Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн золголт боллоо

President.mn
2014 оны 1 сарын 31
iKon.MN

Билгийн тооллын XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08.00 цагаас  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны хөшөө,  Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд дараалан хүндэтгэл үзүүллээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирэхэд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар айлсан ирж байгаа морин жилийн өнгийг хэлэлцэж, улсын хэмжээнд өнтэй сайхан өвөлжиж, хүн зон амгалан тайван, мал сүрэг өсөн үржиж, хамгийн олон тоо толгойд хүрч, Архангай аймаг малынхаа тоогоор Монгол Улсдаа тэргүүлсэн талаар яриа хөөрөө дэлгэлээ.

Төрийн золголтын дараа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг эгшгийг тааруулж,Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээн төр, түмэндээ өргөх магтаал хайлав. Хан хуурын эгшиг дор Эх орон тусгаар тогтнол, эрхэм төр , есөн цагаан туг, алтан соёмбот далбаа, эцэг тэнгэр, эх газар, эзэн Чингис хаанаа аялгуулан магтаж хайлсны дараа

“Хамаг Монгол хагаан Чингисээ биширтүгэй.

Өрхт Монгол өрнөн дэвжиж хөгжтүгэй.

Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.

Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн дор мандан бадартугай” хэмээн ерөөж гурвантаа уухайлахад Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэр ерөөл бат сайхан орших болтугай. Их баярлалаа” гэлээ.

Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, морин жилийн өнгийг хэлэлцэв. Хамба нар ирж буй морин жилд монголчууд хийморь сүлд өөдөө, хөгжин бадрахын нигууртайг айлтгаж байлаа.