Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Отгонцэцэг: Эсмеральдадаа бусдаас илүү хайртай

Б.Бат, Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 23
Өдрийн шуудан
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СТА Г.Отгонцэцэг

УДЭТ- ын энэ хаврын хамгийн сүүлийн уран бүтээл болох "Манекен" жүжгийн гол дур Верад тоглосон жүжигчин Г.Отгонцэцэгтэй уулзлаа.

-"Манекен" жүжгийг тун цөөхөн хоног тайзнаа тоглосон. Гэхдээ үзсэн хүмүүст таны Вера маш их таалагдсан байна билээ. Түм түчигнэж, бум бужигнасан их хотын Отгонцэцэг алс холын жижигхэн зөрлөгт аж төрдөг бүсгүй болоход хэр хэцүү байв?

-Ер нь амархан дүр гэж байдаггүй, бүгдээрээ л хэцүү- Ялангуяа жүжгийн ноён нурууг авч яваа гол дүр маш чухал. Дүрээ сайн судлаад, найруулагчтайгаа мөн хамтран тоглогчтойгоо маш сайн ойлголцох, хамгийн гол нь найруулагч энэ жүжгээр юуг харуулахыг хичээж байгааг гаргах үүрэгтэй.

-Тоглосон жүжгүүдээсээ аль дүрд нь илүү хайртай байдаг вэ?

-Би бүх дүрдээ хайртай, харам байдаг. Том жижиг ямар ч дүрийг бүтээхийн тулд жүжигчнээс маш их зүйл шаардаж, түүний сацуу бие, сэтгэл бүхий л зүйлээ зориулдаг. Гэхдээ зүгээр миний хувьд Виктор Хюгогийн "Парисын дарь эхийн сүм"-ийн Эсмеральда, мөн "Гоолингоо" дуулалт жүжгийн дүрдээ их хайртай.

Эсмеральдаг театрт ирээд удаагүй шинэхэн жүжигчин надад өгнө гэдэг Наранбаатар найруулагчийн хувьд бараг аз сорьсон эрсдэлтэй шийдвэр байсан байх. Гэхдээ надад хүлээлгэсэн итгэлийг алдахгүйн төлөө их хичээсэн. Харин "Гоолингоо"-гийн хувьд өөрөө цэвэр дуулалт жүжиг. Надаас бусад нь бүгд мэргэжлийн дуучид.

-Дуулж жүжиглэхийг давхар хийнэ гэдэг амаргүй байх?

-Гэхдээ би СУИС-ийг хөгжимт драмаар төгссөн анхны төгсөгч шүү дээ. Тийм болохоор сургуульд үзсэн багш нарынхаа зааж сургасан, театрт ирээд сурч мэдсэнээ "Гоолингоо"-гоор зэрэг шалгуулсан гэж болно.

-Уран бүтээлч болоод хамгийн анхны урмын үгийг хэнээс дуулж байв. Нэг үгээр одоо хэр нь дотрыг тань бүлээцүүлдэг халуун дулаан үг байдаг биз дээ?

-Миний багш Монгол Улсын гавьяат багш Уртнасан гэж хүний хэлснийг л дандаа санаж явдаг. Би Монголын хамгийн анхны хөгжимт театрын жүжигчний ангийг онц дүнтэй төгсөөд тайлан тоглолтоо хийж байсан юм. Тэгэхэд багш минь надад " Чи их сургуулийг амжилттай сайн төгслөө. Бид бүх зүйлээ харамгүй зааж сургалаа.

Харин одоо чи амьдралын их сургуульд хөл тавьж байна. Энэ бол чиний амьдралыг шийдвэрлэх чухал үе гагцхүү зөв алхаж л ороорой" гэсэн энэ үгийг би хэзээ ч мартдаггүй.

-Шантрах үе гарч байсан уу. Тийм зүйл тохиолдсон бол та хэрхэн даван туулсан бэ?

-Хүнд хэцүү зүйлийг давж туулаад ард нь гарчихсан хойно урам зориг, илүү их эрч хүчийг авсан байдаг. Одоо бодоход намайг шантрах үед дэм өгсөн хүн бол Уртнасан багш. Тэр хүн шулуун, шударга зантай, зэмлэл магтаал хоёрыг зэрэг хайрлаж чаддаг. Сургуулиа төгсөхдөө хийсэн тайлан тоглолтын үеэр үнэхээр шантармаар зүйл тохиолдсон.

Хүүхдийн ордонд тоглолтоо хийнэ гээд тасалбар нь ч зарагдаад дууссан байтал гэнэт манай ангийнхнаас хэсэг нь оролцохоо болилоо гэсэн. Уг нь бүгд орно гээд бүх зүйлээ бэлтгээд өнөө маргаашгүй болчихсон байтал гэнэт ийм шийдвэр гаргахаар яахаа мэдэхээ больдог юм билээ. Яг тэр үед манай багш "Миний охин битгий сэтгэлээр уна. Бүх юм сайхан болно.

Учир нь сайхан сэтгэлтэй, хүнд сайн санаж явдаг хүний ажил ямар ч зүйл тохиолдсон аяндаа бүтдэг юм. Миний охины тоглолт сайхан болно оо" гэсэн. Үнэхээр ч багшийн хэлсэнчлэн тоглолт маш сайхан болсон. Оролцохгүй гэж байсан ангийн хүүхдуүд маань ч ирээд.

-Тайзан дээр болж байсан хөгжилтэй явдлаас нууц биш бол уншигчидтай маань хуваалцаач?

-"Парисын дарь эхийн сүм"-д тоглож байх үед юм. Ханиад хүрээд хамраас ус гоожоод болохгүй мөн хэцүү байж билээ. Жүжгийн сүүлийн үзэгдэл болох Эсмаральдог дүүжилдэг хэсэгт аймаар их уйлах ёстой. Миний хамар ам битүү, нус нулимсандаа холилдоод хэцүү гэж яана. Тэгээд дүүжлэгдээд дээш өргөгдсөн чинь хамраас нус сугараад унахгүй юу. Тэгсэн манай жүжигчид, би ч өөрөө дотроо инээгээд л. Азаар үзэгчдэд царай харагдахгүй байсан. Азаар хөгжим чанга болохоор бидний инээж байгаа анзаарагдахгүй өнгөрсөн.

-Жүжигчний хувьд та яг ямар байхыг хүсдэг вэ?

-Миний хувьд бүх л төрлийн дүрд хувирч чаддаг яг л баримлын шавар шиг байхыг хүсдэг. Бүх зүйлд тоглож чаддаг байхыг хичээдэг.

Зураг