Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын төр дахин ийм алхам хийхгүй"

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 3
iKon.MN

Цагаатгалын комиссын дарга Л.Цог  94 настай Ж.Нямдарь, 100 настай Л.Ишжамц нарын гэрт очиж золголоо.

Эхлээд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж явсан 94 настай Ж.Нямдарь, түүний гэргий 88 настай Д.Дашдулам нарынд зочилж сар шинийн мэнд мэдэн, ирж буй жилдээ эрүүл энх, сайн сайхан байхын ерөөлийг дэвшүүлсэн.

Энэ үеэр тэрбээр Монголын төр дахин  ийм алхам хийхгүй гэдгийг хэллээ.

Жанлавын Нямдарийг 1965 оны 1-р сарын 12-ны өдөр МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын 16-р тогтоолоор Намын эсрэг бүлэглэсэн ажил явууллагад идэвхтэй оролцсон гэж ажлаас нь халж, тушаал бууруулж байжээ.

Дараа нь хэлмэгдэгчийн хүүхэд Л.Ишжамцийн гэрт нь очсон. Ишжамц нь өдгөө 100 насыг наслаж, Гандантэгчинлэн хийдэд “Гавж” хэргэмтэйгээр шавилан сууж байгаа билээ.

Түүний аав  Мандирын Лочин нь 1939 оны 02-р сарын 08-нд Хувьсгалын эсэргүү “Төв” хэмээх байгууллага, Гэндэн, Дэмид нарын эсэргүү байгууллагтай холбоотой Ховд, Увс аймагт байгуулагдсан эсэргүү бүлгэмийн гишүүн, орон нутагт эсэргүү үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчлагдан мөрдөгдөж байгаад суллагдсан байна.