга түрүүлсэн бол дархан аварга цол хүртэнэ. Арслангаас дээш цолтон түрүүлбэл цол дахиулан олгоно гэсэн зүйл байхгүй" гэлээ.

Хуулийн заалт:

7.1.Улсын баяр наадамд дараах амжилт гаргасан бөхөд дор дурдсан цол олгоно:

7.1.1.тав давсан бөхөд улсын начин;
7.1.2.зургаа давсан бөхөд улсын харцага;
7.1.3.долоо давсан бөхөд улсын заан;
7.1.4.найм давсан бөхөд улсын гарьд;
7.1.5.ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан;
7.1.6.улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга;
7.1.8.улсын аварга түрүүлсэн бол улсын даян аварга;
7.1.9.улсын даян аварга түрүүлсэн бол улсын дархан аварга.