“Жолоодох эрхийн үнэмлэх”, “Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, “Жолоодох эрхийн түр үнэмлэх”-ийг Венийн конвенцын шаардлагад нийцүүлсэн шинэ загварын үнэмлэхийг Цагдаагийн байгууллагаас хэвлэж байгаа аж. Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “Жолоодох эрхийн үнэмлэх”-ийн захиалга ирүүлсэн 34,600 иргэний үнэмлэхийг хэвлэж олгожээ.
Харин өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний И-Монголиа системээр 16.384, орон нутгаас ирүүлсэн эрх сэргээх, үнэмлэх нөхөн авах 1,633, нийслэл болон орон нутгийн шинээр жолооч болсон, ангилал нэмсэн 15,403, нийт 33,420 иргэний жолоодох эрхийн үнэмлэхийн захиалга хэвлэлтэд хүлээгдэж байгаа юм байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, бэлдэц, дагалдах хэрэгсэл, нийлүүлэлт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоны улмаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээнд доголдол үүсжээ.