Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Анжелина: Монгол гэлтгүй олон улсын хэмжээнд ажиллахыг зориорой

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

-Онлайн ярилцлага-

ХБНГУ-д татварын хуульч мэргэжлээр ажилладаг Солонго Анжелина товчхон ярилцлаа.

Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Солонго Анжелина гэдэг. 2012 оноос эхлэн үнэт цаасны шинжээчээр ХБНГУ-ын татварын зөвлөх үйлчилгээгээр нэгт ордог "MRB Nr1 Steuerberatung& Wirtschaftsprüfungsgesellschaft GMBH" гэх татварын компанид ажиллаж байна.

Мөн Lotis universität сургуульд татварын өмгөөлөгчөөр суралцаж байна. Дашрамд хэлэхэд, ХБНГУ-д суралцахад их, дээд сургууль үнэ төлбөргүй байдаг.

- Германд хуульчаар ажилладаг хүмүүст хэр чөлөөт цаг гардаг вэ?

- Ерөнхийдөө Германд хуульч хүмүүс долоо хоногт 40-60 цаг ажилладаг. Тийм ч учраас гэрээгээр өөр байгууллагад ажиллах боломжгүй.

Хэрэг дээр ажиллах үеийн ажлын орчин

 

Гэхдээ миний хувьд спортоор хичээллэх цаг зав өөртөө гаргадаг. Тухайлбал, фитнест явах, балетээр хичээллэх гэх мэт.

- Ингэхэд та яагаад хуульч мэргэжлийг сонгов?

- Би уг нь бага байхдаа загвар өмсөгч, онгоцны үйлчлэгч болно гэж мөрөөддөг байсан юм. 

Гэхдээ татварын хуульч гэсэн мэргэжил эзэмшсэндээ их баяртай байдаг. Учир нь Монгол Улсад хэрэгтэй мэргэжилээс гадна миний хувийн зан байдалд нийцсэн учраас тэр. 

Хуулийн ном

 

- Германд хуульч, өмгөөлөгчөөр ажилд ороход ямар шалгууртай байдаг вэ?

- Ерөнхийдөө тухайн сургуульдаа дүнгээрээ эхний 10-т ордог оюутнуудыг Германы компаниуд ажилд авах сонирхолтой байдаг.

- Ингэхэд Герман болон Монгол хуулиар суралцдаг оюутнуудын ялгаа юу вэ?

Германы хуулийн оюутнууд үнэнч шударга, сэтгэл зүйн хувьд хаттай, илэн далангүй байдаг.

Харин Монголд хуулиар суралцдаг оюутнууд маань дотогшоогоо мэт санагддаг. Хэрвээ энэ байдлаа Монгол залуус маань анхаарч чадвал шүүх хуралдаанд оролцох, үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөх тал дээрээ илүү чадвартай болно гэж боддог шүү.

Ажлын хэрэглэгдэхүүн

 

- Хуульч хүний гадаад хэлний мэдлэг ямар байх ёстой вэ? 

- Хуульч хүн англи хэлтэй байх ёстой. Цаашилбал, олон улсын түвшинд ажиллах хүсэлтэй бол давхар герман хэлтэй байх шаардлагатай. Тэгээд боломж байвал орос хэл сурахад илүүдэхгүй.

Миний хувьд одоогоор хятад хэл сурч байна. Мөн монгол хэлээ сайжруулж байгаа. 

- Та ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

- Миний хувьд Монголд хуулиар суралцаж байгаа залууст олон улсын түвшинд гарахад нь туслалцаа үзүүлэх мөн татварын эрх зүйгээр сурахад нь өөрийн гэсэн хувь нэмрийг оруулахыг хүсч байгаа.Үүний тулд фэйсбүүк дэхь “Шинэ хуульчдын Орчлон клуб” бүлэгт тогтмол мэдээлэл нийтэлж, зөвлөгөө өгч байна.

- Монголд хуулиар суралцаж, ажиллаж буй хүмүүст зориулан юу гэж хэлэх вэ?

- Хаана ч хуулийн салбар хэцүү байдаг. Тиймээс зоригтой байгаарай. Монгол гэлтгүй олон улсын хэмжээнд ажиллахыг зориорой.

Хамгийн чухал нь УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨР гэдгиийг хэлмээр байна. Амархан, хялбархан боломжтой зүйл гэж үгүй.

- Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

- Баярлалаа.