Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбурханы дархлаажуулалтыг 1,200 цэгт хийж эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 12
iKon.MN

Улаанбурхан өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр "Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт өвчлөлийн тархалт өндөр хэвээр байгаа. 

Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д 1,700 гаруй өвчтөн хандсаны 1,195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 221 нь хэвтэн эмчлүүлсэн, 0-1 насны 14 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. 

НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627,500 хүн/тун вакциныг хүлээж авсан. Энэ вакциныг 18-30 насныханд өнөөдрөөс хийж эхэллээ. Нэмэлт вакцин болон эмчилгээний тоног төхөөрөмж авах асуудлыг Засгийн газрын энэ оны гуравдугаар сард шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын шийдвэрүүд ажил хэрэг болж байна.

900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг байгуулан дархлаажуулах бэлтгэл хангасан. Энд ажиллах 1,200 эмч, 350 сувилагчийг бэлтгэн сургалтад хамруулсан" гэлээ.

Улаанбурхан өвчний тархалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх нэмэлт дархлаажуулалтын ажлыг олон нийтэд сурталчилж,  ач холбогдлыг нь хүүхэд залуучуудад тайлбарлан таниулахад хамтран ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад Шадар сайд уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.