Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэнийг торгох хуулийн заалттай

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Хэчнээн хүн дархлаажуулалтад хамрагдсан болон улаанбурханы өвчлөл хэр байгааг ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.

"ХӨСҮТ-өөр өдөрт дунджаар 100 гаруй хүн улаанбурханы шинж тэмдэгтэй үйлчлүүлж байгаа. Ер нь улсын хэмжээнд улаанбурханы халдвар 30-40 хувиар буураад байна.

Улаанбурханаар өвчлөгчдийн дийлэнх нь 18-30 насныхан байсан учраас нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон. Нийт 624 мянган залуус дархлаажуулалтад хамрагдахаас өчигдөр орой /2016.05.16/-ны байдлаар 155,000 хүн вакцин хийлгээд байна" гэлээ.

Дархлаажуулалтын хугацаанд өрхийн эмнэлгүүд уртасгасан цагийн хуваариар ажиллах бөгөөд иргэн та харьяалал харгалзахгүй өрхийн эмнэлгүүд дээр очиж вакцинаа хийлгэх боломжтой. Мөн бичиг баримттай очих шаардлагагүй. Регистерийн дугаараа мэдэж байхад л хангалттай юм.

Өрхийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь:

  • Ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл 
  • Амралтын өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл 
Нэмэлт дархлаажуулалтын үеэр улаанбурхан-улаануудын хавсарсан вакциныг хийж байгаа. 18-30 насны бүх хүмүүст улаануудын эсрэг вакциныг хийснээр улаануудаар өвчлөх, тус өвчин хожим нь дэгдэх мөн улаануудаас үүдэлтэй төрөлхийн гажигийн синдромыг бууруудах боломжтой хэмээн эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлж байгаа юм.

Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын иргэн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх, тарилгаас хоцрохгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд 20,000-30,000 төгрөгөөр торгож, нөхөн дархлаажуулалтад хамруулан, гарсан зардлыг тухайн иргэнээр төлүүлэх шийтгэл ногдуулна.

Дархлаажуулалтын тухай хуулийн заалтууд:

6 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаар иргэний эдлэх эрх үүрэг

6.1. Иргэн дархлаажуулалтын талаар дараах эрх эдэлнэ:

6.1.3. сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгыг  төлбөргүй хийлгэх;

6.1.5. эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах.

6.2. Иргэн дархлаажуулалтын талаар дараах үүрэг хүлээнэ:

6.2.1. эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх;

6.2.2. сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах;

6.2.3. сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас  хоцрохгүй байх;

10 дугаар зүйл. Заавал хийх дархлаажуулалт

10.1.Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.

21 дүгээр зүйл. Дархлаажуулалтын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

21.1. Дархлаажуулалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрх бүхий улсын байцаагч дараах шийтгэлийг  ногдуулна:

21.1.1. энэ хуулийн 6.2.1-ийг зөрчсөн бол иргэнийг 20,000-30,000 төгрөгөөр торгох;

21.1.2. энэ хуулийн 6.2.3-ыг зөрчсөн бол заавал нөхөн дархлаажуулалтад хамруулан, гарсан зардлыг тухайн иргэнээр төлүүлж, иргэнийг 20,000-30,000 төгрөгөөр торгох;