Уншиж байна ...

Г.Пүрэвдэлгэр: Иргэн Б амь насаа алдсан хэргийн газраас гэрээслэл олдоогүй

Б.Манлай
2024 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр/2024.04.30/ хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгсний дараа ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрбээр "Урьдчилсан байдлаар амь хохирогч буудагдсан байж болзошгүй шархтай нас барсан асуудал байгаа" гэв.

-Ар гэрийнхэнд нь цогцос таниулахгүйгээр задлан шинжилгээ хийсэн гэх мэдээлэл байгаа. Яагаад ар гэрийнхэнд нь цогцос таниулах үйл ажиллагаа явуулаагүй вэ?

-Эдгээр үйл ажиллагаа хуулийн дагуу прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлдэг арга хэлбэрийн дагуу явагдсан. Хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдаагүй.

Олон нийтийн сүлжээнд ар гэрийн зүгээс болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс гаргасан мэдээллүүдтэй танилцсан. Тухайн этгээдүүд, хүмүүс буруу ойлголт авсан, мэдээлэл дутуу байдлаас болж, иргэдийн дунд буруу ташаа ойлголт төрөхөөр мэдээллүүд гарч байна. Тиймээс үнэн зөв мэдээллийг өгөхөөр цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж байгаа юм. 

Ямар нэг байдлаар хууль зөрчсөн, нууж хаасан, хохирогчийн ар гэрт цогцсыг харуулаагүй гэдэг зүйл огт байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.1.1, 8.1.2, 8.1.3, 25.1-д зааснаар хохирогчоор тогтоох, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох, шинжээч томилж байгаа эрх, үүргийг танилцуулдаг.

Тодруулбал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний төрсөн дүү Н, түүний өмгөөлөгч Ц нарт шинжээч томилох тогтоолыг танилцуулсан. Шинжээч томилох тогтоол гэдэг нь нас барсан шалтгааныг тогтооно. 

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах зарим үйл ажиллагаанд оролцох боломжтойг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчид танилцуулсан. Мөрдөн шалгах зарим үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.

-Цогцос олдсоноос хоёр хоногийн дараа гэрээслэл олдсон гэж үнэн үү?

-Хэргийн газрын үзлэгт цагдаагийн байгууллагын мэргэшсэн алба хаагчид болон Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорууд оролцож, энэ үйл ажиллагааг дуу, дүрсээр бичиж, баталгаажуулсан. Ингэхэд хэргийн газраас гэрээслэл, бичиг баримт олдоогүй. Энэ талаар иргэн Цэгмэд хэвлэлийн хурал зохион байгуулж байгааг бид үзсэн. Энэ нь буруу ташаа мэдээлэл юм. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байхад хөндлөнгөөс нөлөөлөх, олон нийтэд худал мэдээлэл тараах нь хууль бус үйлдэл. Буруу ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье.

-Ар гэрийн зүгээс хөндлөнгийн шинжээч томилох хүсэлтэй байгаа юм байна, боломжтой юу?

-Шинжээч томилох, давтан шинжээч томилох ажиллагаа хуулийн дагуу явагддаг. Ар гэрийн зүгээс дээрх хүсэлтүүдийг гаргавал мөрдөн шалгах болон прокурорын байгууллагаас хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан томилох боломжтой. 

-Сэжигтнээр гурван хүний нэрийг тодорхой хэлж байсан, нотлох баримт бий юу. Мөн Хурц нарын 10 хүн гэх мэдээллүүд ч гараад байгаа

-Олон нийтийн сүлжээнд гарч буй эдгээр мэдээллийг харсан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гэрчүүдээс мэдүүлэг авах, амь хохирогч Б-ын маршрутыг тогтоох үйл ажиллагаа явагдаж байна. Эдгээрийг тодруулах зорилгоор гэрчүүдийн мэдүүлэг авдаг. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа зүйл бий.

Гэрчээр мэдүүлэг авч байгаа, сэжигтнээр шалгаж байгаа иргэдийн нэрийг мэдээлэх хориотой байдаг.

-Сарын өмнө "Дараагийн аллагын үйл ажиллагаа явагдах хүн нь энэ хүн байна" гэх постыг иргэн олон нийтийн сүлжээнд оруулсан байсан. Энэ хүнийг шалгаж байгаа юу? Талийгаач Б-ын шалгагдаж байсан хэрэг шүүх рүү шилжих өдөр амиа алдсан гэх мэдээлэл байна, үнэн үү?

-Амь хохирогч Б болон Б нарт холбогдох хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан нь үнэн. Түүнд эрүүгийн хуулийн 13.14.1 буюу хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэсэн хэрэгт шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байгаа.

-Гаднын нөлөөтэй амь эрсэдсэн байх шинж тэмдэг ажиглагдсан уу?

-Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор бүх талаас нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоогоор хэлэх боломжгүй.

-Цогцос солигдсон байж болзошгүй гэж үнэн үү?

-Цогцос солигдох боломжгүй, худал мэдээлэл. Амь хохирогчийн цогцсыг хамгаалалт дор ШШЕГ-т хүргэдэг журмын дагуу явагдсан. Хэдэн цагт нас барсан, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь шинжилгээгээр тогтоогдоно.

  • Буун дуу хэдэн удаа гарсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
  • Уг хэрэгт Хурц нарыг шалгаж байгаа гэх талаар мэдээлэл өгөх боломжгүй.
  • Амь хохирогч өөрт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчийг "намайг эрүүдэн шүүгээд байна" гэх агуулгатай хүсэлт, гомдлыг хуулийн шалгах эрх бүхий  байгууллагуудад удаа дараа өгсөн юм билээ. Шалгалтын ажиллагаа явагдаж, хуулийн байгууллагуудаас цагдаагийн алба хаагч, мөрдөгч эрүүдэн шүүсэн гэх нөхцөл тогтоогдоогүй гэж тухай бүрд хариуг нь өгсөн.
  • Амь хохирогч гэрээсээ гарахдаа сэтгэл санаа нь ямар байсан талаар мэдүүлэг авч, шалгалт хийж байна.
  • Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тодруулахаар заавал задлан шинжилгээ хийх тохиолдол мөн.
  • Мэргэжлийн байгууллагуудын шинжилгээний дүгнэлт гараагүй байхад ямар учраас нас барсныг хэлэх боломжгүй.
  • Урьдчилсан байдлаар амь хохирогч буудагдсан байж болзошгүй шархтай нас барсан асуудал байгаа.