Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Наадам болон АСЕМ-ын үеийн ЦАГ АГААР

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 7 сарын 7
iKon.MN
 

ЦУОШГ-аас Наадам болон АСЕМ-ын үеэрх цаг агаарын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЦУОШГ-ын дарга Д.Цогт-Очир энэ зуны зуншлагын талаар хэлэхдээ "Энэ жилийн хувьд зуншлага бидний хүссэнээр гайгүй болж байна гэж үзэж байна.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-наас эхлүүлсэн. Улсын хэмжээнд 35 экспедиц ажиллаж байна.

Бид газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв аймаг гэх нутгуудаар маш идэвхтэй цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулсан. Энэ оны эхэнд 1,000 гаруй пуужингийн нөөцтэй байсан бол одоогийн байдлаар 700 гаруй пуужинг ашиглаад байна. Үлдсэн 300 гаруй пуужингаа үр ашигтай ашиглах болно.

Манай цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа маань шөнө дунд явагддаг бөгөөд улсын хэмжээнд 1,880 хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнд энэ зуны зуншлага сайхан болж байгааг хэлэхэд таатай байна" хэмээн ярилаа.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ "Долоодугаар сарын 03-ны өдөр гэхэд нийт нутгаар 25-40 градус хүрч байна. Мөн долоодугаар сарын 08, 09-ны өдөр говь талын нутгаар 35 градуст хүрч, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна.

Баяр наадмын өдрүүдэд:

Их халалтын дараа сэрүүсэх болдогтой холбоотойгоор усархаг аадар бороо, мөндөр, аянга цахилгаантай үзэгдэл ажиглагдах тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.

  • 8-нд баруун аймгуудын зүүн, төв аймгийн нутгын баруун хэсэг,
  • 9-нд говийн нутгийн баруун, төвийн нутгаар, 
  • 10-нд зүүн аймгуудын нутгаар өмнөх өдрүүдээсээ 10-15 градусаар СЭРҮҮСЧ ЭХЛЭХ болно.

Баяр наадмын өдрүүдээр агаарын температур 20-25 градус болох бөгөөд хур бороо ихтэй байна. 

  • 10-нд баруун аймгуудын нутгаар,
  • 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр зарим газруудаар түр зуурын бороо орно.

АСЕМ-ын өдрүүдэд:

АСЕМ-ын уулзалтын өдрүүдэд бороотой байна. Тухайлбал, долоодугаар сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод бороотой байх төлөвтэй байна.

Бид АСЕМ-д зориулан www.asem11.mn болон tsag-agaar.mn зэрэг сайтуудаар уулзалтууд болох газрын цаг агаарын байдлыг цаг тутамд мэдээллэх болно.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын секторын дарга Г.Даваа үер усны аюулын талаар ийнхүү ярив.

Тэрбээр хэлэхдээ "2016 оны долоодугаар сарын 07-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эх авах Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 40 см даван, үерлэж байна. Түүнчлэн Алтай нуруунаас эх авах Буянт гол Ховд хот орчмоор, Хангай нурууны Завхан гол Тайшир сум, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 15-30 см тус тус давж үерлэж байна. Бид үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээг тухайн аймгийн иргэдэд хүргэсэн.

Цаашид наадмын өдрүүдэд хур бороо их орох төлөвтэй байгаа тул үерийн түвшинд хүрсэн Завхан гол, Буянт гол, үерийн аюултай түвшинд хүрсэн Ховд голын сав газарт байгаа ард иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулах шаардлагатай байна. Мөн түр зуурын хугацаанд орох аадар борооноос болж үерлэх нөхцөл бүрдэж болзошгүй.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Бид наадмын өдрүүдэд шаардлагатай үед нь үерийн аюулаас сэрэмжлүүлэх, анхааруулах мэдээг сайтаараа болон хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэх болно" гэв.


Ган, зуншлагын байдал: