Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Их гүрнүүдийн сонирхол хийгээд ногоон сангийн зарчим

Ц.Цэвээнхэрлэн, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 26
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой байдаг. Газрын тосны компаниуд хорт хий, шингэн хаягдлыг байгальд хаяна. Үүний дүнд компаниуд бензин, тос борлуулж ашиг олж, бусад нь хэрэгцээгээ хангадаг. 

Харин энэ үйлдвэрлэлийн явцад агаарын бохирдол улам нэмэгдэж, амьсгалын замын өвчлөл ихэсч байх жишээтэй. Иймэрхүү байдал олон улсын хэмжээний худалдаанд ч ажиглагддаг. Баян орнуудын хэрэгцээнд зориулж хөгжиж буй орнууд нутаг дэвсгэрээ золиосолдог жишээ олон. 

Хөгжилтэй орнуудад экспортлох зорилгоор хамгийн тансаг, өндөр үнэтэй сам хорхой үржүүлдэг улс бий. Үүний тулд хиймэл нуур байгуулж эрүүл газрыг ухаж,хэдэн зуун жил бүрэлдэн тогтсон хөрс, ус, мод, ургамлыг хуулан хаядаг. Экосистемийг ингэж бүхэлд нь устгаж өөрчилсөн хохирлыг захиалагч үүрэхгүй.

Угтаа бол дэлхий дахинаа ярьж буй эдийн засгийн ногоон үзэл баримтлалын тулгуурлах зарчим дээрхээс өөр ухагдахуун юм. Харин одоо уур амьсгалын өөрчлөлт гэх шинэ нэр томьёо гарч эхэлсэн үеийг нэхэн саная.

Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой байдаг. 

...Далайн дунд Эсидарап нэртэй нэгэн жижигхэн арал бий. Уур амьсгал нь маш таатай учраас ард иргэд нь олон жил амар тайван, элбэг дэлбэг, энх тунх амьдарсаар иржээ.

Гэтэл сүүлийн жилүүдэд тэнгэрт нь байнгын ягаавтар униар татах болсноос одод бараг үзэгдэхээ болив. Нар жаргахад харагддаг үзэсгэлэнт туяа өнгөө өөрчлөн хувиргасаар гүн улаан болж хувирав.

Далай тэнгисийн загас хүртэл ховордож, арлын гайхамшиг шүрнүүд өнгөө алдан үхэж эхэлжээ. Цаашлаад шувууд, зэрлэг амьтдын төрөл зүйл устан цөөрсөөр.Үүнийг дагаад жижиг арлын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт богино хугацаанд уруудсан дүн үзүүлэв.

...Төв Азийн цээжинд орших Монгол орны нэгээхэн хэсэгт бас үүнтэй ижил гэмээр үйл явдал өрнөж байлаа. Удам дамжин амьдарсан нутгийнх нь улирал улирлын өнгө улам бүр өөрчлөгдөн хувьссаар байв. Хүн, малгүй ундаалдаг гурван булаг нь хэд хэдэн жилийн зайтай шурган ширгэн хатахтай зэрэгцээд аргаль, янгирын сүрэг үзэгдэхээ ч болив.

Хамар хатгах өвс ургахгүй шахуу зун, хахир хатуу өвлийг жил дараалан үзсэн буурлууд “Тэнгэр хангай нүүрээ буруулжээ” хэмээн шогширч харагдана.

Уул уурхайн үйлдвэрлэл ойр байдаг сан бол буруутныг олох тэдэнд амар байсан. Гэвч шалтаг шалтгаан нь мэдэгдэхгүй энэ байгалийн бэрхшээлд байдгаа туусан зарим нь хот суурин бараадан уван цуван дүрвэсээр. Үүнийг дагаад тухайн багийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт богино хугацаанд уруудсан дүн үзүүлэв.

200 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХУРИМТЛАЛ

Үнэндээ тэд чухам юу болоод байгааг ойлгохгүй байсан юм. Угтаа бол Дэлхийн цаг уурын байгууллагаас шалтгааныг нь тайлбарлах хүртэл шүү дээ.

Тэрчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс эдийн засагт учруулах хохирол таамагласнаас хэдэн зуу дахин нэмэгдэх эрсдэл бодитоор нүүрлэж эхэлснийг олон улсын эрдэмтэд анхааруулж байна. Иймд эрсдэлийг бууруулахын тулд өдгөө дэлхий дахинд уур амьсгалын санхүүжилт болон нүүрстөрөгчийн зах зээл гэх шинэ нэр томьёо гараад буй.

Ингэхэд энэ талаарх Таны мэдлэг хэр зузаан байна вэ? Угтаа уур амьсгалын санхүүжилт гэдэг Монгол Улсад төдийгүй дэлхийн бусад оронд харьцангуй шинэ ойлголт. Тэр ч утгаараа олон улсын яриа хэлэлцээрийн түвшинд идэвхтэй яригдаж, анхаарал татсан сэдвийн нэг яах аргагүй болоод байна. 

Дэлхийн банкнаас “Их Хорь”-ийн уулзалтад зориулан бэлдсэн тайланд “Уур амьсгалын санхүүжилт нь судалгаа ба хөгжил, шинэ техник технологийн дамжуулалтыг урамшуулан, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэнэ. Тэрчлэн дасан зохицох чадавхыг дэмжиж, бага нүүрстөрөгч бүхий, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөгжлийг санхүүжүүлэх хөрөнгө” хэмээн тодорхойлжээ.

Тэгвэл энэ санхүүжилт хаанаас бүрдэж, хэн өгөх ёстой гэж? НҮБ-ын УАӨ-ийн суурь конвенцид тусгасан заалтад хэрхэн тусгасныг харъя. Хөгжиж байгаа орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн арга хэмжээнд шаардлагатай зардлыг голлон хөгжингүй орнуудын хандиваар бүрдэх сангаас гаргана хэмээн заажээ.

2010 оны Канкуны тохиролцоогоор хөгжингүй орнууд 2020 он гэхэд улсын болон хувийн эх үүсвэрээс жилд 100 тэрбум ам.доллар хуримтлуулах үүрэг хүлээсэн юм. Энэ мөнгийг хөгжиж байгаа орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг зарцуулах санхүүгийн гол механизм нь “Уур амьсгалын ногоон сан” (УАНС).

Цаашлаад, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хорооны тооцоогоор, хүлэмжийн хийн ялгаралтыг одоогийн түвшинд барихын тулд 2030 он гэхэд жилд 200-210 тэрбум ам.доллар шаардлагатай аж. Ингээд бодохоор санхүүжилтийн төсөв 10 жилийн дотор дахиад 100 тэрбум ам.доллараар өсөх график бууж байгаа юм.

СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ

Харин энэхүү санхүүжилтийг бүрдүүлэх гол эздийн жагсаалтыг АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Их Британи гээд томоохон орнууд толгойлж байна. Уг нь хөгжингүй орнууд хүлээсэн үүргээ биелүүлж эхэлсэн ч асуудал үүсжээ. “Их гүрнүүд ийм хэмжээний хөрөнгө гаргахад татгалзах зүйлгүй.

Гэхдээ УАНС-д төвлөрүүлэх үү, эсвэл өөрийн улсын нэрээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үү гэдэг дээр санал зөрчилдсөн нь хамгийн том бэрхшээл” хэмээн шинжээчид тайлбарлажээ. Жишээ нь, Хятад гэхэд тус санд бус, өөрсдийн хуримтлалаа өөрсдөө зарцуулах нь нэр хүндтэй нь холбоотой бөгөөд хяналт тавих боломжтой хэмээн үзэж байгаа аж. Энэ мэтчилэн их гүрнүүдийн сонирхлын зөрчил араасаа олон асуулт дагуулж эхлэв.

Нөгөө талд, сонирхлын зөрчил хандив хүртэгч хөгжиж буй орнуудын дунд идэвхжиж байна. Хөгжиж буй орнуудын зүгээс санхүүжилтийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх, бүс нутгийн онцлогийг харгалзан үзэх асуудлыг байнга сөхөх болжээ.

Энэ байдлаараа “Тун удахгүй уур амьсгалын санхүүжилт, нүүрсхүчлийн зах зээлийн асуудал дэлхийн эдийн засгийн бодлогод чухал байр суурь эзэлж, өрсөлдөөний талбарын гол сэдэв болно” хэмээн шинжээчид үзэж байна.

НОГООН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Уур амьсгалын санхүүжилтийн гол эх үүсвэр нь төрийн болон хувийн санхүүжилт юм. Төрөөс олгох санхүүжилтэд улсын төсөв, олон талт болон хоёр талт хөгжлийн байгууллага, мөн УАӨСК-ийн хүрээнд байгуулагдсан сангууд ордог.

Уур амьсгалын санхүүжилтийн гол эх үүсвэр нь төрийн болон хувийн санхүүжилт юм. 

Харин хувийн эх үүсвэрт дотоод, гадаадын аж ахуйн нэгж, хувь хүн, санхүүгийн байгууллага (банк, хөрөнгийн болон байгаль орчны зах зээл), тэтгэврийн сан болоод бусад төрлийн хандив тусламж зэргийг хамруулан ойлгож болно.

БОНХАЖЯ-наас авсан хамгийн сүүлийн мэдээллээр санхүүжилтийн хуваарилалт 2009, 2010 онд 97 тэрбум ам.доллар байсан гэх тооцоо гарчээ. Үүний 93 тэрбум ам.доллар нь сааруулах арга хэмжээнд, 4.4 тэрбум нь дасан зохицох үйл ажиллагаанд зарцуулагдсан байна.

Түүнчлэн олон улсын түвшинд уур амьсгалын санхүүжилт олгох хамтын ажиллагаа өргөжихийн сацуу энэ чиглэлийн санаачилгууд нэмэгдсээр байгаа аж. 2015 оны байдлаар гэхэд 50 гаруй олон улсын нийтийн сан, 60 нүүрстөрөгчийн зах зээл, 6,000 гаруй хувийн сан уур амьсгалын ногоон санхүүжилт олгож байна.

Зураг