Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Хөшигийн хөндийд анхнаас нь маш сайн зохион байгуулалт хийх ёстой

Д.Түвшин
2015 оны 4 сарын 2
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын барилгын салбарын 1,000 гаруй удирдах ажилтан чуулж, “Барилгачдын зөвлөгөөн-2015”-аар барилгын салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээр, ногоон хөгжлийн бодлого, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг салбарынх нь өмнө тулгамдаад байгаа олон чухал асуудлыг хэлэлцээд хэдхэн хонож байна.

Уг зөвлөгөөнийг нээж Барилга, Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ 2015 -2016 онд залуу гэр бүлээ дэмжсэн түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах, аймаг бүрт хэрэгжиж буй 1,000 айлын орон сууц хөтөлбөрийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, УИХ-ын 44-р тогтоолын дагуу батлагдсан "Ногоон барилгын төслийг салбартаа хэрэгжүүлэх" зэрэг бодлогын хүрээнд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас “Барилгачдын зөвлөгөөн-2015”-аас гар¬гасан шийдвэрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх тухай болон, цаг үеийн асуудлаар дараах ярилцлагыг авлаа. 

-Шинээр баригдсан орон сууцнуудын борлуулалт ихээхэн удаашралтай байгаа гэсэн. Энэ чухам юунаас болж байна вэ. Банкууд зээл өгөхөө больчихов уу?

-Урьдчилгаа төлбөрийн 30 хувь дээр иргэд хэд хэдэн асуудал хөндөж байгаа. Жишээ нь, найман хувийн хүүтэй зээлд 80 метр квадратаас дээш талбайтай байрыг хамруулахгүй гээд заачихсан.

Гэтэл 80 метр квадратаас дээш зай талбайтай байр авах сонирхолтой хүмүүс бий. Эдгээр иргэн найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй байна.

Найман хувийн хүүтэй зээлд 80 метр квадратаас дээш талбайтай байрыг хамруулахгүй гээд заачихсан. 

Нөгөө талдаа залуус шинэ байранд орох гэхээр шууд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг нь халааснаасаа гаргаад өгөх боломж хомс байна.

Үүнийг судалж үзээд төрөөс энэ чиглэлд туслалцаа үзүүлбэл дээр гэсэн бодолтой байгаа. Бидний зүгээс үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгт зах зээл ямар дохио үзүүлэх нь тодорхойгүй байна. Төр багассан болохоос зогсоогүй.

-Урьдчилгаа төлбөрөө дийлэхгүй байгаа иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлэх боломж бий юу? 

-Засгийн газраас урьдчилгаа төлбөрийн 20 хувь дээр баталгаа гаргаж болох юм гэсэн санал гарч байгаа. Баталгаа гаргасан иргэдээсээ төлбөрийг нь гаргуулж авах ажил төрийн нуруун дээр ирж байна гэсэн үг.

Ипотек бол хамгийн сайн төлөлттэй яваа зээл. Ер нь хүн орон байрныхаа зээлийг хамгийн хариуцлагатай төлдөг.

Үүн дээр нь төрөөс дэмжлэг үзүүлэхэд буруудах зүйл байхгүй. Орон сууц худалдан авахад арилжааны банкнаас шаарддаг урьдчилгаа 30 хувийг байхгүй болго гэж шаардах эрх байхгүй.

Арилжааны банкууд бизнесээ хийж байгаа. Тэгэхээр барилгын бизнесээ бодоод янз бүрийн хөнгөлөлт үзүүл гээд банкны салбараа бодохгүй байж болохгүй. Урьдчилгаа төлбөрийн 30 хувь байхгүй болгох тухай яригдаагүй. Ер нь ч одоогоор тэгж шийдэх боломж байхгүй. 

-Банкны шалгуур үзүүлэлтүүд улам л чангараад байх юм. Хувийн хэвшилд ажиллагсад үндсэндээ зээлэнд хамрагдах боломж тун тааруухан байна л даа? 

-Арилжааны банкууд зөв ажиллаж байна гэж л харж байгаа. Эдийн засаг хямрах гээд байгаа ийм цагт арилжааны банкууд эрсдэлээ тооцох нь зүйн хэрэг. Үүнийг нь найман хувийн хүүтэй зээлийн шалгуурыг өндөрсгөж байна гэж буруутгаж болохгүй. Банк ганцхан барилгын салбарт ажиллаж байгаа юм биш.

Хэрвээ эсрэгээрээ банкны салбар эрсдэлд орвол учрах хохирол нь маш их байх болно.

Ипотек бол хамгийн сайн төлөлттэй яваа зээл. 

Арилжааны банк шалгуураа нэмж байна гэж та ярилаа. Гэхдээ орон сууцтай болох хүн 30 хувийн урьдчилгаа төлнө гэсэн нь хэвээрээ.

Урьдчилгаа төлбөр дээр нэмж, хассан зүйл байхгүй. Ер нь арилжааны банк эдийн засаг эгзэгтэй байгаа, хөрөнгийн зах зээлийг судлаад эрсдэлээ тооцсон тохиолдолд салбарын яамнаас бусад төрийн бус байгууллагаас захиргааны шинжтэй заавар зөвлөгөөг хэн ч өгөх эрхгүй.

-Байдал энэ хэвээрээ байвал тун удахгүй шинэ орон сууц авах чадвартай иргэд байхгүй болно гэгдэж байна. Энэ байдлыг намжаах, асуудлыг арай өөрөөр шийдэх гарц байхгүй юу? 

-Энэ онд 30 мянган байр борлуулагдахгүй үлдэх магадлалтай. Байрны үнэ зах зээлээсээ хамаараад өөрчлөгдөх байх. Ер нь нийлүүлэлт ихэсч эрэлт багасаж байгаа үед орон сууцны ханш буурна.

Хүмүүс хямд л бол сайн гэж нэг талаасаа бодож болно. Гэхдээ эдийн засаг хямарвал, байрны үнэ дунджаасаа хэт доошоо унавал жинхэнээсээ эдийн засгийн хямрал эхэлнэ. Ингэвэл хэчнээн хүн ажлын байр, орлогогүй болох вэ гэдгийг тааварлахад хэцүү.

Түүний цаана байгаа эрсдэлийг энд дурдмааргүй байна. Эрсдэл байгааг хүлээн зөвшөөрөөд зоригтой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тодорхой санал дэвшүүлээд явж байна. Олон нийтийн зүгээс дэмжлэг үзүүлэх байх. Шинэ барилга олноор сүндэрлэж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд барилгын салбарт хөрөнгө оруулалт дажгүй байсантай холбоотой.

Нэгэнт барилгын ажил нь эхэлчихсэн учраас зогсоох боломжгүй. Хэн ч байсан 50-60 хувьтай яваа ажлыг зогсоохгүй гэж гүрийнэ биз дээ. Эрсдэлтэй байсан ч худалдан авагчид цөөн байсан ч ашиглалтад оруулахаа л бодно. Одоогоор манай эдийн засаг жаахан асуудалтай байгаа ч энэ бол байнга үргэлжлээд байна гэсэн үг биш. 

-Барилгын салбарт осол, гэмтэл буурахгүй байгаа. Энэ талаар байнга л ярьж, хэлэлцдэг ч яг газар дээрээ аюулгүй байдлын стандарт, дүрэм журам хэрэгжихгүй, түүнд хяналт тавьж чадахгүй байгаа. Энэ талаар яамны зүгээс хэрхэн анхаарч байна? 

-Хамгийн түрүүнд одоо байгаа дүрэм журмаа ягштал сайн баримталдаг байх ёстой. Яг үнэндээ одоогийн мөрдөж байгаа аюулгүй ажиллагааны дүрэм, журам сайн хэрэгжихгүй байна. Ер нь бодит байдал ийм байна гэдэг нь дүрэм журамдаа өөрчлөлт оруулах ёстой гэсэн үг. Тиймээс бид улс орон даяар дагаж мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шинэ дүрэм журам батлан гаргах гэж байна.

Барилгын салбарынхан Төрийн ордонд цуглаж, энэ дүрэм журмын талаар санал бодлоо солилцлоо. Шинэ журам хэрэгжиж эхлэхээр хариуцлагын тогтолцоо маш тодорхой болно. Хэн ч хариуцлагаас мултарч үлдэж чадахгүй. Барилгын осол аваар гарлаа гэхэд энэ юунаас болов, хэн нь хийх ёстойгоо хийгээгүйгээс ийм осол гарав гэдгийг тодруулна гэсэн үг.

Тэгэхээр тухайн хүн өөрийнхөө хийх ёстойг хийсэн байвал асуудалгүй болж таарна. Хэн нэгэндээ итгээд даалгаад байхгүй. Дээр нь төлбөр, цалин тооцоон дээр нь ч ярьдаг болно. Олон улсын 167 дугаар конвенцид бид яаралтай нэгдэн орох ёстой. Энэ жил манай яам осолгүй жил болох уриа дэвшүүлэхийг санал болгож байна

-Ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Улаанбаатарт зохиодох болсон. Энэ арга хэмжээний бэлтгэл ажилд Барилга, хот байгуулалтын яам хэрхэн анхаарч байгаа вэ? 

-Энэ жилдээ барьж дуусах барилга дээр яамны зүгээс ямар дэмжлэг үзүүлж болох вэ гэдгийг судалж байна. Барилгын зөвшөөрөл эсвэл захиргааны шинжтэй ямар нэгэн зүйл байвал яамнаас тусалж, дэмжээд явахаа илэрхийлсэн.

Олон улсын 167 дугаар конвенцид бид яаралтай нэгдэн орох ёстой. 

Дэлхийн удирдагчдыг буулгах зочид буудлын хүрэлцээ хангамж, нөхцөл боломж нь хэр байгааг ажлын хэсгийнхэн очиж харсан Би өөрөө ч хэд хэдэн газар очиж, танилцсан. Барилга, хот байгуулалтын чиглэлээр ямар зүйл дээр ажиллаж болох вэ тэр хүрээндээ бид ажиллаж байна.

-Олон улсын шинэ нисэх буудлын ажил ямархуу гүйцэтгэлтэй яваа вэ. Барилга, хот байгуулалтын яамны бас л гол анхаарлын төвд байх ёстой байгууламж гэж ойлгож байгаа л даа? 

-Шинэ нисэх онгоцны буудалтай болох ажилд яамнаас холбогдох чиглэлийнхээ дагуу оролцоод явж байгаа. Тэнд хот төлөвлөлтийн асуудал маш чухал. Засгийн газраас одоо Богдхан уулыг тойрсон төмөр зам, дэд бүтцийг бий болгох шийдвэр гарч ажилдаа шуурхайлан орсон.

Монголчууд “Зам дагаж хөгжил” гэж ярьдаг Тэгэхээр шинэ нисэх онгоцны буудал, шинэ төмөр замын шугам байгуулах нь хот суурин газруудын тэлэлт явагдахад эерэг нөлөөтэй. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал дээр эхнээс нь маш сайн зохион байгуулалт хийх ёстой. 

Ерөөсөө замбараагүй газарт төлөвлөлт хийж, хүссэн болгонд нь газар өгч, эдийн засгийн зохицлыг нь алдагдуулахгүйн тулд тэр хавийн төлөвлөлтийг сайн хийх шаардлагатай. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод хотын төлөвлөлт, сүүлд гаргасан энэ чиглэлийн бичиг баримтаа нарийн чанд баримтлаагүйгээс асуудал үүссэн.

Тэгэхээр энэ алдааг давтахгүй явах хэрэгтэй. Хөшигийн хөндийн онгоцны буудлын эргэн тойрны төлөвлөлтийг хийж байгаа. Одоо албаныхан дагуул хотод нэлээд анхаарал хандуулж байна. Товчхондоо ажил хэвийн үргэлжилж байгаа гэж ойлгож болно. 

Зураг