Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 13
iKon.MN

-Өдрийн сурвалжлага-

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт өчигдрөөс /2016.05.12/ эхэлсэн. 

“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй дархлаалжуулалтын аян энэ сарын 12-25-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Нэмэлт дархлаажуулалтад 1986-1998 онд төрсөн залуусыг хамруулж байгаа бөгөөд нийт улаанбурхан өвчнөөр өвчлөгчдийн 50-иас илүү хувь нь 18-30 насныхан байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байгаа.

Дархлаажуулалтыг иргэдэд хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагын нэгж болох өрхийн эмнэлгээр дамжуулан хийхээр болсон.

Өрхийн эмнэлэг дээр дархлаажуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сурвалжилсан юм.

 
 

Тавдугаар сарын 12-ны өглөө 08:40 цагт СХД-ийн 19 дүгээр хорооны "Батцэцэн" Өрхийн эрүүл мэндийн төв дээр очлоо. Эмч сувилагч нар вакцин хийлгэхээр ирсэн иргэдийг бүртгэх, эмчийн үзлэгт хамруулах болон тарианы өрөөг тусгай хаягаар ялган, бэлтгэл ажлыг хангаж байв.

Өрхийн эмнэлэг дээр очоод хамгийн эхэнд авах мэдээлэл бол вакцины эсрэг заалт, анхааруулга юм. Үүнд:
  • Жирэмсэн эмэгтэйг вакцин тарихаас чөлөөлнө.  
  • 18-30 насны, жирэмсэн биш охид, эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьсанаас  хойших нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөн, гарын үсгээр баталгаажуулж, дархлаажуулна /Эмчийн үзлэгийн үеэр эмэгтэйчүүдээс жирэмсэн эсэхийг нь асууж, вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөж байлаа/
  • Улаанбурханы вакциныг нэг сарын дотор хийлгээд байгаа хүнд хийхгүй.  
  • Кортикостеройд бусад төрлийн дархлаа дарангуйлах эм, туяа эмчилгээний үед вакцин хийхгүй.
  • Халуурсан, цочмог халдварт өвчин, лейкеми, лимфома, хурц цус багадалт, цусны тогтолцооны бусад цочмог өвчин, бөөрний үйл ажиллагааны хурц дутагдалтай үед вакцин хийхгүй.
  • Декомпенсацийн шатанд байгаа зүрхний өвчнүүдийн үед вакцин хийхгүй.
  • Иммуноглобулин хийлгэсэн буюу цус сэлбүүлсэн тохиолдолд вакцин хийхгүй.
  • Вакцины найрлаганд орсон бодисонд харшилтай бол вакцин хийхгүй.

Нэмэлт дархлаажуулалтын ажлыг хэрхэн зохион байгуулж байгааг  "Бат цэцэн" ӨЭМТ-ийн дарга Б.Цэндмягмараас тодрууллаа.

 

"Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хорооныхоо 18-30 насны 2,180 иргэнийг хамруулахаар төлөвлөөд байгаа. Мөн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүддээ ӨЭМТ дээр ирж 18-30 насны ажилчдаа дархлаажуулалтад хамруулаарай хэмээн уриалмаар байна.

Дархлаажуулалтыг түр болон явуулын гэсэн хоёр цэгээр дамжуулан хийнэ.

Дархлаажуулалтыг түр болон явуулын гэсэн хоёр цэгээр дамжуулан хийнэ. Түр цэг энэ сарын 12-25-ны хороонд ӨЭМТ дээр байрлах бол явуулын цэг ААН-үүдээр явж, вакцин хийх юм. Нэг цэг эмч, сувилагчаас бүрдсэн дөрвөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй.

Хорооны зүгээс дархлаажуулалтын ажилд хамтран оролцож байгаа" гэлээ.

Өглөөний 09:00 цагийн үед улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад хамрагдах эхний хүн ирлээ. Хамгийн түрүүнд вакцин хийлгэх хүмүүсийн биеийн жин, өндрийг үзэн, бүртгэж авна. Ингээд эмчийн үзлэгт оруулсны дараа вакцин хийлгэж болох эсэхийг эмч шийдэх аж.

 
 
 

Вакцин хийлгэсэн иргэдээ баталгаажуулах зорилгоор зүүн гарын чигчий хурууны хумсан дээр тэмдэглэгээ тавьж байлаа. Вакцин хийсэн сувилагч "Та нар залуу хүмүүс найз нөхөд, хамт ажилладаг үеийнхэн чинь вакцинаа хийлгэсэн эсэхийг хараад, хийлгээгүй байвал уриалаад эмнэлэг рүү явуулаарай" гэж байсан юм. 

 

 

Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтаар хийж байгаа вакцин нь улаанбурхан-улаануудын хавсарсан вакцин.  18-30 насны бүх хүмүүст улаануудын эсрэг вакциныг хийснээр улаануудаар өвчлөх, тус өвчин хожим нь дэгдэх мөн улаануудаас үүдэлтэй төрөлхийн гажигийн синдромыг бууруулах боломжтой хэмээн эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байгаа.

Бүртгүүлж, эмчийн үзлэгт орон, вакцинаа хийлгэхэд 20 орчим минут шаардлагатай бөгөөд вакцин хийлгэсний дараа 30 минут эмнэлэг дээр эмчийн хяналтад байхыг зөвлөж байлаа. Эрүүл мэндийнхээ төлөө үнэгүй дархлаажуулалтад хамрагдахад ердөө ганцхан цаг шаардлагатай.

Эмч, эмнэлгийн ажилтны хяналтад байх 30 минутын хугацаанд тарианы өрөөний үүдэнд хадсан дархлаажуулалтын дараах урвалын талаарх мэдээлэлтэй танилцахыг сувилагч Г.Оюунгэрэл зөвлөлөө.

Дархлаажуулалтын дараах урвал:
  • Дархлаажуулалтын дараах урвалууд хөнгөн явагддаг. Вакцин хийлгэсний дараа 24 цагийн дотор тарьсан газар бага зэрэг эмзэглэлтэй байж болно. Дээрх шинж тэмдгүүд ихэвчлэн 2-3 хоногийн дараа ямар нэг эмчилгээгүй арилна.
     
  • Вакцин хийлгэсэн хүмүүсийн 5-15 хувьд 7-12 хоногийн дараа хөнгөн тууралт ажиглагдаж 1-2 өдрийн дараа арилна. Хоёр хувьд 7-10 хоногийн дараа тууралт ажиглагдаж  хоёр хоног үргэлжилж болно. 
     
  • Өсвөр насны охид эмэгтэйчүүдийн 25 хувьд үений өвдөлт, 10 хувьд үений үрэвсэл ажиглагдаж энэ нь хэд хоногоос хоёр долоо хоног үргэлжилнэ. Энэ хариу урвал хүүхэд, эрэгтэйчүүдэд ховор тохиолддог ч вакцин тариулснаас хойш 1-3 долоо хоногийн дараа эхэлж, нэг өдрөөс хоёр долоо хоног хүртэл хугацаанд үргэлжилдэг. 
     
  • Бага зэргийн халууралт, тууралт, лимфаденипати, булчингийн өвдөлт, парастени ихэвчлэн бүртгэгдсэн байна. Тромбоцитопения маш ховор /30,000 тун тарихад нэгээс бага/
     
  • Анафилаксия маш ховор /1,000,000 хүн тунд нэг тохиолдол бүртгэгдэж болох юм/

Цаг зав багатай, хөдөлмөрийн насны залуучууд вакцинд хамрагдах учраас өрхийн эмнэлгүүд дархлаажуулалтын хугацаанд буюу энэ сарын 12-25-нд доорх цагийн хуваариар ажиллана.

Ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл 
Амралтын өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл 

Нэмэлт дархлаажуулалтад хамрагдах иргэдийн мэдээллийг урьдчилан бэлтгэсэн учраас заавал бичиг баримттай ирэх шаардлагагүй юм байна. Тиймээс ажлаа зохицуулаад, ганцхан цагийг болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалахад зарцуулаарай.