Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Үйлдвэрлэгчдээ хамгаалсан шийдвэр

Р.Оюунцэцэг, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 27
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Ч.Сайханбилэгийн Засгийн газар чихэнд чимэгтэй нэгэн тогтоол гаргасан нь хэрэгжиж эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна.

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай “185” дугаартай уг тогтоол эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед дампуурлын шуурганд хөл алдчихгүйн төлөө дэнжгэнэж буй дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд нүдээ олсон шийдвэр боллоо.

Энэ бол олон жилийн турш ярьсаар ирсэн, өөрсдийн үйлдвэрлэж чаддаг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн импортын бүтээгдэхүүнд илүү өндөр татвар ногдуулах замаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих төрийн бодлогын нэгээхэн биелэл юм.

Тогтоолын хавсралтад тусгаснаар 28 зүйлийн 100 гаруй бүтээгдэхүүнээр Монгол Улс дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой хэмээн үзэж, импортын татварыг 5-20 хүртэл хувиар нэмэгдүүлж буй.

82.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГАДАГШЛАХ УРСГАЛЫГ ЗОГСООВ

Татварыг дагаад бүх юмны үнэ өсөх вий гэсэн болгоомжлол иргэдэд бий. Max, дайвар мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, цемент, троллейбус гэсэн таван нэр төрлийн 10 гаруй барааны импортын татварыг нэмэх тогтоол 2015 оны долдугаар сарын 9-нд Засгийн газраас гаргахад олон хүн яг ийн бухимдаж байв. 

Тэгвэл уг тогтоолын хэрэгжилтийг судлахад татвар нэмсэн барааны үнэ огт өсөөгүй бөгөөд савлаагүйн дээр эдийн засагт чамгүй хувь нэмэр оруулсныг Аж үйлдвэрийн яамны худалдааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Золтуяа онцлов. 

Тухайлбал, цементийн импорт 46 хувь буюу 82 тэрбум төгрөгөөр буурч, экспорт 1.2 тэрбумаар нэмэгджээ. Өмнө нь манай улс түүхэндээ цемент экспортолж байсан туршлагагүй бөгөөд 100 хувь импортолдог байсан цаг саяхан. Тэгвэл дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, импортын бүтээгдэхүүнд татвар ногдуулснаар эх орны хэрэгцээгээ хангаад зогсохгүй бага хэмжээгээр ч гэсэн экспортолсон нь амжилт.

Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балны үйлдвэрлэлийг томруулан харахад 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, эдийн засагт 3.2 тэрбум төгрөг оруулсан тооцоо байна.

Энэ бол 240 хүүхдийн ортой 34 цэцэрлэг барих хэмжээний мөнгийг улсдаа үлдээж чадсан гэсэн үг. Чамлахааргүй тоо байгаа биз. Тэгвэл эл судалгаанд түшиглээд илүү их мөнгөөр дотоодын үйлдвэрлэгчдийнхээ халаасыг зузаатгах боломж бидэнд байна.

140 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАР “ХАЛААСЛАХ” УУ 

Импортын татвар нэмсэн бүтээгдэхүүнийг багцалбал төмс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, барилгын материал, цаасан болон хэвлэмэл бүтээгдэхүүн, модон эдлэл, тавилга, ноосон утас, хивс, нэхмэл бүтээгдэхүүн гэж ангилж болно.

 Харамсалтай нь, хуурай сүү импортлоход 2015 онд 6.25 сая ам.доллар зарцуулжээ.

Эдийн засгийн тооцооллыг нь аваад үзвэл их хэмжээний мөнгө бидний халаасанд үлдэх дүр зураг харагдаж байна. Хамгийн ойрын жишээ татвал, манай улсын нийт хүн амын сүү, цагаан идээний хэрэгцээ ердөө 311.9 сая литр. 

Харин дотоодын үйлдвэрлэгчид үүнийг хоёр дахин нугалснаас ч их хэмжээгээр хангах хүчин чадалтай. Зөвхөн сүүний хувьд л гэхэд 530 сая литрийн нөөцтэй бөгөөд 80 саяыг нь үйлдвэрийн аргаар боловсруулах хүчин чадал байгаа. Харамсалтай нь, хуурай сүү импортлоход 2015 онд 6.25 сая ам.доллар зарцуулжээ.

Өнгөрсөн жилийн тооцооллоос харвал жилд дунджаар 10 мянган айлын орон сууц, үйлчилгээний барилга шинээр ашиглалтад орж, үүнийг дагаад хаалга, цонх, тавилгын хэрэгцээ нэмэгдсээр байна.

2007 оноос аж ахуйн нэгжүүд дотооддоо модон хавтан үйлдвэрлэх технологи нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар жилд 12 мянган шоо метр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай нэг, 500 шоо метр хавтан үйлдвэрлэдэг 10 гаруй компанитай болсон бол 10 орчим иргэн, аж ахуйн нэгж 5,500 шоо метр хавтан урд хөршөөс импортолж байна.

Хэрэв дотоодын зах зээлээ хамгаалж чадвал манай үйлдвэрлэгчид эх орны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 10 гаруй тэрбум төгрөгийн хавтан экспортлох боломжтой гэсэн судалгаа бий.

Энэ мэтчилэн дурдаад байвал дуу алдам их хэмжээний мөнгийг бид гадагш цацаж буй нь тодорхой харагдана. Харин импортын бараа бүтээгдэхүүний татварыг ийнхүү нэмэгдүүлснээр дотоодын 2,054 үйлдвэрлэгчийн бизнесийг хамгаалж, өргөжин тэлэх боломж олгоно. Үүний зэрэгцээ 140 гаруй сая ам.доллар буюу 280 орчим тэрбум төгрөгийг эх орондоо шингээх таатай нөхцөл бүрдэж байна.

МОНГОЛЫГ МОНГОЛЧУУД Л ХӨГЖҮҮЛНЭ

Монголчууд нэг үеэ бодвол бүтээж чаддаг болжээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумыг дайран 40 гаруй км үргэлжлэх Хандгайт-Төмөртэйн төмөр замыг хамгийн сүүлийн жишээ болгон дурдаж болно.

Монгол инженерүүд, Монгол компаниуд, дотоодын хөрөнгө оруулалтаар барьсан уг төмөр замын бүхий л бетонон дэр модыг дотооддоо үйлдвэрлэсэн гээд бодохоор төмс, нарийн ногоо тарьж, тавилга, барилгын материал үйлдвэрлэн, хувцас хэрэгслээ үйлдвэрлэх энүүхэнд байна.

Монголчууд нэг үеэ бодвол бүтээж чаддаг болжээ.

Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласны хүрээнд дотоодын зах зээлийг хамгаалах, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажлын нэг нь дээрх “185” дугаартай тогтоол. 

Тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх эл тогтоолын хэрэгжилтийн эцсийн үр дүн дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд өгөөжөө өгнө. Өөрсдийн хэрэгцээг өөрсдөө хангахын зэрэгцээ гаднын зах зээлд гарах боломж нь ч нээгдэж буйг дээрх жишээнүүд харуулж байна. Ажлын байр дагаад нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал.

Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт Монголын эдийн засгийг сөхрүүлж, энэ байдал ойрын 2-3 жилдээ өөрчлөгдөхгүй хэмээн шинжээчид үзэж буй. Ийм хүнд хэцүү үед дотоодын хэрэгцээгээ бусдын гар харахгүйгээр хангаад байвал эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулалт, уул уурхайн олборлолтоос хараат байдлаасаа аажмаар ангижирна хэмээн итгэнэ. Монголыг монголчууд л хөгжүүлэх билээ.

Зураг