Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дорлигжав ууртай байх нь аргагүй...

З.Боргилмаа
2016 оны 4 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-ЦЕГ-ын даргыг өөрчлөх хүсэлтийг нь Ерөнхий сайд “танхимын бус” алхам хэмээн зад няцааж байхад уурсах зэргийн хариу үйлдэл үзүүлэх энүүхэнд биз. Өчигдрийн хувьд түүнийг бухимдуулах өөр бас нэг шалтгаан байсан байж мэднэ- 

Монгол Улсын эрх ашигт нийцээгүй Таван Толгойн гэрээг УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр таг гацаасны нэг жилийн ой дээр энэ үйл хэрэгт үлэмжийн хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд нэгжлэг хийхээр цагдаагийн байгууллага тусгай хүчнийхнээ сүр дуулиантайгаар дагуулан очсон юм. 

Энэ явдлыг хууль бус төдийгүй өдөөн турхирсан үйл ажиллагаа гэж үзсэн УИХ-ын гишүүн Х.Баттулга Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хандан ЦЕГ-ын даргыг илэрхий буруутгасан албан бичиг илгээв.

Харин дараахан нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхэд учир дутагдалтай yчpaac чөлөөлөх шаардлагатай гэсэн утгатай бичгийг хариуцсан салбар сайдын хувиар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт уламжиллаа.

ЦЕГ-ын дарга бээр “нийгмийн сэтгэлзүйг мэдэрдэггүй” гэсэн үндэслэлийг албан бичигтээ цохон оруулсныг нь анзаарсан олон нийт “тусгай хүчнийхэн Х.Баттулгын дэмжигчидтэй халз тулгарах шахсан" дуулиантай холбон ойлгосон нь үнэнээс хол зөрөөгүй байх.

Учир нь Хууль зүйн сайд төд удалгүй хэвлэлээр байр сууриа тайлбарлахдаа “Товчхондоо бол нэг иргэнийхээ хүсэлтийг л уламжилсан хэрэг шүү дээ” хэмээн мэдэгдэж, чухамдаа “өөрөө өөрийгөө барьж өгсөн” хэрэг болсныг нийгмийн идэвхтэй хэсэг дахиад шүүрэн авч сошиал ертөнцөөр шуугиулсан юм.

Үнэндээ Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Х.Баттулгын талд байгаа” нь түүний ойр тойрныхныг баривчлах үеэс л ил болж, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хорьж шалгаж буйг буруутгасан үг, үйлдлүүдээрээ үүнийгээ илэрхийлж эхэлсэн.

 ЦЕГ-ын даргыг огцруулах асуудлаа өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр зүтгүүлжээ. 

Таван Толгойн гэрээг гацаасны нэг жилийн ойг “тохиолдуулан” УИХ-ын “отгон” чуулганы нээлтийн индэр дээрээс гол "дайсан" MCS группийг бут ниргэсэн алдарт мэдэгдлээ хийсэн З.Энхболд, "Монгол Улсын эрх ашигт нийцээгүй гэрээг илрүүлсэн" ажлын хэсгийн ахлагч гишүүн Л.Эрдэнэчимэг нар ч Х.Баттулгатай энэхүү байр сууриараа нэгдэн нэг тал болсныг улс төр сонирхогчид өнөөдөр улайм цайм нэрлэх болжээ. Харин тэдэн дээр “нэгдсэн” Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг тэдэнтэй нэгтгэж буй эрх ашиг юу вэ?

Тодорхой гэмт хэргийн шинжтэй асуудлыг мөрдөн шалгаж буй хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг шүүмжилж, үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын даргыг огцруулах асуудлыг тавьж байгаа Хууль зүйн сайдын алхам энэ утгаараа их содон. “Цагдаагийн даргыг эрүүгийн гэмт хэргийн сэжигтний захиалгаар огцруулах нь шууд утгаараа төрийн эргэлт юм. Төрийг дээрэмчид авлаа л гэсэн үг” хэмээх гаргалгааг олон нийт Д.Дорлигжавт хаягласан нь түүний үйлдэл хэчнээн анхаарал татахуйц болохыг илэрхийлж буй.

Д.Дорлигжав өдгөө Ардчилсан намын бодлогын зөвлөлийн дарга. Энэ нь УИХ-ын дарга бөгөөд Ардчилсан намын дарга З.Энхболдын баруун гар гэсэн үг. “Баруун гараараа” Х.Баттулгыг хамгаалж буй З.Энхболд Д.Дорлигжавыг ирэх сонгуулиар намын жагсаалтын гуравдугаарт бичнэ гэж “амласан” талаар намынхан нь барим тавим хэлдэг нь бараг үнэний ортой бололтой.

Тэрбээр “нэг иргэнийхээ хүсэлтийг л уламжилж байгаа хэрэг” гэж хэлснээ хэрэгжүүлэхээр шийдэж, ЦЕГ-ын даргыг огцруулах асуудлаа өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр зүтгүүлжээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг зүтгүүлсэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнд уурсаж, “Танхимын зарчмаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өгөөрэй” хэмээн ширүүлжээ. Харин Хууль зүйн сайд Д.Дорлигжав хариуд нь “Ийм Засгийн газар үзээгүй” гэхчлэн уурлаж, Засгийн газрын хуралдааныг орхин гарчээ.

Тэр уурлахаас ч аргагүй. ЦЕГ-ын даргыг өөрчлөх хүсэлтийг нь Ерөнхий сайд “танхимын бус” алхам хэмээн зад няцааж байхад уурсах зэргийн хариу үйлдэл үзүүлэх энүүхэнд биз. Өчигдрийн хувьд түүнийг бухимдуулах өөр бас нэг шалтгаан байсан байж мэднэ.

Юу гэхээр УИХ дахь намын бүлгүүд өчигдөр тус тусдаа хэлэлцээд энэ жилийн сонгуулийг элдэв жагсаалтгүйгээр явуулахаар шийдэж байгаагаа мэдэгдсэн явдал. Намын даргатай "жагсаалтын гуравдугаарт" байтугай бичигдэхээр тохиролцсон хүмүүс бүгд бухимдацгаасан байх аа.

Зураг
Зураг
10 | 5 | 3 цаг