Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Согтоогч гэдэг нь бүгдээрээ архи уугаад, галзуураад байна гэсэн үг огтхон ч биш"

Г.Номин, iKon.mn
2015 оны 2 сарын 10
iKon.MN

Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд монголчууд бид гэр бүл, хамаатан саднаараа цуглан  бууз, тавгийн боовоо хамтран хийж, нэг нэгэндээ туслахын сацуу ахмад настнууд ирэх жилийн өнгө төлөв байдлын талаар ярилцаж, хүүхэд залуус инээд хөөртэй зүйл ярин хөгжилдөцгөөдөг билээ.

Ийнхүү хөгжилдөх зуур “За энэ жил чинь галзууруулан согтоогч хэмээх модон хонин жил шүү дээ” гэх дуулдаж бүгдээр инээлдэн “Галзуураад, согтуураад байх юм байх даа?”,  “Юуны учир ингэж тодотгосон юм бол ?”  хэмээн шуугилдана...


 
 

Хүн бүрийн сонирхол гайхширлыг төрүүлж буй энэхүү тодотголын талаар Мамба дацан хийдийн зурхайч лам Я.Аюурзанаас тодрууллаа.

-Ирж буй модон хонин жилийг галзууруулагч, согтууруулагч хэмээн янз бүрээр тодотгож иргэдийн дунд нэлээд төөрөгдөл үүсээд байна. Галзууруулагч, согтууруулагч хэмээхийн учрыг манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?

-Галзууруулагч, согтууруулагч хэмээж байгааг Ламын гэгээний хэдэн зуун жилийн өмнө номлосноос буюу төвд хэлнээс орчуулж байгаа юм. Миний хувьд "Согтоогч" гэж буулгах нь зөв юм болов уу гэж үзэж байна. 

Энэ нь шууд утгаараа биш, бүгдээрээ архи уугаад согтоод, галзуураад байна гэсэн үг огтхон ч биш.

-Ирэх жилийн өнгийг хэрхэн зураад байгаа вэ?

-Ирж буй модон хонин жилийн хувьд ард иргэд, олон нийтэд багахан тавгүй байх төлөвтэй байгаа. 

Зурхайн ухаан гэдэг их нарийн тооцоолол дээр үндэслэж байдаг. Тиймээс миний бие ирэх жилийн өнгийг “Шороон үхрийн зурлага”, “Боовны үр”, “Цасан чихрийн амт” зэрэг зурлагуудаар тодорхойлон зурлаа. 

Ингээд ирж буй модон хонин жилд:

  • Хөгшид-Амгалан
  • Залууст-Ширүүн
  • Хүүхдэд-Маш ширүүн байх төлөвтэй байна.

Гэхдээ хөгшид, залуус, хүүхэд гэдэг үг шууд утгаараа биш. Хөгшид гэдэг нь төрийн дээд албан тушаалтнууд, залуус гэдэг нь дунд тушаалын дарга нар, хүүхэд гэдэг нь ард иргэдийг илэрхийлж байгаа.

Ирж буй модон хонин жилд төрийн дээд албан тушаалтнууд тайван, ажил үйлс нь бүтэмжтэй, дунд тушаалын албан тушаалтнууд бага зэрэг үймээн, хөдөлгөөнтэй, харин ард иргэдийн хувьд нэлээд бухимдалтай, эдийн засгийн багахан хямралтай, арилжаа наймаа хийдэг хүмүүс ашиг орлого багатайхан байна.

-Та гурван өөр зурлага зурж ирэх жилийн өнгийг тодорхойлсон байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Зурхайн ухаан бол бие даасан шинжлэх ухааны салбар. Мэргэ төлөг огтхон ч биш. Тиймээс нарийн тодорхой тооцоолохын тулд олон зурлагаар зурсан хэрэг.

Өдөр бүр хувиран гарах сар, огторгуйн олон од гараг нь эх дэлхийд оршин буй бидэндээ сайн муу нөлөөлөл үзүүлж байдаг.

Хүүхдийг төрмөгц нь насны төөргийн зурхайг зурж тухайн хүний ямар авьяас чадвартай, ямар салбарт амжилт гаргаж болохыг тодорхойлж болдог. Энэ нь ч шинжлэх ухаанаар батлагдсан.

Жишээлбэл, Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын ес дэх Ерөнхий сайд П.Гэндэнг төрмөгц зурхайч ноён болох заяатай хүүхэд гэж зурхайг нь зурсан байна. П.Гэндэн сайд ядуу харц ардын хүүхэд байсан учир хүмүүс "Энэ хүүгийн ноён болох гэж юу байхав" хэмээн шоолцгоож байсан гэдэг.

-Ирэх жил цаг агаарын байдал ямар байх төлөвтэй байгаа вэ?

-Цаг агаарын хувьд тийм ч таатай сайхан жил болохгүй. Хавартаа цасан болон шороон шуургатай мал төллөх цагаар багахан зутруу байх шинжтэй байгаа. Хөдөө гадаа явах иргэд маань ч анхаарал болгоомжтой явах хэрэгтэй.

Харин зундаа дулаахан хур бороо багатайхан байх төлөвтэй байна. Гэхдээ ган болохгүй. Үе үехэн хүчтэй ширүүн бороо, мөндөр орох төлөвтэй байгаа учраас үерийн уснаас болгоомжлох хэрэгтэй болов уу.

Зундаа хур бороо багатай байх учраас намар ургацын хэмжээ өнгөрч морин жилээс бага байх төлөвтэй байна. Гэхдээ тариаланчид усалгаа, арчилгаагаа тохируулж чадвал ургац алдах аюул байхгүй.

Мөн зун, намартаа малын халдварт өвчнүүд, ялангуяа боом дэгдэх аюултай байгаа учир малчид маань малаа вакцинжуулалтад хамруулж гарч болох эрсдэлээ сэргийлж чадах юм.

Өвлийн эхэн сард цасан шуурга шуурч хүйтрэх ч үлдсэн саруудад дулаан, тогтуун сайхан өвөл болох төлөвтэй байна.

-Модон хонин жил ямар жилтэй хүмүүст ээлтэй вэ, Ямар жилтнүүд анхаарал болгоомжтой байх вэ?

-Мэдээж хэрэг жил орж байгаа хүмүүс болон харш нохой, үхэр, луу жилтнүүд засал номоо хийлгэж анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Жил орогсод нь нас барагсдын яс барих, хурим хийх, хэл аманд орох зэргээс сэргийлж, анхаарал болгоомжтой байж гүрэм засал хийлгэх нь чухал.

Жил орсон хүн түй мандал өргөж, бурхан сахиус тахиж, Юмбай бэрэн дүйсүм, Сандуйнжүд, Улаан юм, Ширнэн дүдэг, Цэвэгмэдийн чого, Их манла, Дугар, Жанаггагдаг, Сундуй, Нанжид гэх мэт номуудаас аль тохирохыг уншуулна. Эр хүн жилээ угтах, эм хүн жилээ дагах нь байдаг тул анхаарч заслыг дагаж буюу угтаж хийлгэж байгаарай.

Мөн мэнгэ голлосон хүмүүс заслаа хийлгэх нь зүй. Одооноос заслаа хийлгээд эхлэх хэрэгтэй байх.

-Одооноос заслаа хийлгэх хэрэгтэй гэлээ. Манайхан шинийн 15-нд багтаж заслаа хийлгэж, номоо уншуулах гээд бужигнацгаадаг шүү дээ?

-Шинийн 1-15-нд заслаа хийлгэх ёстой гэсэн ойлголт манайханд байдаг. Ер нь багтаах нь ч зүйн хэрэг. Яагаад гэвэл энэ хугацаанд Их Чойнпрол хурдаг их сайхан ерөөлтэй өдрүүд байгаа юм.

Тэр сайхан ерөөлтэй өдрүүдэд сүм хийдүүдэд очсоноор тодорхой хэмжээний давтамжаар тухайн хүнд сайн сайхан зүйл, ерөөл шингэж байдаг. Энэ нь шинжлэх ухаанаар ч батлагдсан байдаг.

Гэтэл зарим хүнийг жил нь дагах, зарим нь угтаад байх тохиолдол байна л даа. Тэгэхээр дагах болон угтах эрсдэлээс сэргийлээд заслаа хийлгэж, номоо уншуулж байгаа юм.

Мөн шинийн 1-15-ны хооронд ажил төрөл нь амжихгүй, завгүй болчихсон тохиолдолд ч бас угтаад заслаа хийлгэхэд гэмгүй.

-Ярилцсанд баярлалаа.