Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний шинэ ерөнхийлөгч Родриго Дутерте цаазын ялыг сэргээхээ амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте

Өнгөрсөн долоо хоногт Филиппиний ерөнхийлөгчөөр сонгогдсон Родриго Дутерте гэмт хэрэгтнийг олны өмнө дүүжлэх ёсыг сэргээж, цагдаа нарт хүний амийг хөнөөх эрхийг олгоно гэдгээ амлалаа.

Сонгуульд ялсныхаа дараа хэвлэлд өгсөн анхны ярилцлагадаа 71 настай Дутерте “Миний хамгийн түрүүнд хийх ажил бол дүүжлэх аргаар цаазлах ялыг сэргээхийг конгрессоос шаардах” гэжээ.

Түүний үзэж байгаагаар цаазлахдаа буудах биш дүүжлэх нь суманд хэмнэлттэй гэнэ. Цаазын ялыг олон тооны гэмт хэрэгт, тухайлбал хар тамхи, аллага, хүчин, дээрэм зэрэгт ноогдуулдаг болно гэжээ.

Уг нь 2006 оноос Филиппинд цаазын ялыг ерөнхийлөгч Глориа Арроёгийн санаачилгаар зогсоосон юм.

Тэгвэл Давао хотын дарга байхдаа гэмт хэрэгтэй хийсэн хатуу тэмцлээрээ “гэсгээгч” гэсэн хоч зүүсэн Дутерте цаазын ялыг сэргээхээс гадна цагдаа нарт хүний амь хөнөөх эрхийг өгнө гэлээ.

Дутерте “хэрвээ чи эсэргүүцэл үзүүлбэл би цагдаад шууд буудах даалгавар өгнө” гэж хэвлэлд ярьсан байна. Тэр “Зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон этгээд бүрийг буудах хэрэгтэй” гэжээ.

Хэт хатуу бодлоготой, бүдүүлэг хэл яриатай Дутертег сүүлийн үед “Дорно зүгийн Дональд Трамп” гэх болсон юм. Родриго Дутерте зургаадугаар сарын 30-нд тангараг өргөснөөр зургаан жилийн хугацаанд Филиппин улсын ерөнхийлөгчийн албыг хашина.

 

Эх сурвалж: The Independent