Уншиж байна ...

Өвлийн аялал жуулчлалын хүрээнд урилгаар ирсэн сошиал нөлөөлөгчдийн Монголд хийсэн зураг, бичлэгийг нэг сая гаруй хүмүүс үзэж сонирхжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгал Орчин, Аялал Жуулчлалын Яам /БОАЖЯ/-ны ээлжит хурал өнөөдөр болж энэ үеэр өвлийн аялал жуулчлалын үр дүн, зуны арга хэмжээний талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг дараах мэдээллийг өглөө. 

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн Газрын хуралдаанаар Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож зарласан байна.

Цаашдаа аялал жуулчлалын бүс нутгуудыг шат дараатайгаар зарлаж, нэгдсэн бодлого төлөвлөлттэйгөөр менежментийн төлөвлөлтийг хийж байхаар журмыг батлуулаад байгаа аж. 

Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Арванхоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл Мазаалай олон усны мөсний баяр, Хөх сувд мөсний баяр, Түмэн тэмээний баяр, ARA winter festival, Мөсөн загасчлалын дэлхийн аварга гэх мэтчилэн 42 арга хэмжээг зохион байгуулж, гадаад дотоодын 200 мянган жуулчид үзэж сонирхоод байгаа юм байна. 

Монгол Улсыг гадаадад сурталчлахаар өвлийн аялал жуулчлалын арга хэмжээнүүдэд олон улсын влог хийдэг сошиал нөлөөлөгчдийг урьж оролцуулжээ. Уг ажлын хүрээнд оруулсан зураг, бичлэгүүдийг одоогийн байдлаар нэг сая гаруй дагагч үзэж сонирхоод байгаа аж. 

Түүнчлэн ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх үүднээс зам дагуу үйлчилгээний байгууллагуудын газрын асуудлыг маргаашийн Засгийн Газрын хуралдаанаар батална гэв. 

Мөн аялал жуулчлалыг эрчимжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн Газраас 55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн ба зээлийн хугацаа хоёр жил байсныг таван жил болгож батлуулахаар ажиллаад байгаа аж. 

Ирэх тавдугаар сард олон улсын шинж чанартай "Тэнгэр бөөгийн фестивал", "Азийн фитнессийн аварга", "Гольфийн аварга" гэх мэт тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.