Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Согтоогч хэмээхийн учир...

Г.Номин, iKon.mn
2015 оны 2 сарын 12
iKon.MN

Ирж буй модон хонин жилийг галзууруулагч, согтоогч, согтууруулагч хэмээн зурхайч нар өөр өөрөөр тодотгоод буй. Эдгээр тодотголууд бүгд л шууд утгаараа ойлгоход тааламжгүй бөгөөд хүмүүсийн дунд хошигнол мэт яригдсаар байгаа билээ.

Тиймээс Гандантэгчэнлин болон Түвдэнпэлжээлин хийдийн зурхайч лам нартай уулзаж согтууруулагч, галзууруулагч хэмээхийн учрыг тодрууллаа.


 

Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатар “Зурхайн тоолол жарнаар хэмжигддэг. Одоо 17 дугаар жарны согтоогч хэмээх модон хонин жил гарч байна.

Нэг жаранд 12 жил таван удаа давтагддаг. Харин жилийн өнгө болон онжид /ёгт/ нэр 60 байдаг юм. Тэгэхээр согтоогч хэмээх модон хонин жил 60 жилийн дараа дахиад л тохионо гэсэн үг.

Согтоогч хэмээх ёгт нэрийг энэ жилийн төлөв байдалтай шууд уялдуулж гаргаж ирсэн юм биш. Гэхдээ тухайн жилийн төлөв байдал ёгт нэрийн утгатай холбоотой байдаг.

Ургаж буй жил гэхэд самгардиар “мадаа”, төвдөөр “согтоогч”, нангиадаар “Ей вүй” хэмээх модон жил бөгөөд, энэ жилд  “Халуун тэргүүтэн их болоод хүмүн нугууд дотроо үл зохилдьюу” хэмээн сударт өгүүлсэн. 

Энгийн үгээр тайлбарлавал ирж буй модон хонин жилд өвчин зовлонтой, хэрүүл тэмцэл ихтэй байх төлөвтэй байна" гэлээ.


 

Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам Ж.ГончигсүрэнСогтууруулагч гэдэг бол жарны 29 дэх жил болох модон хонин жилийн тогтсон нэр юм.  

Үгийн үндэс нь согтоох, галзуурах гэсэн үг. Согтсон, галзуурсан хоёр хүний араншин нэг болохоор алинаар нь ч орчуулсан буруудахгүй. Миний хувьд арай зөөлнийг нь бодоод согтууруулагч гэж орчуулсан.

Ер нь бол цаад агуулга нь ирж буй жилд цаг агаар тогтворгүй, хэл ам ихтэй байхыг хэлж байгаа. Тиймээс хэлж буй үгээ бодож арван хар нүглийг тэр дундаа хэлээр үйлдэх дөрвөн нүглийг тэвчихийг сануулж байна. 

Хэлээр үйлдэх дөрвөн нүгэл буюу худал ярих, хов өгүүлэх, ширүүн үг хэлэх, дэмий чалчих зэрэгт бүр дадчихсан хүмүүс байна шүү дээ. Тэдэнд хэл амаа мэдэхийг сануулсан утга бас согтууруулагч гэдэг үгэнд буй.

Тэрнээс биш хүн бүгд согтож галзуурахыг хэлээгүй” гэлээ.


 

Модон хонь жилийн “Согтоогч” хэмээх илт өгүүлэх нэрийн тухайд

Уламжлалт монгол одон зурхайд, арван хоёр жилийг таван махбодид харгалзуулсан жаран жилийн мөчлөгийг мөрддөг. Жарны тухайлсан жил бүрийг, гараг эрхсийн тохироо, шим мандалд нөлөөлөх шалтгаан, онцлог чанар, үрийг нь харгалзан үзэж тусгайлсан илт өгүүлэх нэрээр бэлгэддэг. Жарны 29 дэх жил-модон хонь жилийн илт өгүүлэх нэрийг зурхайн зарим эх сурвалж, толь бичиг, цаг тооны бичиг зэрэгт “согтоогч”, “галзууруулагч" гэхчлэн хэдэн янзаар хөрвүүлэн тайлбарлажээ.

Жишээ нь: Дэсрид Санжаажамц (1653-1705) 1687 онд зохиосон “Зурхайн гол цагаан биндэръяа” {rtsis gzhung be durdkarpo) хэмээх зохиолдоо, “Согтоогч” (myos byed) хэмээх илт өгүүлэх нэрээр тодотгогдсон модон хонь жилийн үрийн утгыг (myos byed skye bo ‘dus nad dan, Ihog tshad la sogs nad mams ‘byung, mi mams mi mthun gnod pa byed) “Согтоогч хэмээх жилд төрөлхтөнд хурсан өвчин хийгээд, боомын халуун тэргүүтэн өвчин нүгүүд гарах, хүмүүс өөр зуураа \үл зохилдон тэмцэлдэх” хэмээн тайлбарлажээ.

Мөн Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжалцан (1639-1704) нь “Үрийн зурхай сайн номлол бүхний хураангуй” бүтээлдээ (myos byed la ni Ito tshad sogs, nad mang mi rnams nang mi mthun) “Согтоон үйлдэгч жилд нь хэвлийн халуун тэргүүтэн, олон өвчин гарч хүмүүс өвөр зуураа үл зохилдох" хэмээн модон хонь жилийн үрийг тодотгожээ.

Иш Доржийн “Төвд-Монгол толь бичиг”-т, ““Согтоогч” (myos byed) нь модон хонь жил болой” гэсэн байна. Монголчуудын өргөн хэрэглэдэг Суматиратнагийн “Төвд-Монгол толь бичиг”-т, "“Согтоогч”(myos byed) нь хөхөгчин хонь жил болой” хэмээн оноожээ. Kran-dbyi-sun-ийн “Төвд-хятад хэлний их толь бичиг”-ийн хавсралт дахь жаран жилийн харьцуулсан хүснэгтэд, модон хонь жилийг “Согтоогч” (myos byed) гэж бичжээ. Уг тольд (myos byed) гэдэг үгийг "архи" болон “модон хонь жилийн илт өгүүлэх нэр хэмээн тайлбарласан бол (smyos byed) гэсэн үгийг “галзууруулагч” гэж тайлбарлаад, үгийн үндэс болох (smyos)-г өнгөрсөн цаг дор бичсэн нь урган гарч байгаа жилийг ийнхүү нэрлэх нь зохисгүй мэт.

Харин Жанжаа хутагт Ролбийдоржийн “Мэргэд гарахын орон” бүтээлийн Урлахуйн ухааны аймгийн, зурхайн хэсэгт 29 дэх жилийг (myos byed) гэж нэрийдээд “галзууруулагч” хэмээн хөрвүүлжээ.

Проф. Ц.Доржийн “Төвд хэл бичигт суралцах дэвтэр”-т буй жаран жилийн хүснэгтэд уг жилийг Галзууруулагч” (smyos byed) гэсэн нь одон зурхайн ямар эх сурвалж ашиглан ийнхүү нэрийдсэн нь тодорхойгүй байна.

Үүнээс үзвэл, дээр дурдсан зурхайн эх сурвалж, толь бичгүүдэд, жарны модон хонь жилийн илт өгүүлэх нэрийг “Согтоогч” хэмээн нэрийдсэн нь илүү оновчтой юм.

Эх сурвалж: МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн докторант С.Дэмбэрэл