Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бодит бүтээн байгуулалт улстөржих шалтгаан биш

Б.Эрхэс, Монголын мэдээ
2016 оны 4 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

“Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэж сайхан үг бий. Бүх зүйлийг болохгүй бүтэхгүй гэдэг талаас нь биш болгоно бүтээнэ гэсэн сэтгэлээр хандвал юу бүтээж, юу хийж чаддаг вэ гэдгийг бидний цөөхөн хэдэн монголчууд алхам тутамдаа харуулж байна.

Монгол хүний хийхгүй зүйл гэж алга. Улс төр ярьж, дотооддоо бужигнаж байх зуур Монгол залуус дэлхий дахинд нэрээ дурсгаж, шинэ бүтээл туурвиж, шинэ технологи гаргаж, гуравхан сая хүн амтай Монгол Улсыг дэлхий таньдаг болж байна.

Нийгмийн бухимдлыг хэдхэн улстөрчид дэврээж, түүнд гол дур бүтээхийн төлөөх өрсөлдөөн цөөхөн хэдхэн хүний дунд өрнөж байхад цаана нь мянга мянган залуус зөвхөн ажиллаж хөдөлмөрлөх, улс эх орныхоо хөгжлийн төлөө улстөржилтөөс ангид ажиллаж байгааг бид магтахгүй, эсвэл онцлохгүй өнгөрч боломгүй.

Монголын бүх хүн гудамжиндаа гарч жагсаад байгаа хэрэг биш. Монголын мянган мянган баялаг бүтээгчид өнөөдрийн явган хэрүүлд өөрийн тархиа мэдүүлчхээгүй.

Тэд илүү олон хүнийг ажилтай болгохын тулд илүү олон баялаг бүтээгчдийг дэмжихийн тулд эх орноо энэ байгаагаас ч сайхан ирээдүйтэй болгохын тулд борви бохисхийхгүй зүтгэж байгаа. Бага мөнгөөр ч гэсэн их зүйлийг бүтээн байгуулахын төлөө ажиллаж чадаж байна.

Монголын мянган мянган баялаг бүтээгчид өнөөдрийн явган хэрүүлд өөрийн тархиа мэдүүлчхээгүй. 

Нийслэл хот маань өдрөөс өдөрт өнгө зүсээ олж, түгжрэлгүй замаар түүртэлгүй гэртээ харьдаг болсон өөрчлөлт бидний нүдэн дээр л хийгдлээ.

Тэдгээр бүтээн байгуулалтын нэг нь Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн “Гудамж” төсөл. Гэвч өнөөдрийн жижигхэн эрх ашгийн төлөө, явуургүй амбийц, ядуухан хар пиар хийхийн төлөө эдгээр залуусын урам зоригийг мохоож, хийж бүтээж буй нэгнийхээ сэтгэл рүү торох зүйлгүй ус цацаж орхидог нь харамсалтай.

Буруу төлөвлөлтөөс үүдэж замын түгжрэлд өдөржин бухимддаг байсан цаг тун саяхных. Нисэх орж найзыгаа Сөүл рүү суулгаж өгчихөөд эргээд Шархадны эцэст гэртээ очих гэж түгжирсээр яваад дөнгөж ороход найз нь Сөүлд буучихлаа гэдгээ дуулгаж байсан явган онигоог бид амны зугаа болгоод л яриад өнгөрдөг.

Гэвч энэ Монголын нийгмийн бодит дүр төрх байлаа. Бүр саяхныг хүртэл шүү. Гудамжиндаа хогоо асгачхаад гудиггүй алхсаар гэртээ бүгчихдэг нийтлэг жишиг гэр хороололд тогтчихоод байлаа.

Нийгмийн өмчийг хайрлах талаар мэдлэгтэй хүн ховор учраас цэцгийн мандал, ногоон хүлэмжийн тухай ойлголт алс хол сонсогддог байсныг бид мартах учиргүй.

20 жилийн мөрөөдлийг хоёр жилийн хугацаанд л ажил хэрэг болгожээ

Монголчууд бид хэтэрхий богинохон ой санамжтай юм. Гамшгийн төрхтэй байсан нийслэл хот маань нүдний өмнө өөрчлөгдөж, “Гудамж” төслийн үр дүнгээр замын түгжрэл багасч, осол аваар мэдэгдэхүйд буурч, шинэ шинэ уулзварууд бий болсныг таг мартчихаж. Ийм байсан аятай, ингэх ёстой юм шиг л аашилцгаах. Мэдээж тэд ажлаа хийж байна гэж буруутгах нэгэн гарч мэдэх л юм. Гэхдээ хийж чадахгүй 20 жил болсон, хийх гэж зүтгэхгүй 20 жил явсныг бил яагаад мартах ёстой гэж.

Тэгсэн атлаа хийж чадсан, өөрчилж чадсан гурван жилийг яагаад онцлон ярьж болохгүй хэрэг вэ. Нүдээр үзээгүй зүйлээ шүүмжилж суух шиг амар зүйл үгүй. Гэвч нүдээр үзэж харсны дараа энэ бүтээн байгуулалт, ийм том үйлдвэр босоогүй бол бид хэрхэх бол гэсэн бодол хүнд эрхгүй төрдөг юм билээ.

Дулааны алдагдлаа нөхөж чадахгүй, хотын иргэдээ хөлдөөчих шахаж байсан хоёрхон жилийн өмнөх амьдралаа Амгалан дулааны цахилгаан станц ашиглалтад орсны дараа мартчихаж, бид.

21 аймгаа нийслэлтэй холбох 20-30 жилийн мөрөөдлийг хоёр гуравхан жилийн дотор ажил хэрэг болгож чаджээ. 

Эдийн засгийн онолын талаар бага зэргийн мэдлэгтэй хүн бүхэн л “Гудамж “төслийн талаар амаа олохгүй магтдаг байсан цаг саяхан. Эрх мэдэлд хүрсэн хүн болгоны амнаас зам барьсан, улсаа хөгжүүлсэн тухай яриа гардаг байв.

Гэвч бүтээснийг нь баллуурдах гэсэн улс төрийн ганц нэгхэн сөрөг мэдэгдлийн дараа бүгдээрээ л энэ тухай ярихаас, магтахаас цэрвэх нь гайхалтай. Энэ бүтээн байгуулалт, түүнийг хийсэн олон зуун залуусын хөдөлмөр улстөржих сэдэв бий ээ, эрхмүүд ээ. Энэ ажил цаасан дээр биш хөрсөндөө бууж чадсан юм.

21 аймгаа нийслэлтэй холбох 20-30 жилийн мөрөөдлийг хоёр гуравхан жилийн дотор ажил хэрэг болгож чаджээ. 1992-2012 онд буюу 20 жилд улсын хэмжээний 2,087 км зам барьж байсан бол 2013-2015 он буюу гурван жилийн хугацаанд 2,154 км замыг барилаа Энэ бол бүтээн байгуулалт, Гурван жилийн хугацаанд нит зургаан аймгийг нийслэл хоттой хучилттай авто замаар холболоо. 

Мөн тэр хугацаанд 36 уулзварыг төслийн хүрээнд шинэчилж байв. Энэ хугацаанд нийслэлд 94.9 км замыг 107.9 тэрбум төгрөгөөр барьж шинэчилсэн байгаа юм. Нийслэлийн авто замын гол түгжрэл болж байсан 100 айлын уулзвар, эр зоригийн тойрог хэмээн нэрийдэж байсан Саппорогийн уулзвар, Дарь-Эх, Долоон буудал, Хайлаастын зам, Цэцэг төвийн урдуурх зас, Богд уулын арын зам, Нисэх Яармагийн зам, Сонсголонгийн зам зэрэг бодит бүтээн байгуулалт бодит ажил хэрэг болсон олон шинэчлэлийн автор нь “Гудамж” төсөл.

Жил гаруйн хугацаанд Сонсголонгийн 5.5 км бетон замыг Монгол компани, Монгол залуус бариад ашиглалтад өгчихөж. Гэтэл замын дунд хэсэгт Хятадын санхүүжилтээр баригдах учиртай гэх Туул гал дээгүүрх гүүр нь өнөө хэр баригдахгүй зургаа долоон жил гацаж, хоёр талаас ирсэн шинэ зам хуучин гүүрнээс багасаж нарийсаж түгжрэх шалтгаан болж байгаа. Сэтгэл гаргаад ажиллавал ямар ч ажлыг хурдан хугацаанд чанартай хийж болдог гэдгийг нэг зам дээр байгаа энэ хоёр жишээ танд ойлгуулах биз.

“Гудамж” төслийн үр дүнд иргэд жилд 24 тэрбум төгрөг хэмнэдэг

Бүтээж чадаагүй ичсэн нэрээ баллуурдах гэж, эсвэл бүхнийг болохгүй бүтэхгүй гэдэг талаас нь тайлбарлаж оноо авах гэсэн улс төрийн хүчин, улстөрчид Чингис бондын мөнгийг тэр чигээр нь замд зарцуулсан гэж шүүмжилдэг.

Харамсалтай нь тийм биш. 1.5 тэрбум ам.долларын бондын мөнгө тэр чигээрээ замд зарцуулагдсан бол Улаанбаатарыг замыг бүхлээр нь, 21 аймаг, 330 сумыг бүгдийг нь нийслэлтэй холбоод ч дуусахгүй.

Эдийн засгийн судалгаа тооцоолол гаргаад үзэхэд, бондын мөнгөний дөнгөж 5.2 хувийг нь “Гудамж” төсөлд зарцуулсан. 

Эдийн засгийн судалгаа тооцоолол гаргаад үзэхэд, бондын мөнгөний дөнгөж 5.2 хувийг нь “Гудамж” төсөлд зарцуулсан.

Их сургуулийн эрдэмтэн судлаачид, энэ салбарт ажиллаж буй эдийн засагчид төслийн эдийн засгийн үр өгөөжийн тооцооллыг тун нарийн тооцож гаргасан. “Гудамж” төсөл зогсохоос өмнө 24 уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчилсний үр дүнд иргэд жил бүр 25.3 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Өөрөөр хэлбэл, авто замын сүлжээний буруу зохион байгуулалт, түгжрэлээс шалтгаалан энэ хэмжээний мөнгийг иргэд маань үргүй зарж, салхинд хийсгэдэг байсан гэсэн үг. Зам барьснаар шатахууны хэмнэлт бий болдог. Нөгөө талаар тээврийн хэрэгслийн эвдрэл багасч, тэр хэрээр иргэд цаг хугацаа хэмнэнэ. Бидний толгойн өвчин болоод буй зам тээврийн осол багасч, иргэд аюулгүй зорчих боломж нэмэгдэнэ.

Зам дагасан компаниуд ажлын байраа хадгалж иргэдийн бодит орлого нэмэгддэг гээд давуу тал олон бий. Замын цагдаагийн байгууллагын гаргасан судалгаагаар авто ослын тоо нэг жилд 21.2 хувиар буурч, ослоос шалтгаалан гарах байсан 159 сая төгрөгийг хэмнэж чаджээ. Энэ мэтээр мушгиж харлуулахаас илүүтэй бодит үр дүн, бий болгосон ашиг тус нь юу байв гэдгийг энэхүү нийтлэлээр хөндөхийг хүслээ.

Харлуулах зүйл бишгүй олон бий. Нийгмийн болж бүтэхгүйг шүүж тунгаагаад байвал алдаа заавал олдоно. Гэвч алдаанаас илүү амжилтыг нь эхлээд харж суръя. Бүтээн байгуулалт бүхэн улс төрийн шоу хийх, оноо авах хэрэгсэл биш. Бидэнд талцаж хэрэлдэх асуудал түм бум бий.

Ард түмэн бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаа.Удаа дараагийн олон улсын судалгаа, нийслэлийн иргэдийн дунд явуулсан санал асуулгад нийслэлд хэрэгжүүлсэн хамгийн үр дүнтэй бүтээн байгуулалтаар гудамж талбайгаа шинэчилж, өөрчилсөн, зам барьсан явдал хэмээн дуу нэгтэйгээр дэмжсэн нь бүтээх босгох хүсэл тээж буй залууст томоохон урам болох буй заа.

Зураг