Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнө нь ямар нэг вакцинд харшил өгч байсан бол улаанбурхан-улаануудын вакцин хийхгүй

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

Энэ удаагийн улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын зардалд  Засгийн газраас 943,500,000 төгрөг гаргасан бөгөөд 18-30 насны 624,000 орчим залуучуудыг хамруулна. 
 
Дархлаажуулахын өмнө хүн бүрийг овог нэр, регистрийн дугаараар бүртгэж, эмчийн үзлэгт оруулж, дархлаажуулах эсэхийг шийдэж, вакцин тарьсаны дараа зүүн гарын чигчий хуруунд тэмдэглэгээ хийж, 30 минут эмчийн хяналтанд байлгана.
Нэмэлт дархлаажуулалтад хэн хамрагдах вэ?
  • Их дээд сургууль, коллежийн оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсад,
  • Цэргийн албан хаагч,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүмүүжиж буй иргэд,
  • АСЕМ-ын хурлын зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогсод,
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа иргэд болон байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, ажил эрхлээгүй 18-30 насны иргэд хамрагдана.

Аймаг, нийслэлийн хэмжээнд энэ арга хэмжээг зохион  байгуулах 1,600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сургаж бэлтгэн, вакциныг хуваарилан хүргүүлжээ.

Мөн Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтод дархлаажуулалтын түр цэг байгуулан, хурууны тэмдэглээгүй зорчигчийг дархлаажуулах ажлыг зохион байгуулах юм байна.
Дархлаажуулалтаас чөлөөлөгдөх нөхцлүүд:
  • Жирэмсэн эмэгтэйг вакцин тарихаас чөлөөлнө.  
  • 18-30 насны, жирэмсэн биш охид, эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьсанаас  хойших нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөн, гарын үсгээр баталгаажуулж, дархлаажуулна.
  • Улаанбурханы вакциныг нэг сарын дотор хийлгээд байгаа хүнд хийхгүй.  
Нэмэлт дархлаажуулалтын талаар түгээмэл асуулт хариултууд:

- Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтын аяны хүрээнд хэдэн тун вакцин хийх вэ? 

- Вакцин хийлгэх шаардлага хангасан хүнд нэг тун хийнэ.
 
- Дархлаажуулалтыг хаана хийх вэ?  

- Өрхийн эрүүл мэндийн төв, эмнэлэг, Дүүргийн эрүүл мэндийн төв, их дээд сургууль, албан байгууллагуудаар хийнэ.

- Улаанбурханы эсрэг вакцины нэмэлт тунг хийлгэх нь аюулгүй юу?
 
- Өмнө  вакцин хийлгэсэн, хийлгээгүй эсэхээс үл хамааран нэмэлт тунг хийлгэхэд аюулгүй. Гэхдээ улаанбурханы вакциныг нэг сарын дотор хийлгээд байгаа хүнд хийхгүй.  

- Яагаад дан улаанбурхан биш улаанбурхан-улаануудын хавсарсан вакцин хийх гэж байгаа юм бэ?

- Монгол Улсад улаанбурхан-улаануудын хавсарсан вакцинаар нэмэлт дархлаажуулалтыг  2012 онд хийж 3-14 насны хүүхдүүдийг хамруулсан. Тиймээс 1998 оноос хойш төрсөн хүүхдүүд улаануудаас сэргийлэх вакцин хийлгэсэн гэсэн үг.

Одоо хийгдэх нэмэлт дархлаажуулалт улаанбурхан-улаануудын хавсарсан вакциныг хийх тул 18-30 насны бүх хүмүүст улаануудын эсрэг вакциныг хийснээр улаануудаар өвчлөх, тус өвчин хожим нь дэгдэх мөн улаануудаас үүдэлтэй төрөлхийн гажигийн синдромыг бууруудах боломжтой.

- 18-30 настнуудад хийх улаанбурхан-улаануудын нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж болохгүй сөрөг заалттай хүмүүс бий юу?

- 18-30 насныханд хийгдэх нэмэлт вакцин нь улаанбурхан-улаанууд өвчний эсрэг хавсарсан вакцин юм.

Хэдийгээр амьдрал дээр ил нотлогдоогүй ч онолын үүднээс жирэмсэн эхийн урагт төрөлхийн гажиг үүсгэх эрдсдэл бий гэж үздэг тул зарчмын хувьд улаануудын вакциныг жирэмсэн эмэгтэйд хийхээс зайлсхийх хэрэгтэй. Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүд жирэмслэлтээ улаануудын вакцин хийлгэснээсээ хойш 1 сарын хугацаагаар хойшлуулах хэрэгтэй.

Улаануудын вакциныг хийхийн өмнө тухайн эмэгтэйгээс жирэмсэн эсэхийг нь асуух ёстой. Мөн аливаа өвчний хурц үед байгаа эсвэл өмнө нь ямар нэг вакцинд харшил өгч байсан бол вакцин хийхгүй.  

 

Эх сурвалж: ЭМСЯ, НЭМГ, ХӨСҮТ