Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан нийгэмд амьд явах чинь таны үүрэг

Б.Эрхэс, Монголын мэдээ
2016 оны 4 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг
Улаанбаатар хот

Хүний эрхийн үндэсний комисст Сонгинохайрхан дүүргийн Т гэх иргэнээс тун сонирхолтой гомдол иржээ.

Утгыг сийрүүлвэл "Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Гэвч миний энэ эрх зөрчигдөж байна. Улаанбаатарын утаа, дуу чимээ, агаарын бохирдол туйлдаа хүрлээ.

Утаанаас болж би таван сарын өмнө ханиад хүрсэн. Тус өвчнөө эмчлэхээр элдвийн эм тариа, ардын уламжлалт арга заслыг хийлгэсэн боловч тусыг олсонгүй. Ханиад минь эдгэхгүй байна. Одоо эм тариа худалдаж авах мөнгөгүй болсон. Миний хамгийн үнэт капитал болох эрүүл мэндийг хохироосон учир Засгийн газраас 200 сая төгрөг нэхэмжилж байна. Гомдлыг шийдвэрлэж өгнө үү” хэмээжээ.

Хамгийн чухал нь иргэний гаргасан гомдолд нэг ч худлаа зүйл байхгүй. Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах хамгийн чухал эрх нь хангагдахгүй байгаа.

Нөгөө талаар эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, хүний эрхийг дээд зэргээр хангах олон улсын тоолж барамгүй олон гэрээ конвенцид Монгол Улс нэгдэж орсон. 

Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах хамгийн чухал эрх нь хангагдахгүй байгаа. 

Тэр ч утгаараа иргэний амьд явах, эрүүл орчинд ажиллаж амьдрах эрхийг хангаж чадаагүй гэдгээрээ Засгийн газар хариуцлага хүлээх нь зүйн хэрэг юм.

Хөгжингүй орнуудад ч ийм төрлийн гомдол, санал хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагууд болон Засгийн газрын төвшинд ирж тухай бүр нь гомдлыг нь шийдээд явдаг жишигтэй. 

Нэхэмжилсэн мөнгийг нь хуульзүйн гаргалгаатай бол шийдэж өгдөг жишээ ч олон бий. Хөрш нь амар тайван амьдруулахгүй байгаа тухай гомдлыг хүртэл гаргаж, шийдвэрлүүлж болдог. Харин манайд сонгосон байрандаа шоучин залуутай хөрш байна уу гэдэг нь хэнд ч хамаагүй. Эсвэл согтуу хөлчүү нөхөр өдөржин архидах уу, бөөгийн онгод өдөр шөнөгүй буух уу гэдгийг хэлж мэдэхгүй нь гачлантай. 

Хэрвээ та тийм хөрштэй таарсан бол насан туршдаа нүд чихээ бөглөж амьдрах, эсвэл арай өөр байр хайж авсан байраа зарахаас өөр сонголтгүй болж байгааг нуугаад яахав. Өглөө гараад ажилдаа явахдаа өөрийнхөө эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа тавихгүй л бол өөрөөс чинь өөр хэн ч таныг анхаарахгүй. Тэр ч утгаараа иргэн Т-ийн тавьсан гомдол амьтны элэг доог болоод л өнгөрөх нь тодорхой байгаа юм. Хүний эрхийн үндэсний комисс энэ гомдлыг хүлээж аваад шийдвэрлэх субьект болох Засгийн газарт шилжүүлжээ. 

Харамсалтай нь өнөөдрийн цалин, маргаашийн тэтгэврээ ч тавьж чадахгүй аргаа барж буй Засгийн газар ханиад хүрсэн иргэндээ 200 сая төгрөг шийдэж өгдөг болтлоо дахиад 1,000 жил өнгөрөх биз.

Өгөх мөнгө нь байлаа ч хамрын ханиадны төлөө 200 сая төгрөг гаргаж өгдөг соёл, ардчилал манайд хөгжөөгүй байна.

Ухаангүй юм шиг давхиж яваа жолоочийн нүдэнд өртөөгүй учраас бас л таны хохь. 

Монгол Улсад эрүүл аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөл бүх талаараа алдагдчихаад байгааг нуугаад яахав. Гудамжинд гараад алхахад ухсан нүх, овоолж босгосон шороо, нүдгүй, чихгүй юм шиг давхиж яваа жолооч нар дайрчихлаа гэхэд хэн ч хариуцлага хүлээхгүй. Ухсан нүхийг хараагүй дээшээ харсан таны буруу болно.

Ухаангүй юм шиг давхиж яваа жолоочийн нүдэнд өртөөгүй учраас бас л таны хохь. Овоолсон шороог тойрч гараагүй, баригдаж буй барилгаас холуур дөлөөгүй гэдгээрээ мөн л та хохирно. 

Агаарын бохирдлоос болж ханиад хүрэх бол наад захын асуудал. Үргэлж мөнхийн үнэртэж буй өмхий үнэрээс болж монголчуудын дийлэнх хувь нь харшил, хамар хоолойн өвчин, цаашлаад сүрьеэ, хортой, хоргүй хавдраар өвчлөх боллоо. Мөн л энэ бүхэнд төрийн буруу гэж байхгүй. Хөдөө мал дээр агаарт гараад амьдрах эрх байсаар байхад яах гэж нийслэлд утаан дунд, өмхий үнэрт амьдарсан юм, хохь чинь гэж хэлэх хүн захаас эхлээд л замаар дүүрэн.

Гудамжинд хаа хамаагүй бие засч, нус цэрээ хаяж буй хүмүүсийг хямгадахгүй атлаа хаа хамаагүй үржиж буй нян вирусаас болж өвчин авсан үр хүүхдэд маань төр мөн л төмөр нүүрээ харуулдаг. Хүүхдээ анхаараагүй эцэг эх таны буруу болохоос гудамжны хог хаягдал, нус цэрийг арилгаагүй төрд ямар ч буруу байхгүй.

Орой үдэш ганцаар явж байгаад охид бүсгүйчүүд хүчингийн хэргийн золиос болох нь наад захын эрсдэл болчихлоо, энэ нийгэмд. Гаж донтон таны гар хөлд хүрлээ гэх гомдол гаргалаа гэхэд хэн ч шийдэж өгөхгүй. 

Ийм төрлийн гомдол ирвэл инээдэм наргиан болгоод өнгөрдгийг хуулийнхан өөр зуураа ярьдаг нь худлаа биш. Худал хэлсэн хүнд орой ганцаараа аальгүйтэж яваад хүчиндүүлсэн, өөрөө нүцгэн шахуу хувцаслаж яваад бусдын нүдэнд өртсөн гэдгээрээ та л амьтны элэг доог болно.

Ардчилал хөгжсөн 25 жилд ард түмэн ийм л ардчиллаар амьдарч, амьсгалж яваа. Үндсэн хууль болон бусад гэрээ конвенцид заасан хүний эрх бүх талаар зөрчигдөж байна. Тэгсэн атлаа өдөр тутам л бид үүргээ биелүүлэх шахалт шаардлагатай тулгарч, торгууль төлж, цагдан хоригдож байгаа.  Хүнсний аюулгүй байдлын тухай хууль хоёр жилийн өмнө батлагдаж эрүүл аюулгүй хүнсээр иргэдээ хангах тухай сайхан мөрөөдлийг манай хууль тогтоогчид амалсан. 

Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зарагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, хорьж цагдаж, ард түмнээ органик, шинэ хүнсээр хангах тухай тун ч сайхан мөрөөдөл ярьсан даа. Гэтэл бодит байдалд энэ нь 360 градус өөр. Томоохон сүлжээ дэлгүүрээр хугацаа нь дуусаад 10 хоночихсон өндөг зарж байхад хэн ч тоохгүй юм.

Импортын бараанаас өт цувж байхад мөн л төр нүдээ анисан хэвээр. Эрээний хямдхан хог идсэн хүүхдүүд хэдэн арваараа хордлого тусч эмнэлэгт хүргэгдэхэд мөн л төр чихээ бөглөчихдөг. Хариуцлага тооцоод хяналт тавих учиртай байцаагч нар нь ажлын ачаалал их байгаагаа гайхаж, хуулийг гууль болгосон хэвээр хэдэн ч оныг үдэв дээ. 

Энэ мэтээр ардчилсан Монгол Улсад өнөөдөр амьд явах баталгаа, эрхээ эдлэх явдал үлгэр хэвээр явж ирлээ. Цаашдаа ч ийм байх нь тодорхой.

Эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах гэдэг уг нь ямар ч мөнгө гаргахгүйгээр шийдэж болох асуудал. Хяналт хариуцлага сайн байдаг бол хэрэгжээд явчих бодлого. Гэтэл нэг нам мөрийн хөтөлбөртөө тусгачихаад шоудаж байна гэхээр л бид ямархуу айдас хүйдэс дунд амьдарч байгаа нь тодорхой байгаа биз.

Хортой болон хоргүй хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж, автомашины ослоор дайн байлдаантай орнуудаас ч дээгүүр бичигдэх болсноо ид бах болгон бичих атлаа үүнийг өөрчлөх талаар хэн ч дуугарахгүй нь гачлантай. Ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн гэж Төрийн тэргүүнээсээ эхлээд л тив дэлхийд гайхуулах атлаа амар тайван амьдрал, ажиллаж хөдөлмөрлөх орчныг маань бий болгох талаар тэд анхаарсангүй. 

Бүр сонгох, сонгогдох эрхэд маань халдаж, бидний саналыг мөнгөөр худалдаж авах хүртлээ улайрч байна, улстөрчид. Өөрөө өөртөө л найд, өөр хэнд ч биш гэсэн бичигдээгүй хууль бүх шатанд үйлчилдэг боллоо. Таны төлөө төр засаг чинь хэзээ ч санаа тавихгүй учраас та ухсан нүхнээс зугтаж, баригдаж буй барилгаас дөлж, өвөлдөө утаа, зундаа өмхий үнэрээр амьсгалахгүй байх үүрэгтэй. Шөнийн цагаар гэр орноосоо гарахгүй байж, өвчин тусвал өөрөө өөрийгөө л эмчлэх нь мөн л таны үүрэг.

Давхиж яваа машиныг харах нь таны үүрэг, үр хүүхдээ өвчин зовлонгоос хол байлгах нь мөн л таны үүрэг. Гаж донтонтой таарвал зугтах нь таны үүрэг. Авдаг цалингаараа аятайхан тансаг хоол авч идэх нь мөн л таны үүрэг.

Өнөөдрийн нийгэмд таньд эрх гэж байхгүй, зөвхөн амьд мэнд явах, ажиллаж хөдөлмөрлөж татвараа төлөх үүрэг л гэж бий. 200 сая төгрөг нэхэмжилж төрөө “доромжлохгүй”, өгсөн цалин, тэтгэврийг нь гололгүйгээр амьдралдаа хүргэх нь бас л таны үүрэг болоод байна даа. Бидний хүсээд байсан ардчилал энэ бололтой.

Зураг